(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Худалдааны салбарын бүтээлийн танилцуулга өдөрлөг боллоо

2021/12/16 0

1921 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буюу 100 жилийн өмнөх энэ өдөр Ардын харилцан туслалцах хоршоог үүсгэн байгуулсан нь Монгол Улсад орчин цагийн худалдааны салбар үүсэх эхлэл болсон гэж үздэг. Орчин цагийн худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд баримтат кино, шуудангийн марк, гэрэл зургийн үзэсгэлэн болон “Монголын худалдааны түүхэн сургамж” номын нээлтийн арга хэмжээ МҮХАҮТ-д зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд холбогдох албаны хүмүүсээс гадна салбарын үе үеийн ахмадууд, ажиллагсад, бусад зочид төлөөлөгчид оролцов.

“МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ САЛБАР 100 ЖИЛ” БАРИМТАТ КИНО:
Баримтат киноны зохиогчоор Худалдааны гавьяат ажилтан, доктор, профессор А.Шагдарсүрэн, ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нагнайдорж, ерөнхий зураглаачаар Соёлын тэргүүний ажилтан Ц.Бухаа ажиллаж, “Хасу фильм”-ийн уран бүтээлчид бүтээжээ. 60 минут үргэлжлэх баримтат киног бүтээхэд “Номин холдинг” ХХК дэмжиж ажилласан байна. Архиваас худалдааны салбартай холбоотой материалуудыг шүүж, цуглуулахад цаг хугацаа их зарцуулсан, Монголын худалдаа, дэлхийн худалдаатай хэрхэн хөл нийлүүлж байгааг энэхүү бүтээлээрээ харуулахыг зорилоо гэж ерөнхий найруулагч Б.Нагнайдорж хэллээ.

“ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН 100 ЖИЛ” СЭДЭВТ ШУУДАНГИЙН МАРК:
“Худалдаа, үйлчилгээний салбарын 100 жил” сэдэвт шуудангийн маркийн анхны өдрийн нээлт боллоо. Энэхүү марк нь Монгол шуудангийн 1090 дэх марк бөгөөд 11 мянган ширхэг, анхны өдрийн дугтуй нь 1100 багц хэвлэгдсэн байна.
Маркийг Зураач Баярхүү, дизайнер Ганхуяг нар бүтээжээ.

“МОНГОЛЫН ХУДАЛДААНЫ ТҮҮХИЙН СУРГАМЖ” НОМ:
Монгол Улсын Гавьяат эдийн засагч, эдийн засгийн ухааны доктор Б.Шаравсамбуу худалдааны салбарын түүхийн үйл явц, хөгжлийн үеүүдийг багтаасан “Монголын худалдааны түүхийн сургамж” номыг зохиожээ. Уг ном нь таван хэсэг, 18 бүлэг, 90 зүйлтэй бөгөөд номонд хүн төрөлхтөн худалдаа хийж эхэлсэн үйл явцаас эхлэн БНМАУ-ын дотоод худалдаа, гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, зах зээлийн үеийн Монгол Улсын дотоод, гадаад худалдаа, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байна.

Ийнхүү өнгөрсөн 100 жилд худалдааны салбарт гарсан ололт амжилтыг үзүүлсэн бүтээлүүд олны хүртээл боллоо. Гадаад худалдааны хувьд хамгийн том ололт нь Монгол Улс 1997 онд дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элссэн түүхэн үйл явдал зүй ёсоор тооцогдож байгаа бөгөөд 2021 оны эхний 10 сарын байдлаар манай улс 15 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийгээд байна.