Худалдааны стандартууд гарын авлага
-
Боловсруулж, эмхэтгэсэн: Д.Адъяасүрэн /Гадаад худалдааны инженер, эдийн засагч/ Н.Отгонсайхан /Эдийн засагч/ Б.Эрдэнэчимэг /Бараа судлаач/
Оршил
Монгол Улсын үндэсний худалдааны эх үүсвэр эд хэрэглэгчдийн анхны Ардын харилцан туслалцах хоршоог 1921 оны 12 дугаар сарын 16-нд 116 гишүүнтэйгээр байгуулагдсанаар түүхэн суурь тавигдсан билээ.
Уг хоршоонд тухайн үеийн төр, нийгмийн зүтгэлтнүүд гишүүнээр элсэн улмаар улсаас санхүүгийн туслалцаа үзүүлэн хоршоо, худалдааг алхам алхмаар хөгжүүлж ирсэн түүхтэй. ”Ардын харилцан туслалцах хоршоо”-ны гол зорилго нь мал аж ахуй, ангийн гаралтай түүхий эдийг гадаад, дотоодын зах зээлд нийлүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг хөгжүүлэх, хүн амыг өргөн хэрэгцээний бараагаар хангах явдалд байсан юм.
Монгол Улсын худалдааны газар нь 1934 оны 4 дүгээр сард МонголЗөвлөлтийн хувь нийлүүлсэн худалдааны байгууллагуудын нэгтгэсэн суурь бааз дээр байгуулдсан байна. Мөн 1958 оны 11 дүгээр сард Худалдаа, бэлтгэлийн яамыг байгуулж, худалдаа, бэлтгэлийн асуудлыг бүхэлд нь хамааруулж, дэргэд нь эд хэрэглэгчдийн хоршооны залгамж-Худалдаа бэлтгэлийн ажилд туслах эд хэрэглэгчдийн нийгэмлэгийг сайн дурын үндсэн дээр байгуулжээ.
Худалдаа бэлтгэлийн яамны харъяанд бүх аймаг, хотын худалдаа, бэлтгэлийг удирдах газар, худалдаа, бэлтгэлийн бараа бааз, трест, анги, агент ажиллах болсон юм. Худалдааны байгууллагууд улам төгөлдөржиж 1970-1980 онуудад бөөний худалдааны нэгдэл, хүнсний болон гутлын бөөний худалдааны газрууд, бөөний худалдааны нэгдлийн дэргэд бүртгэлийн машинт станц бий болсон билээ.
Монгол Улсын Худалдааны салбар нь хүн амыг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр тогтвортой хангаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувийг эзэл дэг Монгол улсын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж буй томоохон салбар юм.