(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Хөдөлмөрийн тухай хуульд шинээр тусгагдсан зохицуулалтыг танилцууллаа

2021/10/22 0

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮХАҮТ хамтран Хөдөлмөрийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Танхим болон цахимаар зохион байгуулагдсан уулзалтад Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлын хэсгийн гишүүд, ХНХЯ-ны төлөөлөл оролцлоо.

Хөдөлмөрийн тухай хуульд шинээр тусгагдсан зохицуулалтын талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил, Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөхөд аж ахуйн нэгж, байгууллагаас анхаарах асуудлуудын талаар ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцаа, цалин хөлсний хэлтсийн дарга Б.Алимаа, Ажил олгогчдын зүгээс анхаарах асуудлуудын талаар МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар мэдээлэл өглөө.

Хуульд тусгагдсан гол өөрчлөлтүүд, шинэ зохицуулалтуудыг заалт бүрээр тухайлан тайлбарлав. Хөдөлмөрийн хууль /шинэчилсэн найруулга/ ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хөдөлмөрийн тухай хууль нь Иргэний хуулийн дараа эрэмбэлэгдэхээр томоохон хууль бөгөөд нийгмийн суурь харилцаа болох хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг учраас хөдөлмөрийн харилцаанд орж буй бүх тал зайлшгүй анхаарал хандуулах шаардлагатай юм.

Өнөөдрийн танилцуулах уулзалтад аж ахуйн нэгжийн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцож, хуулийн шинэчлэлтэй холбоотой сонирхсон асуултууддаа хариулт авлаа.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин Хөдөлмөрийн тухай хуулийг танилцуулах, сурталчлах ийм арга хэмжээг үргэлжлүүлэн зохион байгуулна. Мөн оролцогчдоос ирүүлсэн асуултуудыг нэгтгэн зөвлөмж боловсруулна гэлээ.