(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Force majeure, Hardship Гарын авлага


Ангилал: Хууль эрх зүй
2159
14

Хэрэглэгчээр заавал нэвтэрч уншина уу

  • МҮХАҮТанхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитр
    МҮХАҮТанхимын Хэрэглэгч, үйлчилгээний газар

    ӨМНӨХ ҮГ

    Францын иргэний хуулиас гаралтай, бизнесийн харилцаанд өргөн хэрэглэгддэг Force Majeure гэх ойлголтыг Монгол Улсын хууль тогтоомжоор гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал хэмээн нэрлэж, гэрээний үүрэг биелүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх үндэслэл буюу зүй ёсны эрсдэл гэх агуулгаар тодорхойлж, энэхүү нөхцөл байдал үүссэн эсэхийг гэрчлэх бүрэн эрхийг олон улсын жишиг ёсоор Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд олгож, хуульчилсан байна.

    Давагдашгүй хүчин зүйлийг COVID-19 цар тахлын жишээн дээр тодорхойлбол уг нөхцөл байдал нь 1) талуудын хүсэл зориг, хяналтаас гадуур болсон буюу энэхүү цар тахал бий болоход гэрээний аль нэг талын үйлдэл, эс үйлдэл ямарваа нөлөө, оролцоогүй 2) урьдчилан таамаглах боломжгүй буюу тахал бий болохыг талууд гэрээ байгуулах үед мэдэх, таах боломжгүй байсан, 3) урьдчилан сэргийлж, шинжлэн ухаан, техникийн ололтыг ашиглан даван гарах боломжгүй буюу вакцин гаргаж аваагүй нөхцөл байдал гэсэн үндсэн 3 шинжийг хангасан байна.

    Давагдашгүй хүчин зүйлийн ойлголт, агуулга нь гол төлөв иргэн, хуулийн этгээдийн гэрээний шинжтэй харилцаанд чиглэх боловч тухайлсан хууль тогтоомжид заасны дагуу захиргааны шинжтэй үйл ажиллагаанд ч мөн өргөн хэрэглэгддэг. Тухайлбал, газар эзэмших, ашиглах, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлт гаргахад хугацаа хэтрүүлэх, шүүх, арбитрт нэхэмжлэл гаргах, оролцох явцад хуулиар тогтоосон хугацааг хэтрүүлэх зэрэг нөхцөл байдал нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас бий болсон тохиолдолд хүндэтгэн үзэх үндэслэл хэмээн үзэж, тухайн үйлдлийг хийх нөхөн боломж олгохоор хууль тогтоомжид тусгалаа олжээ.'

    Манай улс ардчилал, чөлөөт зах зээлийн тогтолцоонд шилжсэнээс хойш гучаад жил өнгөрөхөд дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг хувийн сектор бүрдүүлж байгаа боловч хөгжингүй орнуудад хэвшил болсон зарим ойлголтыг, тухайлбал force majeure буюу давагдашгүй хүчин зүйлийн талаар бизнес эрхлэгчид тэр бүр мэдэхгүй, ажил хэрэгтээ хангалттай ашиглахгүй байгааг даруй халах шаардлагатай байна.

    Энэхүү гарын авлагыг хэвлэн гаргаж буй 2020 онд дэлхий нийтийн нийгэм, эдийн засгийн амьдралд ноцтой хохирол дагуулсан COVID-19 цар тахал гэх давагдашгүй хүчин зүйлийн тод жишээ үргэлжилж, хувь иргэнээс бизнесийн байгууллага, төр улсын түвшинд эмх цэгцтэй, оновчтой бодлого, сахилга бат шаардаж байна. Үүнээс давагдашгүй хүчин зүйл гэдэгт юуг ойлгох тохиолдлыг гэрээнд тоочих уламжлалт байдлаас гадна тухайн тохиолдол нэгэнт бий болсон бол түүний үр дагаврыг хэрхэн зөв зүйтэй арилгах, зохицуулахыг гэрээнд заавал тусгаж байх шаардлагатай нь харагдана.

    Таныг бизнесийн эрсдлээ илүү оновчтой тооцоолж, удирдахад энэхүү гарын авлага бага ч болов тус болно гэдэгт найдаж байна.

    Энэхүү гарын авлагыг хэвлүүлэн гаргахад туслалцаа үзүүлсэн EХ-ны “Монголын худалдааг дэмжих төсөл” /EU-TRAM/-ийн хамт олонд гүн талархал илэрхийлье.

    ХҮНДЭТГЭСЭН,

    ДАРГА Т.ДҮҮРЭН

Force majeure, Hardship Гарын авлага
Бусад ном