(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Т.Дүүрэн: 30 жилд анх удаа нүүр тулж байгаа энэ онцгой үеийг онцгой бодлогоор л давъя. Үгүй бол дүр эсгэсэн хууль гаргах шаардлага байхгүй

2021/10/15 0

 

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнтай ярилцлаа. Тэрбээр цар тахлын энэ хүнд үеийг онцгой бодлогоор тохируулга хийж чадвал Монгол Улсын эдийн засаг дөрвөн жилийн дотор ХОЁР ДАХИН тэлэх боломжтой гэдгийг онцолж байна.

 

- УИХ-ын чуулганаар Эдийн засгийг эрчимжүүлэх тухай, Зөвшөөрлийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай гэгчлэн бизнесийн салбарынханд маш чухал ач холбогдолтой хуулийн төслүүдийг хэлэлцэхээр хүлээгдэж байна. МҮХАҮТ эдгээр хуулиудад хэр зэрэг оролцоотой байгаа вэ? 

- Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монгол Улсын бий болгосон хууль журам, эрх зүйн орчин нь эргээд хөгжлийг чагталж, гацааж ирсэн нь бугшсаар КОВИД-19 цар тахлын үед шахагдан гарч ирж, бидний зовлонг ойлгууллаа.
 

Монголчууд бид гадаад худалдаа хийж чаддаггүй, уул уурхайн түүхий эдээ л зарж амьдардаг болохоос биш бүтээгдэхүүн боловсруулаад, ном ёсоор нь бүтээгдэхүүнийг хөгжүүлж, олон улсын жишгээр экспортолж, бичиг баримтаа олон улсын стандартаар нь боловсруулж чаддаггүй юм байна. Боловсруулаад, хөрөнгө оруулалт татаад хийе гэхээр хөрөнгө оруулалтынхаа орчныг маш муу болгосон зэрэг нь цар тахлын нөхцөлд тодрон гарч ирж, үнэхээр болохгүй байгааг бидэнд бодитоор мэдрүүллээ.


Одоогийн хүнд нөхцөлийг давж гарахын тулд эрх зүйн орчноо яаралтай сайжруулах хэрэгтэй юм байна гэдгээ хаа хаанаа ойлгож, эдийн засаг, бизнесийн орчныг сайжруулах хуулиудыг эхнээс нь хэлэлцээд, өөрчлөлт оруулахаар УИХ, Засгийн газраас ч тэр, Танхимын санаачилга ч тэр урагшлаад, санал нэгдээд явж байна. 

Энэ бүхэн эдийн засаг, хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагаатай холбоотой учраас Танхимын гишүүн компаниуд нэгдсэн зохион байгуулалтад орж, тодорхой саналуудаа хүргүүлээд, хэлэлцээд явж байгаа. 

- Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хуулийн төсөл яригдаад, саналууд аваад явж байна. Танхимын зүгээс оруулж байгаа гол санал нь юу байгаа вэ?

- Коронавирусийн халдварт цах тахал нь Монгол Улсын эдийн засгийг 1990 онд системийн өөрчлөлтөд орсон үеийнхтэй ижил доод түвшинд хүргэж, сүүлийн 30 жилд анх удаа -5% болтлоо агшихад хүргэсэн. Гучин жилийн түүхэндээ бид ийм нөхцөл байдалтай тулгарч байгаагүй. 

Нэгэнт ийм онцгой нөхцөл байдал бий болсон бол онцгой л арга хэмжээ авах ёстой гэсэн байр сууринаас МҮХАҮТ хандаж, “Их Сэргэлт” санаачилгыг эхлүүлсэн. Ерөнхий сайд ч нөхцөл байдлыг бодитоор харж дүгнээд тусгай хууль батлах хэмжээнд манлайлаад явж байгааг хоёр гараа өргөн дэмжиж байна. Ингэхээс ч аргагүй, алгуурлах боломжгүй цаг үе юм. Дэлхийн улс орнууд ч их сэргэлтэд бэлдээд, хэдийн эрх зүйн бичиг баримтаа боловсруулаад эхэлчихсэн. 

Монголчууд бид цөөхүүлээ, амжилттай бизнес хийдэг хүн цөөн. Тэд өөрсдийнхөө арчаагүйгээс болоод алдаагүй, цар тахлын хатуу арга хэмжээ, хязгаарлалтуудаас шалтгаалан хүнд нөхцөл байдалд орчхоод буй. Манайд нэг бизнесмэн дампуураад алга болоход тэр орон зайг нөхөх хэмжээний шинэ бизнесмэн гарч ирж, бойжих хүртэл дор хаяж хоёр жил болдог. Тиймээс аль болох дампууралд хүргэхгүй байх боломжоор хангах шаардлагатай юм. 

