ТОП100 ААН 2019
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 19 дахь жилдээ анх удаа цахим хэлбэрээр зохион байгууллаа.
Цахим арга хэмжээг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ 2020 он бол бид бүхний хувьд туйлын өндөр сорилттой жил болж байна. Монголын эдийн засгийг нуруун дээрээ үүрч, Монголын хөгжлийг түүчилж байгаа та бүхэнд ТОП 100 ААН-д эрэмбэлэгдсэнд МҮХАҮТ-ын зүгээс халуун баяр хүргэж, эдийн засгийн сорилыг төр засагтай хамтран хамтдаа даван туулъя гэж уриаллаа.
ТОП100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, Гааль болон Татварын ерөнхий газар, НДЕГ, Улсын бүртгэл, Статистикийн үндэсний хороо болон МҮХАҮТ-ын төлөөллүүд хамтарсан Ажлын хэсгийн албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг.
2019 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх онтой харьцуулахад 3.4 их наядаар өсч, 34.3 их наяд хүрсэн нь ДНБ-ий 93 хувь, төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 54 хувиар өсч, 6.3 их наяд төгрөгт хүрсэн нь татварын нийт орлогын 65 хувьд хүрсэн үзүүлэлттэй байна.
2018 онд ТОП 100 ААН-ийн төлсөн татвар нь татварын нийт орлогын 50 хувийг эзэлж байсан бол 2019 онд энэ үзүүлэлт 15 хувиар өссөн. Эдгээрт ажиллагсадын тоо 6 мянгаар нэмэгдэж 89 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8 хувьтай тэнцэж байгаа ба нийт нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын 27 хувийг бүрдүүлсэн байна.