(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Компанийн нийгмийн хариуцлагын хамтын үзэл баримтлалыг танилцуулав

2021/12/14 0

МҮХАҮТ-ын дэргэдэх Компанийн нийгмийн хариуцлагын (КНХ) зөвлөлөөс Монгол Улсын тогтвортой хөгжил, нийгмийн сайн сайхны төлөө ялангуяа дэлхий дахинд үүсээд буй цар тахлын үед болон түүний дараах орчинд хариуцлагатай бизнесийг тууштай хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх нэгдмэл зорилгын хүрээнд “КНХ-ын хамтын үзэл баримтлал”-ыг боловсруулсан бөгөөд энэхүү үзэл баримтлал, олон улсын чиг хандлага, сайн туршлагыг олон нийтэд таниулах зорилгоор нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт Улаанбаатар хот, 21 аймгийн салбар танхимууд, орон нутгийн бизнес эрхлэгчид өргөн хүрээнд оролцлоо. Хэлэлцүүлгийн нээлтийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан “Дэлхий дахинд аливаа компанийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн нийгэм, байгаль орчинд төдийгүй засаглалын хувьд ажилтнууд, бусад оролцогч бүх талуудад ээлтэй байна гэсэн цогц тал руу шилжиж, нээлттэй байдлыг улам ихээр шаардаж байна. Иймд КНХ-ын чиг хандлага, сайн туршлагуудыг таниулах, мэдлэг туршлагаа солилцох, улмаар зөв ойлголтыг нийт бизнес эрхлэгчид төдийгүй олон нийтэд таниулан сурталчлах, энэ тал дээр нэгдэн ажиллах боломжийг бий болгох зорилгоор тус зөвлөлийн үйл ажиллагааг улам өргөжүүлэхээр ажиллаж байгаа”-г онцоллоо.

МҮХАҮТ-ын дэргэдэх КНХ-ын зөвлөлийн дарга Ж.Сүнжидмаа “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилсан аливаа бизнес, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа өнөөгийн байнгын хувьсан өөрчлөгдөж буй зах зээл, нийгмийн орчинд урт хугацаанд тогтвортой оршин тогтнож, мөн бусдаас илүү өрсөлдөхүйц байж чадна” гэв. “Мөн бүтээлч, хариуцлагатай бизнесийг үндэсний хэмжээнд хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэхэд манай томоохон компаниуд хамтран манлайлах нь ихээхэн чухал. Ийм ч учраас КНХ-ын зөвлөлийн зүгээс КНХ-ын хамтын үзэл баримтлалыг боловсруулж, олон нийтэд танилцуулж байгаа нь ихээхэн чухал алхам болж байна” гэж тэрээр тодруулж хэлэв.

Хэлэлцүүлгийн үеэр Монголын Тогтвортой хөгжил, Нийгмийн хариуцлагын зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга, ХБНГУ-ын Шпайрын Төрийн захиргааны Их Сургуулийн докторант О.Батболд “КНХ-ын сайн туршлагууд: Герман болон Монгол Улс дахь туршлага, хүчин чармайлтууд”, Хил Хязгааргүй Алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан “Бизнесийн үйл ажиллагааны нийгмийн нөлөөллийн үнэлгээ: Эрдэс баялгийн болон дэд бүтцийн салбарын жишээ” сэдвийн хүрээнд танилцуулга хийж, бизнес эрхлэгчидтэй нээлттэй санал солилцлоо.

МҮХАҮТ-ын дэргэдэх КНХ-ын зөвлөл КНХ-ын хамтын үзэл баримтлалыг олон улсын сайн жишээн дээр үндэслэн, өөрийн орны бизнес, хувийн хэвшлийн хөгжлийн онцлогийг харгалзан боловсруулсан. Тус үзэл баримтлал нь эдийн засгийн хөгжилд түүчээлэх; сайн засаглалыг түгээн дэлгэрүүлэх; нийгмийн хөгжил, байгаль хамгаалах үйлсэд хамтрах, манлайлах гэсэн үндсэн 3 гол чиглэл бүхий нийт 9 зарчмаас бүрдсэн. КНХ-ын энэхүү цогц үзэл баримтлалыг нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон бизнесийн төлөөллүүд сайшаан хүлээж авлаа. КНХ-ын зөвлөлөөс энэхүү үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд нийт аж ахуйн нэгжүүдийг идэвх, санаачилгатай оролцохыг уриалж, бүрэн дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Өнөөдрийн хэлэлцүүлгээс гарсан бусад тодорхой санал санаачилгыг КНХ-ын зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллана. Уг зөвлөлд нэгдэн ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүд доорх хаягаар холбогдоно уу.

Холбоо барих:

МҮХАҮТ-ын дэргэдэх Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөл
Утас: 77277070/36/
Цахим шуудан: project@mongolchamber.mn