(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

МҮХАҮТ-аас “Ази, номхон далайн худалдааны хэлэлцээр” -ийн хүрээнд 350 гарал үүслийн гэрчилгээ олгожээ

2021/11/04 0

Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр /АНДХХ/-т өнгөрсөн оны 9 дүгээр сард нэгдсэн бөгөөд хэлэлцээр энэ оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Уг хэлэлцээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан, хувийн хэвшлийнхний дунд энэ хэлэлцээрийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх, практик хэрэглээг хэвшүүлэх замаар хэлэлцээрийн үр өгөөжийг сайжруулах “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр ба Монгол Улс” цахим арга хэмжээг МҮХАҮТ, Гадаад Харилцааны Яам, НҮБ-ын Ази, Номхон Далайн эдийн засаг, нийгмийн комисс хамтран зохион байгууллаа. Арга хэмжээнд 60 гаруй аж ахуй нэгжийн 70 орчим хүн цахимаар оролцож, мэдээлэл авав.

МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэнээр бүс нутгийн интеграцид Монголын бизнес эрхлэгчид нэгдэх, дэлхийн болон бүс нутгийн гинжин хэлхээнд холбогдох олон өргөн боломжуудыг ашиглах, үндэсний аж ахуйн нэгжүүд 2,9 тэрбум хэрэглэгчтэй эдийн засгийн хурдацтай өсөлт бүхий Ази, номхон далайн 6 улс орон руу 10 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг экспортлохдоо 5-100 хувийн гаалийн тарифын хөнгөлөлт эдлэх боломж бүхий давуу тал үүссэн гэдгийг дурдаад тус хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш МҮХАҮТ-аас 20 гаруй үндэсний экспортлогч аж ахуйн нэгжид 350 орчим гарал үүслийн гэрчилгээг олгосон. 39 сая гаруй ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсноос 951 мянга орчим ам.долларын хөнгөлөлтийг эдэлсэн гэлээ.

Хэлэлцээрийн тухай ойлголтыг гүнзгийрүүлэх, практик хэрэглээг хэвшүүлэх, хэлэлцээрийг үр ашигтай хэрэгжүүлэх арга хэмжээний үеэр АНДЭЗНК-ын Худалдаа, хөрөнгө оруулалт, инновацийн хэлтсийн шинжээч Йерн Фай Ли “Ази, Номхон далайн худалдаан хэлэлцээр”-ийг танилцуулж, БНСУ-ын Гаалийн газрын Чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийн хэлтсийн орлогч дарга Ёнг Жү “БНСУ-ын Гаалийн чөлөөт худалдааны хэлэлцээрийн хэрэгжилтийн стратеги”-ийн талаар мэдээлэл хийв.

Мөн Гаалийн ерөнхий газрын Татвар, орлогын газрын байцаагч А.Нарандарь хэлэлцээрийн хэрэгжилт, МҮХАҮТ-ын Хэрэглэгч, үйлчилгээний газрын ахлах мэргэжилтэн Ц.Хулан АНДХХ-ийн хүрээнд бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ олгох нь, БНХАУ-ын Гаалийн ерөнхий газрын орлогч дарга Жиа Юн Чен, гарал үүслийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Юн Хуа Жанг нар АНДХХ-ийн гарал үүслийн дүрэм тодорхойлох, гэрчилгээ олгох журмын талаар тус тус танилцуулж, оролцогчдын асуултуудад хариулт өглөө.

Илтгэлүүд:

  1. Гаалийн ерөнхий газар, Татварын орлогын газар, Гаалийн улсын байцаагч А.Нарандарь - МОНГОЛ УЛСЫН ТАРИФЫН ХӨНГӨЛӨЛТИЙН ХЭРЭГЖИЛТ
  2. БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар - АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭРИЙН ХҮРЭЭНД БАРААНЫ ГАРАЛ ҮҮСЛИЙГ НОТЛОН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОЖ, БАТАЛГААЖУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
  3. Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа хариуцсан бүс нутгийн мэргэжилтэн Сохээ Гваг (Sohee Gwag) - АЗИ, НОМХОН ДАЛАЙН ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР, ХУДАЛДААНЫ ХУВЬСАН ХӨГЖИЖ БУЙ ХЭЛЭЛЦЭЭР
  4. БНСУ-ын Гаалийн ерөнхий газар - ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ХЭЛЭЛЦЭЭР АШИГЛАХ БНСУ-ЫН ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН СТРАТЕГИ