(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Тендерт оролцогчид хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой байр суурь, саналаа илэрхийллээ

2021/10/28 0

Сангийн яам, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин, Сангийн яамны албаны бусад хүмүүс болон тендерт оролцогч оролцогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл цахимаар болон танхимд ирж оролцлоо.

Хэлэлцүүлгийн нээлтийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Тендерийг сонгон шалгаруулахдаа чанар биш үнийн дүнг харгалздаг нийтлэг байдалд бизнес эрхлэгчдийн зүгээс санал, шүүмжээ илэрхийлсээр ирсэн. МҮХАҮТ-аас эрхлэн гаргадаг Бизнесийн орчин 2020 судалгааг хот, хөдөөгийн 4075 аж ахуйн нэгжээс авсан. Судалгааны дүнд төрийн худалдан авах ажиллагаа буюу тендерийн ил тод байдал болон Төрийн худалдан авалтад оролцох боломж, шударга байдал үзүүлэлтүүд дунджаас доогуур үзүүлэлттэй гарсан. Мөн судалгаанд оролцогчид Тендерийн хууль эрх зүйн орчныг хангалтгүй гэж дүгнээд, ихэнх нь хууль эрх зүйн орчныг зөв болгох шаардлагатайг дурдсан” гэлээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 2005 онд батлагдаж, нийт 21 удаа өөрчлөлт орсон, харин энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд ямар өөрчлөлтүүдийг тусгасан талаар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул танилцуулав. Шинэчилсэн найруулгын төсөлд тендерийг шалгаруулахдаа технологийн дэвшилд тулгуурлан хүний оролцоог бууруулах, худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэл шатыг цахим системээр зохион байгуулах, ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжих, худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгажээ.

Төрийн хөрөнгө оруулалт хугацаандаа хийгдээгүйгээс шалтгаалж аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээний хохирол амсдаг учраас төр хөрөнгө оруулалтаа хугацаанд нь хийгээгүй тохиолдол ямар хариуцлага хүлээх талаар зохицуулалт оруулах, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд захиалагч 100 хувь эрх эдэлж, гүйцэтгэгч 100 хувийн үүрэг хүлээж байгааг өөрчилж, талууд эрх, үүргээ тэнцүү хүлээх, мөн гүйцэтгэлийн баталгааг арилжааны банканд ямар ч хүүгүйгээр байршуулдаг ч төслөө хэрэгжүүлэхээр банкнаас хүүтэй зээл авдаг жишгийг өөрчлөх, бага үнийн саналаар тендерт шалгаруулдаг тогтолцоог эргэж харах хэрэгтэй зэрэг саналуудыг хэлэлцүүлэгт оролцогчид хэлж байлаа.

Түүнчлэн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж олон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл учирсан учраас өртэй аж ахуйн нэгжийг тендерт оролцуулахгүй гэсэн заалтыг өөрчилж, уян хатан болгох шаардлагатайг ч онцоллоо.

Хуулийн төслийг Сангийн яамны цахим хуудас, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэн байгаа бөгөөд сонирхсон хүн танилцаж, саналаа өгөх боломжтой аж.