Нөгөө талаар, Монгол Улсад дундаж өрх сарын 70,000 төгрөгийн алдагдалтай буюу жилдээ 800,000 төгрөгийн өр хуримтлуулж амьдарч байна. Ингээд аргацаагаад явж байтал гэрт нь хэн нэгэн өвдөх, эсвэл хүүхэд нь дээд сургуульд сурах болоход нэмж зээл авахаас аргагүй болж, тэр нь тухайн өрхөд давагдашгүй хүндрэл болж хувирдаг. Энэ бол тэр хүмүүсийн буруу биш, нэг хүнд ногдох ДНБ 4,000 долларт хэлбэлзэж байгаа хөгжиж буй орны зовлон ийм байдаг юм байна. Үүн дээр КОВИД-19-ийн нөлөөгөөр олон хүн өвдөж, өрхийн болон бизнесийн орлого тасалдаж, байдал улам хүнд болсон. Энэ нь 30 жилийн өмнөхтэй дүйцэхүйц хэмжээний том хямрал юм бол бүхнийг шинэ гараанаас эхлүүлж, төлж чадахаа больчихоод байгаа бүх татвар, торгуулийн төлбөрийг чөлөөлье гэсэн саналыг Танхим гаргаж байгаа. “Их Сэргэлт” санаачилгын нэг гол зорилго нь энэ. 

Ингэж л онцгой, дорвитой, далайцтай арга хэмжээ гаргахгүй юм бол зүгээр нэг аргацааж, дүр эсгэсэн хууль гаргах шаардлагагүй. 

- Ийм арга хэмжээ авлаа гээд ДНБ-ийг өсгөхгүй учраас хэрэггүй гэж Сангийн сайд байр сууриа илэрхийлсэн байсан. 

- ДНБ-ийг өсгөх ёстой гэдэг дээр хууль тогтоогч, эрх баригчид бүгд санал нийлж байгаа ч “хэзээ” гэдэг цаг хугацааны асуудлыг орхигдуулаад байх шиг байна. Баялаг бүтээгч бизнесүүд чинь овоорсон энэ их торгууль, төлбөртэйгөө л зууралдаад байвал хэзээд нь бизнесээ өргөжүүлэхэд анхаарч эхлэх вэ гэдэг нь нэмэлт өөр асуудал юм. 

Хүнд байдалд орчихсон аж ахуйн нэгжүүд торгууль, татварын төлбөрөө төлөх гэж нэг жил алдана. Гэтэл энэ онцгой цаг үед маргаашаас эхлээд л ДНБ-ээ өсгөмөөр байгаа бол бизнесийнхнийг “-” биш “0” гараанаас л эхлүүлье. Тэгж байж цаг хугацааг хожно. 

- Өнгөрсөн хугацаанд цар тахлын нөлөөллийг буруулах зорилгоор НДШ болон зарим хэрэглээний зардлыг тэглэсэн нь хүмүүсийн татвар, шимтгэл төлөх сонирхлыг бууруулах уршигтай гэж Сангийн сайд болгоомжлоод байгаагаа хэлсэн. Үүнийг Танхим тооцож үзсэн үү?

- Нийгмийн гэрээ гэж бид нэрлээд байгаа. Нэг удаа нийгмийн гэрээ байгуулж, алдааг уучлаад цааш мэрийж, бүтээмжээ дээшлүүлэх боломжийг олгоё гэж байгаа юм. Бид эрс тэс хоёр өөр нийгмийн шилжилтийн үед амьдарч ирлээ шүү дээ. Гэнэдээд алдсан хүн их бий. Алдсан бүрийг "хохь нь" гээд хаяж тансаглах хэмжээний их хүн амтай үндэстэн биш шүү дээ, бид. Цар тахлын үед онцгой ачаа үүрүүлээд нурууг нь бөхтийлгөсөн байгаа хүнд жаахан урам өгчихвөл тэр дотроос магадгүй 50% нь өндийгөөд ирэхэд цөөн хүн амтай манай улсад чухал үзүүлэлт юм. Бүгдийг нь хүнд хэцүү нөхцөлтэй нь чөдөрлөж яах юм бэ, ядаж талыг нь аврах боломж байгаа бол босгоод ирье л дээ. 

- Сангийн яам энэ шийдэл ДНБ-ийг өсгөхгүй тул шаардлагагүй, Танхим нэг удаа дэмжээд ижил гараанаас гаръя гэсэн байр суурьтай байна. Та бүхний санаачилснаар ДНБ-нд яаж нөлөөлнө гэж тооцсон юм бэ?

