(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-аас Монгол Улсын 2022 оны Улсын нэгдсэн төсвийн төсөлд санал хүргүүллээ

2021/10/27 0

МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛ

Санал зөвлөмж

МҮХАҮТ нь Монгол Улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулдаг бизнесийн байгууллагуудын гол төлөөллийн хувьд төсөвтэй холбоотой саналыг УИХ-д жил бүр хүргүүлж ирсэн. МҮХАҮТ-аас Монгол Улсын 2022 оны төсвийн төслөөр энэ чиглэлийн судлаач, эдийн засагчдыг оролцуулан 10 дугаар сарын 13-ны өдөр хэлэлцүүлэг хийж санал бодлыг сонссон. Мөн Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Улсын төсвийн 2022 оны баримт бичигт шинжилгээ хийж, хэлэлцүүлгээс гарсан саналуудыг тусган санал зөвлөмжийг хүргүүллээ.

ДҮГНЭЛТ

Монгол Улсын 2022 оны төсвийн баримт бичигт төсвийн бодлогыг “Хөгжлийн төсөв” гэж тодорхойлон түүнийг хэрэгжүүлэх арга замыг төсвийн бодлого, тоон үзүүлэлтүүдэд тусгасан, төсвийн зардлын хувьд харьцангуй шинэлэг бодлогыг хэрэгжүүлэхийг хичээсэн, төсвийн хөрөнгө оруулалтын бодлогыг зөв харж тодорхойлсон зэрэг эерэг зүйлүүд харагдаж байгаа ч сүүлийн жилүүдийн улсын нэгдсэн төсвийн төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах явцад гарч байсан хууль эрх зүйн тогтворгүй байдал, эдийн засгийн өсөлтөд чиглэхээс илүү сонгуулийн тогтолцооноос үүдсэн хөрөнгө оруулалтын хуваарилалт зэрэг нийтлэг асуудлууд энэ удаа бас давтагдан гарч байна. 

Монгол Улсын 2022 оны Улсын төсвийн төслийн хувьд Засгийн газрын зүгээс эдийн засаг, нийгмийн суурь нөхцөлийг цар тахлыг бүрэн даван туулсан, цар тахлын дараах нөхцөл байдалд ажиллах байдлаар төсөөлсөн нь томоохон эрсдэлийг бий болгохоор байгаа бөгөөд дараах анхаарал татсан асуудлууд байна. Үүнд:

  1. Сангийн яамны зүгээс 2022 оны эдийн засаг, нийгмийн амьдрал бүрэн хэвийн байдалтай гэж төсөөлсөн төсөөллийн дор хөгжлийн төлөвлөгөө, 10 их наядын хөтөлбөр, төсвийн оролцоотойгоор эдийн засаг 5 хувийн өсөлттэй гарна гэж таамагласан нь зөрчилтэй байна. 
  2. Төсвийн орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд нь өмнөх жилүүдийн төсвийн баримтад тусгагдсан арга хэмжээнүүд үргэлжлэн давамгайлсан байгаа нь ямар үр дүнд хүрэх нь эргэлзээтэй байна. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүд, үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг сайжруулснаар ганц жилийн дотор их хэмжээний орлого олох боломж маш бага юм.
  3. Төсөв өндөр тэлэлттэй, алдагдал их, төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах асуудал эхлэлийн төдий байна.
  4. Төсвийн баримт бичигт байгаа Өрийн эмзэг байдлын шинжилгээгээр 5 үзүүлэлтийн 3 нь аюултай түвшнийг аль хэдийн давсан байгаа ч өрийг их хэмжээгээр нэмэгдүүлэх төсөв хийсэн байна. 
  5. Төсвийн хөрөнгө оруулалтын бодлого сайжирсан боловч агуулгын хувьд томоохон өөрчлөлт гарч чадсангүй. Энэ нь өмнөх жилүүдийн хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас шалтгаалсан байж болох ч их хэмжээний шинэ хөрөнгө оруулалтуудыг тусгасан, түүнийг эрэмбэлсэн байдал нь эргэлзээтэй байна. Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах асуудал нь чухал боловч энэ нь шинжлэх ухаанч судалгаа тооцоонд үндэслээгүй бөгөөд төсвийн хөрөнгө оруулалтыг тарамдуулж, үр ашиггүй болгох эрсдэлтэй байна.
  6. Хуримтлалтай хүүхэд гэсэн бодлогоор хүүхдийн мөнгийг халамжийн хөтөлбөрөөс хасч, ирээдүйн өв сангийн хэлбэрт шилжүүлснээр хүүхдийн мөнгө хэвээр үлдэж, ирээдүйн өв санд төвлөрдөг мөнгө байхгүй болж байна. Хүүхдийн мөнгө нь санхүүгийн дутагдалтай хүүхдүүдийг өнөөдөр сайн сайхан өсгөх зориулалттай бол Ирээдүйн өв сан нь уул уурхайн салбарын одоогийн орлогоос тодорхой эрсдэлийг хамгаалахын тулд ирээдүйн эдийн засгийн өсөлтөд хадгалах зорилготой учраас ялгаатай хоёр бодлогыг нэгтгэсэн харагдаж байна. 
  7. Нийгмийн халамжийн чиглэлд чанарын том өөрчлөлт гараагүй байна. 

