(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

2021/12/02 0

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо “Хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, ахмад настны хөгжил, хамгааллыг дэмжих, залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнуудад ээлтэй хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх”-д хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд хүний эрх, хөгжил, хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтийг ханган ажиллах юм.

ХНХ-ийн сайд А.Ариунзаяа “1981 оноос хойш тэмдэглэн өнгөрүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан тусгайлсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах, хөдөлмөрлөх, амьдрах таатай орчныг бүрдүүлэх санамж бичгийг байгуулж байгаа нь цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн арга хэмжээ болж байна” гэж хэлээд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна ажилтнуудын хувь хүний хөгжил, гэр бүл, хүүхэд хамгааллыг ч тухайн ажилтнаараа дамжуулан хүргэх үйл ажиллагааг эхлүүлэх цэг болж байгааг онцлов.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Санамж бичгийг ажил хэрэг болгоход ХАҮТ-ын зүгээс өндөр үүрэгтэй оролцохоо илэрхийлээд хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, гишүүн байгууллагууддаа сурталчлан таниулах, ойлгуулах ажлыг өрнүүлэх зэргээр олон талаар манлайлан ажиллана. Хүүхдийн эрхийг хангах, залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй, хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлэх асуудал дан ганц Засгийн газрын асуудал биш учраас тал талаасаа нэгдэж, хамтарч ажиллах нь чухал. Мөн 30 хүрэхгүй хоногийн дараа цоо шинэ Хөдөлмөрийн хууль хэрэгжиж эхлэх учир түгээн дэлгэрүүлэх, ойлгуулах, зөв дүгнэлт хийхэд бидний хамтын ажиллагаа чухал” гэлээ.