- МҮХАҮТ сүүлийн хоёр жилийн турш хийсэн судалгаандаа тулгуурлаад улс орныг хөгжүүлэх эдийн засгийн загварчлалын судалгаа хийгээд явж байгаа ба тухай бүрд нь саналуудаа олон нийт болон төр засагт хүргүүлж байгаа. Энэ хүрээнд эдийн засгийг эрчимжүүлэх “Тийрэлтэт эдийн засаг” буюу “Экспорт, экспорт, экспорт” гэдэг хөтөлбөрийг танилцуулсан. Манайхтай төстэй улс орнуудад нэг хүнд ногдох ДНБ нь 8,000 ам.долларыг давж байж иргэд нь өргүй, хасах алдагдалгүй амьдарч, эдийн засгийн хэвийн харилцаанд ордог юм байна л даа. Одоогийн Монголын эдийн засгийн хоёр дахин өсгөнө гэсэн үг. 

Эдийн засгийг ингэж өсгөх тал дээр төр засаг, Ерөнхий сайд, Сангийн сайд гээд бүгд санал нэгдэж байгаа. Одоо гол нь энийгээ хэзээ эхлээд, хэдий хугацаанд амжуулах вэ гэдэг хамгийн чухал! 

Бидэнд цаг бага, хүлээх зуур хэд нь ч сэхэл авахгүй болтлоо унаж мэднэ. Өөрөөр хэлбэл, хугацаа алдах нь илүү сөрөг үр дагавартай учраас ижил гараанаас гарах боломжийг олгож, шууд өсөлтийг бий болгоё гэж байгаа юм. 

График 1. Монгол улсын ДНБ-ий өсөлт

- Экспорт, хөрөнгө оруулалтын хүчээр л тийрэлтэт эдийн засгийг бий болгох боломжтойг Танхим нэлээд судалгаатай гаргаж тавьсан. Энэ талаар ер нь олон жил ярьж ирсэн л дээ. Ялангуяа, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлээр ярьж, тодорхой өөрчлөлт хийж байгаа ч нэг их ахиц гарахгүй байгаа нь юутай холбоотой гэж Та харж байна вэ?

- Саяхан Эрчим хүчний сайд Монгол Улсын хөгжлийн төслүүдийг хувийн хэвшлүүд гацаагаад байгаа гэдэг байр суурь илэрхийлсэн байсан. Үүнийг би маш буруу дүгнэлт гэж бодож байгаа. Төр ганцаараа бүгдийг хийгээд хөгжүүлчихдэг байсан бол бид 1990 онд зах зээлийн эдийн засаг руу шилжих шаардлагагүй байсан болов уу. 

Хөгжлийг эрчимжүүлэх гол хөшүүрэг нь мэдээж хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт дээр гурван зүйл маш том бэрхшээл болж байна. 

  1. ТЭЗҮ нь ашиггүй болчхоод байгаа учраас хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна. Яагаад гэвэл хүнд суртал ихтэй. Үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авах гэж хоёр жил зарцуулж, өгөөжөө бууруулахыг хөрөнгө оруулагч хүсэхгүй. 
  2. Зарим гаж татварууд хөрөнгө оруулагчдыг мохоож, ТЭЗҮ-ийг ашиггүй болгож байна. Тэр алдагдлыг байхгүй болгохгүй бол нэмэргүй. Жишээ нь, зэсийн өсөн нэмэгдэх татвар зэс хайлуулах үйлдвэрт хөрөнгө оруулах сонирхлыг бууруулж байна. Ийм нөхцөлд бид боловсруулаагүй түүхий эдээ л гаднын зах зээлд гаргахаас өөр сонголтгүй болж байна.
  3. Нийгмийн хандлага. Энэ бол маш том хүчин зүйл. Ялангуяа, төрийн албаныхны хандлагыг өөрчлөх иж бүрэн сургалт хиймээр байна. Төрийн албан бол нийгмийн сайн сайхныг бүрдүүлж, нийгэмд үйлчлэх бүтэц. Гэтэл хөрөнгө оруулагчдыг “Монголоос ашиг хийгээд явах гэж байна, надтай ашгаа хуваах ёстой, надад ямар ашигтай юм бэ” гэж ханддаг. Уучлаарай, хөрөнгө оруулагчид бол Монголын эдийн засгийг үнэ цэнтэй болгож, бидний үнэ цэнийг нэмж өгдөг гэдгийг хамгийн түрүүнд төрийн албаныхан ойлгомоор байгаа юм. Тэндээс бид технологи, нөү хауг шингээж авч үлдмээр байна. Энэ хандлагыг маш сайн суулгаж өгмөөр. 

Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хууль энэ гурван саад бэрхшээлээс салгаж өгөөсэй гэж хүсэж байна. 

