(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Кластерчилсан хөгжлийн санаачилга” уулзалт боллоо

2021/12/09 0

МҮХАҮТ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний олон улсад өрсөлдөхүйц нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын байгууллагууд, холбогдох төрийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд гоо сайхны, торомны ноос, сарлагийн хөөврийн, чацарганын, арьс ширний болон самрын кластерийг байгуулаад байна. Эдийн засгийн салбаруудыг кластераар хөгжүүлэх боломж, давуу тал, ХБНГУ-ын кластерчилсан хөгжлийн тэргүүн туршлага, Монгол Улсад хөгжүүлж буй кластерүүдийн сайн туршлагаас хуваалцах “Кластерчилсан хөгжлийн санаачилга” уулзалт зохион байгуулагдлаа.

Уулзалтад төрийн болон олон улсын байгууллагын төлөөллүүд, бизнес эрхлэгчид танхим болон цахимаар оролцов. Уулзалтыг нээж хэлсэн үгэндээ МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан Кластерчилсан хөгжил нь эдийн засгийн хөгжлийг дэмжих үр дүнтэй хэрэгсэл болж, хөгжлийн шинэ чиг хандлага болж байгааг онцлоод эдийн засгийг кластераар хөгжүүлэхэд төр-хувийн хэвшил хамтын оролцоо чухал гэлээ.

Эдийн засгийн зөвлөх, Лайбницын эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судлаач Вольфганг Дюрих илтгэлдээ Германд 500 гаруй бүс нутгийн кластер санаачилгууд болон сүлжээнүүд байдгаас 370 орчим технологид чиглэсэн кластерийн байгууллага, тэргүүлэх кластеруудын хувьд идэвхтэй, талуудын оролцоо маш сайн, хамтын стратегиа сайтар баримталдаг зэрэг онцлогтойг танилцуулав. Түүнчлэн Кластер нь өндөр технологийн салбаруудаас гадна бусад аж ахуйн нэгжүүдэд бас хамааралтай бөгөөд дотоод зах зээлд өргөжин тэлэх хүсэлтэй компаниудад ч тохиромжтой гэх дүгнэлтийг хэлэв.

Дэлхийн банкны Экспортыг дэмжих төслийн зүгээс соёлын бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй тэргүүтэй салбарт дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн юм.

Pro Value төсөл: Увс аймаг дахь чацарганын кластерийн үйл ажиллагааны талаар МҮХАҮТ-ын Увс аймаг дахь салбар танхимын дарга С.Сэржим, Монгол Улсын Засгийн газраас кластерчилсан хөгжлийн чиглэлээр баримталж буй бодлогын талаар ЖДҮГ-ын Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Зөгийн балны кластер байгуулах санаачилгын талаар Жайка ОУБ-ын эксперт Нишияма Акиёо танилцууллаа.

Мөн энэ үеэр эдийн засгийг төрөлжүүлж, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахуйц кластерийн хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.