(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Залуусын ирээдүйд чиглэсэн - ЦойлогсоZ” төсөл

2021/11/10 0

Төслийн хэрэгжих хугацаа: 2020 оны 6-р сарын 04 - 2024 оны 6-р сарын 04
Гол хамтрагч талууд:

  • ЦойлогсоZ төслийн баг
  • Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

МҮХАҮТанхим нь бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, ирээдүйд хувийн хэвшлийг манлайлан хөгжүүлэх чадварлаг боловсон хүчин бий болгоход чиглэсэн залуусын санаачлан хэрэгжүүлж буй ЦойлогсоZ төслийг бойжуулан дэмжин ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

ЦойлогсоZ төсөл нь Z үеийн залуусын онцлог, чадвар, авьяас дээр тулгуурлан ирээдүйд дотоодын болоод олон улсын хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхөд шаардлагатай чадвар, хандлагуудыг эзэмшсэн шилдэг боловсон хүчин бэлтгэх, энтрепренер хандлагатай шинэ үеийн бизнес эрхлэгчдийг төрүүлэн гаргахад чиглэсэн залуусын хамтын ажиллагааг дэмжих төсөл.

Монгол Улсын 16-24 насны залуучууд тэр дундаа ЕБС-ийн төгсөх ангийн сурагчид, Их, Дээд сургууль, коллежид суралцдаг оюутнууд, ажил эрхэлж буй болон бусад Z үеийн залуус нь төслийн зорилтот бүлэг. Үүнээс одоогоор 1 жилийн хугацаанд Z үеийн 60,000 гаруй залуусын цахим нэгдэл, 300 гаруй залуусын биет идэвхтэй нэгдлүүдийг үүсгэн, сошиал орчинд давхардсан тоогоор 100,000 дагагчтай суваг хөгжүүлж нийт 200,000 гаруй залууст шууд хүрч, дэмжин ажиллаж байна.

Монгол Улсын хэмжээнд 95 гаруй Их, Дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж, жилд дунджаар 23000 орчим төгсөгч хөдөлмөрийн зах зээлд гаргадаг бөгөөд төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт ойролцоогоор 76 хувь байдаг бол үүний 65,9 хувь нь суралцсан мэргэжлээрээ ажилладаг. Үүний гол шалтгаанууд болох төгсөгчдийн мэргэжлийн ур чадварын түвшин болон тогтвор суурьшил хангалтгүй, зөөлөн ур чадвар/soft skill/ болон зөв амьдралын хэв маягт суралцаагүй байдаг нь тухайн боловсон хүчний ажил эрхлэлт болон компаниудын хүний нөөцийн хүрэлцээ, хангамжийн гол асуудал болдог. Мөн нийгэм, эдийн засгийн тогтворгүй байдал, цар тахал, чанаргүй боловсролын систем гэх мэт зүйлс нь Монгол улсын ирээдүй болсон Z үеийн залуусын сэтгэлгээ, хөгжих боломжид сөргөөр нөлөөлж байна. Иймд залуусыг тогтвортой ажлын байраар хангахад, чадварлаг боловсон хүчин бэлтгэн гаргахад хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь залуусын хамтын ажиллагааг дэмжиж, түүгээрээ дамжуулан сүүлийн үед залуусын дунд суралцах шинэ соёл болон төлөвшиж буй “Peer to peer learning” хэв маягтай хослуулан чадавхжуулах нь чухал юм.

Шинэ үеийн залуусын нэг онцлог бол “Peer to peer learning” хэв маягийг илүүд үздэг буюу бие биенээсээ суралцах чадвар өндөртэй юм. Учир нь техник технологи, мэдээллийн эрин зуунд багш зааж, сурагч сурах сургалтын уламжлалт тогтолцоо шинэчлэгдэж, багш сурагч хоёр нэгэн зэрэг суралцаж, мэдлэгээ солилцох боломжтой болоод байна. Өөрөөр хэлбэл, бид боловсрол гэх ойлголтыг зөвхөн танхимын сургалтаар олж авах мэдлэг чадвар гэж үздэг байсан бол өнөөдөр Z үеийн залуус мэдлэг мэдээллийг хүлээн авах бүхий л сувгийг ашиглан илүү өргөн цар хүрээтэйгээр суралцаж байна.

Төслийн шийдэл

  • Бие биенээсээ нээлттэй суралцах боломжтой цахим орчинг бүрдүүлэх
  • Peer to peer learning буюу бие биенээсээ суралцах соёлыг төлөвшүүлэх
  • Оюуны хөрөнгө оруулалтыг түгээх тусгай контентууд бүтээх
  • Биет үйл ажиллагаануудыг зохион байгуулах

Z үеийн залуусын харилцаа холбоог дэмжих, өөрсдийн боломж туршлагаас хоорондоо хуваалцах, бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, хувийн хэвшлийг манлайлан хөгжүүлэх чадварлаг боловсон хүчин бэлтгэх, энтрепренер хандлагыг төлөвшүүлэх, оюуны хөрөнгө оруулалтыг залуучуудад түгээхэд “ЦойлогсоZ” төслийн зорилго орших ба төслийн үр дүнд 250,000 гаруй Z үеийн залуусын хамтын ажиллагааг дэмжих, мэдлэг мэдээллээ хуваалцах, хамтдаа суралцах боломжтой хамгийн том цахим болон биет нэгдэл үүсэх юм.

Оруулах боломжтой видео контентуудтай доорх холбоосоор танилцаарай.

Төслийн teaser video
Нэмэлт видео