(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Дундговь аймгийн салбар танхимын даргыг сонголоо

2021/12/01 0

МҮХАҮТ-ын дүрмийн 1.4, 3.5, МҮХАҮТ-ын Салбар танхимын үйл ажиллагаандаа баримтлах нийтлэг журмын 5.1, 5.4, 6.1, 6.2 зүйл заалтын дагуу Салбар танхимын бүх гишүүдийн хурлыг 4 жилд нэг удаа зохион байгуулдаг.

Дундговь аймгийн хувьд 2016 онд 3 дахь удаагийн хурлыг зохин байгуулж байсан бол 4 дэх удаагийн хурлыг 2020 онд зохион байгуулах байсан боловч цар тахлын нөхцөл байдлын улмаас хойшилж 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сайнцагаан суманд амжилттай зохион байгууллаа. Журмын дагуу хуралд оролцсон гишүүдээс 9 Тэргүүлэгч, 3 Хяналтын зөвлөлийн гишүүнийг нээлттэй саналаар сонгосон бол шинээр сонгогдсон Тэргүүлэгч гишүүд хэлэлцэж, дундаасаа "Хөрх булаг" ХХК-ийн захирал Н.Батбаярыг Дундговь аймгийн салбар танхимын даргаар сонгож баталлаа.

Мөн өдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатыг Дундговь аймгийн салбар танхимын Ерөнхийлөгчөөр батламжилж, батламжийг МҮХАҮТ-ын Орлогч дарга Б.Намжилсүрэн гардуулж өглөө. Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Төр-Хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, бизнесийн орчныг сайжруулахад бүх талын дэмжлэг үзүүлж хамтарч ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн, Салбар танхимын дарга Н.Батбаярыг Дундговь аймгийн Засаг даргын Зөвлөлийн гишүүнээр томиллоо. Засаг даргын зөвлөлийн гишүүн нь аймаг орон нутгийн хөгжлийн бодлогод санал өгч, шийдвэр гаргах түвшинд хамтарч ажиллах юм.

МҮХАҮТ-аас 21 аймгийн салбар танхимуудыг чадавхжуулах, орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулсан үйл ажиллагааг тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор салбар танхимыг өөрийн байртай болгох зорилтыг тавьж байгаа. Энэхүү зорилтыг дэмжиж Дундговь аймгийн Засаг даргын зүгээс салбар танхимын байрны газрын асуудлыг шийдвэрлэж өглөө.