Хүнд суртлын индекс ба өртөг

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас бизнесийн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор бизнесийн орчинтой холбоотой судалгаа, шинжилгээг тогтмол хийдэг билээ. 2004 оноос эхлэн тогтмол явуулж буй бизнес эрхлэгчдэд төрийн үйлчилгээ авахад тулгарч буй хүндрэлийг тодруулдаг Хүнд суртлын индекс судалгааг 20 дахь жилдээ хийлээ. 2024 оны судалгааг НҮБ-ын ОУХБ-тай хамтран асуулга, аргачлалыг шинэчлэн ажилласнаараа онцлогтой байлаа.
Судалгааны товч үр дүн:
2024 оны “Хүнд суртлын индекс” судалгааны дүнгээр төрийн байгууллагын хүнд суртлын ерөнхий үнэлгээ 2.85 гарч, 2021 оныхоос 0.13 нэгжээр сайжирсан ч 2018 оны түвшинд хараахан хүрээгүй дүнтэй байна.
Энэ оны судалгаагаар төрийн байгууллагууд хоорондын ажлын уялдаа холбоо, бизнестэй холбоотой бодлого, хууль, дүрэм журам, шийдвэр гаргах үйл явцад бизнес эрхлэгчдийн оролцох боломж хязгаарлагдмал байна гэж үзэж бизнес эрхлэгчид муугаар үнэлжээ.
Харин сүүлийн жилүүдэд төрийн үйлчилгээг цахимжуулах үйл явцын нөлөөгөөр төрийн албан хаагчдын ёс зүй, харилцаа, хандлагын үнэлгээ сайжирч байна гэжээ.
Бизнес эрхлэгчид төрийн үйлчилгээ авахад зарцуулж буй хугацаа, тухайн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл ойлгомжгүй, хүртээмжгүй байгаад анхаарах шаардлагатай гэсэн байна.
МҮХАҮТ-ын зүгээс энэхүү судалгааны үр дүнд үндэслэн цаашид бизнестэй холбоотой төрийн үйлчилгээг илүү уян хатан, үр ашигтай болгох чиглэлд зөвлөмж боловсруулан МҮХАҮТ-ын байр суурийг бэлтгэн УИХ, Засгийн газарт хүргүүлэн ажиллаж байна.
МҮХАҮТ-аас энэхүү судалгааны үр дүн, санал, зөвлөмжид үндэслэн бодит арга хэмжээ, шийдэл гаргах чиглэлд төрийн байгууллагуудад сануулан, анхаарал хандуулан манлайлан ажиллах болно.