САНАЛ ЗӨВЛӨМЖ 

Монгол Улсын 2022 оны төсвийн баримт бичиг, өмнөх жилүүдийн төсвийн гүйцэтгэл, эдийн засгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж эдийн засагчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсний дүнд дараах санал зөвлөмжүүдийг гаргаж байна. Үүнд:

Ерөнхий санал зөвлөмж:

  1. Улсын нэгдсэн төсвийн төслийн боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах шатанд гарч байгаа нийтлэг асуудлууд сүүлийн жилүүдэд давтагдаж байгааг онцгой анхаарч төсвийн хууль эрх зүйн орчны тогтвортой байдлыг хангах 
  2. Төсвийн бодлого, мөнгөний бодлого нь ирэх нэг хоёр жилийн биш дунд урт хугацааны үр дагавартайг анхаарч, макро эдийн засгийн үр дагавар бага байх зөв бүтэц агуулгатай төсөвтэй болох, төсвийн хүрээний мэдэгдлийг Засгийн газар өөрөө биш УИХ-ын харъяаны байгууллага эсвэл хараат бус хөндлөнгийн судлаачдаар тогтоолгож баталдаг болох
  3. Төсөв, мөнгөний бодлогоор засагдахгүй суурь асуудлуудыг шийдэхэд чиглэсэн Бүтцийн өөрчлөлтийн бодлогыг боловсруулан гаргаж хэт тэлдэг үрэлгэн бүтцийг нийтэд нь өөрчлөх, төсвийн бодлогыг хөгжлийн бодлоготой уялдуулах зохицуулалтыг бий болгох
  4. Хөрөнгө оруулалтын удирдлага болон төсөл сонголтыг сайжруулах, хөрөнгө оруулалтын үр ашигтай байдлыг хангахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх
  5. Төсвийг боловсруулах ба төсвийн хуулийн хэлэлцүүлгийн үйл явцад Хууль тогтоомжийн тухай хуулийн тодорхой зарим шаардлагыг мөрдүүлэх болон төсвийн төслийг тодорхой хязгаартайгаар хэлэлцүүлэг хийх зохицуулалтыг бий болгох, бие даасан судлаач, эдийн засагчдын саналыг авдаг болох, цахим платформын тусламжтай олон нийтийн оролцоог хангадаг байх 
  6. Түүнчлэн төсвийн төлөвлөлтийн аудит хийдэг механизмыг бий болгох ба батлагдсан төсөв дээр гүйцэтгэлийг мөшгөдөг болох

    2022 оны төсөвт хамаарах санал зөвлөмж:
     
  7. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлага, эрсдэлийг тооцоолох замаар төсвийн төлөвлөлтийг сайжруулах
  8. Төсвийн орлогыг бүрдүүлэх үндсэн зорилгуудын хэрэгжилтэд учрах эрсдэлүүдийг үнэлэн, орлогыг хэрэгжихүйц байдлаар төлөвлөх
  9. Төсвийн тэлэлт, орлого, зардлын хэт өсөлтийг хязгаарлан төсвийн алдагдлыг бодитойгоор бууруулах
  10. Төсвийн хөрөнгө оруулалтыг эргэн харж эрэмбэлэн, шаардлагагүй хөрөнгө оруулалтаас татгалзах
  11. Төсвийн алдагдлыг бууруулах замаар Засгийн газрын өрийг нэмэгдүүлэх хэмжээг багасгах, өрийн эмзэг үзүүлэлтүүдэд онцгой анхаарал хандуулах
  12. Нийгмийн халамжийн чиглэлд чанарын том өөрчлөлт гаргах, халамжаас хөдөлмөрт шилжих дорвитой шинэчлэл, арга хэмжээг төлөвлөх
  13. Хүүхдийн мөнгө ба Ирээдүйн өв сан гэсэн хоёр өөр зорилго агуулгатай асуудлыг нэгтгэх нь зохистой эсэхийг эргэж харах, хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх эсвэл хэрэглээнд хязгаарлалт хийх замаар хүүхдэд зориулах нөхцөлийг бүрдүүлэх
  14. Төрийн үйлчилгээг үр дүнд суурилсан хэлбэрт шилжүүлэхэд гарах үр дагаврыг тооцох, хэрэгжилтийг хангах асуудлыг нарийн тодорхойлох
  15. Улсын төсвийн Хөгжлийн төлөө нэр зорилго, чиглэл, арга хэмжээний хэрэгжилтийн асуудал нь Монгол Улсын хувьд ихээхэн анхаарах зүйл бөгөөд хэрэгжилтийн түвшин дэх дүрэм, журам, хяналтын үр дүнтэй механизмыг бий болгох