(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Иннопром-2021” олон улсын аж үйлдвэрийн үзэсгэлэнд оролцохыг урьж байна

2021/07/05 --> 2021/07/08

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын хуучнаар /Свердловск/ одоогийн Екатеринбург хотноо энэ оны 7 дугаар сарын 06-09-ний өдрүүдэд “Иннопром-2021” Евро-Азийн хамгийн томд тооцогдох үзэсгэлэн зохион байгуулагдах гэж байна. 

Екатеринбург хот нь Уралын холбооны тойргийн болон /Свердловск/ мужийн засаг захиргаа, соёл, боловсрол, шинжлэх ухааны төв хот бөгөөд Москва, Санкт-Петербург, Новосибирск хотуудын дараа хүн амын тоогоор 4-рт ордог 1.5 сая хүн амтай улс орныхоо 15 -н саятан хотын нэг юм. Тус хот нь хүнд машин, тоног төхөөрөмж, төмөрлөгийн үйлдвэр, олон улсын нисэх онгоцны буудалтай ба Транс-Сибирийн төмөр зам, холбооны 6 авто замтай юм.

“Иннопром-2019” -ийн түнш-орноор Турк Улс тодорч, “Цахим үйлдвэрлэл: нэгдмэл шийдэл” сэдэв дор явагдсан. Тус үзэсгэлэнд 107 орноос зочид төлөөлөгчид ирж оролцсон бөгөөд 50 мянган хүн үзэж танилцжээ. 2019 оны энэхүү үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зочилсон бөгөөд 600 гаруй аж үйлдвэрийн компанийн инновацийн шилдэг бүтээлүүд тавигдсан байна. Турк Улсаас 45 компани  төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтжээ. “Иннопром 2019” -ийн хүрээнд 160 бизнес-арга хэмжээ болж, цахим үйлдвэрлэл, инноваци ба үйлдвэрийн шинэ материал, хотын технологи, аж үйлдвэрийн робот техник ба логистик гэсэн сэдвүүд хэлэлцүүлгийн гол чиглэл болсон байна.

“Иннопром-2020” нь цар тахлын улмаас “Олон Улсын Аж үйлдвэрийн марафон Innoprom Online” хэлбэрээр зохион байгуулагдсан. 

“Иннопром-2021” Цар тахлын нөхцөл байдлаас үл хамаарч 11 дэх удаагийн ээлжит үзэсгэлэнгийн арга хэмжээг Екатеринбург хотноо 2021 оны 7 дугаар сарын 06-наас 09-ны хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг эхэлсэн байна. Энэ жилийн Иннопром-2021 үзэсгэлэн нь “Уян хатан үйлдвэрлэл” сэдэв дор зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Энэ оны түнш-орноор Итали Улс тодорсон байна.

Итали Улс нь Европын Холбооны Улсын тэргүүлэх эдийн засаг бүхий улс бөгөөд ОХУ-ын гадаад худалдааны гол түншлэгч орны нэг юм. Түншлэгч Итали улс өөрийн үйлдвэрлэлийн ололт амжилт, шинэлэг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын боломж, улс орнуудын цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тус арга хэмжээний үеэр танилцуулах болно. Италийн 100 гаруй компани энэхүү үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд оролцох хүсэлтийг ирүүлсэн байна. 

“Иннопром-2021” Олон улсын үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагчид, худалдан авагчидтай нүүр тулан танилцаж, хамтран ажиллах талаар санал солилцох, ОХУ-ын төрийн эрх байгууллагуудын төлөөлөлөл, үйлдвэр, компаниудын удирдлага, интеграторууд, хөгжлийн байгууллагуудын оролцоотой сэдэвчилсэн хэлэлцүүлэгт хамрагдах, тэргүүлэх хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагаа, бараа, бүтээгдэхүүн талаар сурталчлах зэрэг боломжтой. 

Дээрхи Иннопром-2021 Олон улсын үзэсгэлэнд Монгол улсын үндэсийн үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүн, компаниудыг оролцуулах талаар Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга бөгөөд Шадар сайдын түвшинд санал тавьсны хүрээнд ОХУ-ын Аж Үйлдвэр худалдааны яамнаас урьдчилсан байдлаар манай талаас оролцох боломжтой үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний жагсаалт бүтээгдэхүүний БТКУС код, буюу барааны ангиллын HS CODE-ыг гаргаж өгөхийг хүссэний дагуу урьдчисан бүртгэл эхэллээ. 

Бүртгэлд ирүүлсэн аж ахуй нэгжүүдийн тоо, бараа бүтээгдэхүүний тоог үндэслэн талбай түрээсийн үнийг хямдруулах, хөнгөлөх асуудлыг ОХУ-ын талтай хэлэлцэх юм.

Жич: Иннопром-2021-д олон улсын үзэсгэлэнд Монгол улсын талаас оролцох тохиолдолд тухай үед нь зардлын мэдээллийг дэлгэрэнгүй гаргах болно.      

Бүртгэлийн хугацаа: 2021.04.08-04.20 хооронд 
Бүртгэлийн хуудас, ОХУ-ын талаас ирүүлсэн талбайн түрээсийн үнэ, үзэсгэлэнгийн ерөнхий мэдээллийг тус тус хавсаргав: 

Холбоо барих:

Хариуцах ажилтан: МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын мэргэжилтэн Д.Ууганбаатар
Цахим шуудан: exhibition@mongolchamber.mn, uuganaa9009@gmail.com 
Цахим хуудас: www.mongolchamber.mn
Утас: 976-77277070 /4/
Гар утас: 976-99915000