(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Их хотын хямдрал” 4 өдрийн турш үргэлжилж, үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлууллаа

2021/10/20 0

“Их хотын хямдрал-2021” арга хэмжээг Монгол Улсад худалдааны салбар үүсэж хөгжсөний 100, Нийслэлийн 382 жилийн ойн хүрээнд МҮХАҮТ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж, арга хэмжээний хүрээнд хоол үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдааны салбар, ахуйн үйлчилгээ-авто үйлчилгээ болон үйлдвэрлэлийн салбаруудын өдөрлөгүүд боллоо.

50 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, гар урлалын бүтээл, ноос, ноолууран хувцас, эмчилгээний болон хүнсний бүтээгдэхүүн зэрэг үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдээ дэлгэсэн арга хэмжээний хаалт өнөөдөр болов. Энэ үеэр МҮХАҮТ-ын орлогч дарга Б.Намжилсүрэн, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар төр-төрийн бус байгууллага-хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор нийслэлийн иргэдэд хямдралтай, урамшуулалтай худалдаа, үйлчилгээгээр бэлэг барьж, “Их хотын хямдрал” арга хэмжээнд идэвхтэй оролцсон байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд баяр хүргэж, батламж хадгалууллаа.

Мөн энэ үеэр "Цэцэг трейд" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Батцэцэг, Монгол Улсын 1 дүгээр зэргийн тогооч Ч.Ренбүүчий, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Д.Нарантуяа, "Тулга цэцэрлэн" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзул, "Ийстерннүүдл" ХХК-ийн ажилтан М.Ганчимэг нарт Монгол Улсад худалдаа, үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн медаль гардуулав.

Хоёр жил тутамд зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээ энэ оны хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж цомхон хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд зохион байгуулагчдын зүгээс хоёр жилийн дараа “Их хотын хямдрал-Бизнес фестиваль”-ийг шинэ агуулгаар баяжуулж, өргөн цар хүрээг хамруулан зохион байгуулна гэсэн юм.