Тухайлбал, Их сэргэлтийн хуулиар орж ирэх хөрөнгө оруулалтын төслийн хүрээний тоног төхөөрөмжийг импортын татвараас чөлөөлөх хэрэгтэй. Улсад орж ирэх татвар үгүй болох нь гэдэг өнцгөөр харах биш, угаасаа орж ирэхгүй байсан хөрөнгийг татварын хөшүүргээр татаж байгаа гэдгийг ойлгох буюу цаад өгөөжийг том зургаар нь хармаар байгаа юм. 

- Хөрөнгө оруулалтын нөгөө тал нь экспорт. Экспортоо хөгжүүлэхэд яг юу тээглээд байна вэ? Гаднын хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүнийг санал болгож чадахгүй байгаа учир юу вэ?

- Уул уурхайн бус экспортыг Танхимд ирснээсээ хойш хоёр жил судалж, энэ чиглэлээр ажиллалаа. Яагаад уул уурхайн бус экспортыг хийж чадахгүй байгаа гол асуудал нь энэ чиглэлийн тусгайлсан санхүүжилт байдаггүй юм байна гэдэг дүгнэлтэд хүрсэн. Дотооддоо бүтээгдэхүүнээ зарвал зах зээлийн хүүтэй зээл авдаг, харин гадаадад зарвал хямд зээлээр дэмждэг тогтолцоо байхгүй. Улс орнууд экспортоо ийм аргаар хөгжүүлдэг. 

График 2. Монгол улсын ДНБ-ий өсөлт

Гадаадад бараа зарна гэдэг их хугацаа авсан ажил. Эргэлт удаан, дээр нь өндөр хүүтэй зээл авчихаар бизнес нь ашиггүй болчих учраас гадаадын зах зээлд зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлэлт, судалгаа хийж чадахгүй байна. Тиймээс энэ талаар Эдийн засгийг эрчимжүүлэх хуульд заавал тусгаж өгөхийг хүссэн. Ийм тусгай зээлийг хэрхэн зарцуулж буй хяналтыг нь хийх арга нь төрд бий.

Бүх хөрөнгөө барьцаалаад үндсэн хөрөнгө оруулалт ба эргэлтийн хөрөнгөдөө зарцуулчхаар түүхий эд бэлтгэх ба гадаад улсад аваачаад тэндхийн татварыг төлөх мөнгө үлддэггүй. Ийм орчинд ченжийн тогтолцоо бий болчихдог. Экспортод зориулсан хямд эх үүсвэр бүхий санхүүжилт бий болгоод өгвөл компаниуд ченжээс хамаарахгүйгээр түүхий эдээ өөрсдөө бэлдээд эхэлнэ. Энэ бол уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх хамгийн гол суурь. Шинэ зүйл биш, дэлхийн улс орнууд ашиглаад хөгжөөд ирсэн хувилбар учраас шууд нэвтрүүлэх боломжтой. 

- Танхимаас санал болгож байгаа хувилбаруудыг ажил хэрэг болголоо гэж үзэхэд Монгол Улсын эдийн засгийг хоёр дахин томруулах бодлого хэдий хугацаанд биеллээ олно гэж тооцож байна вэ?

- Ижил гараанаас эхлээд бодлогоор дэмжвэл дөрвөн жилийн дотор ДНБ хоёр дахин өснө. Гол нь хувийн хэвшилдээ итгэл хүлээлгэх нь чухал.

Өнгөрсөн 30 жилд итгэхгүй хардаж явж ирсэн бол тусгайлсан шинэ хууль гаргаад гуравхан жил л итгээд үзье гэж байгаа юм. Үр дүн гарахгүй бол яахав. Угаасаа экспорт байхгүй байсан. Байхгүй байсантайгаа л үлдэнэ шүү дээ. Зохицуулалтаа зөв хийвэл хурдан хугацаанд үсрэнгүй өөрчлөлтийг авчирч болдог гэдгийг жишээ болгон харуулъя гэдэг зарчимд үндэслэж Ерөнхий сайдын санаачилж буй Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх хуулийг чухалчилж хүлээж авч байгаа юм.

- Засгийн газар Хөрөнгө оруулалт, Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зэрэг хороо байгуулж байгаагаа мэдэгдсэн. Танхим эдгээр хороонд ямар оролцоотой байна вэ?

- Ямар ч байсан зарим хороонд ороод тодорхой саналуудаа өгөөд явж байгаа. Тухайлбал, Түгжрэлийг бууруулах хороонд л гэхэд төрөөс, нийслэлээс мөнгө гаргахгүйгээр, богино хугацаанд түгжрэлийг бууруулах боломжийг танилцуулж, саналаа хүргүүлсэн. Одоогоор нийслэлээс хариу өгөөгүй байгаа, судалгаа тооцоо хийгдэж байгаа байх.
 

Товчхондоо, машины татварыг нэмэхээсээ илүүтэй хотын төвийн зогсоолуудыг нэгдсэн менежментийн системтэй, өндөр төлбөртэй болгоод, хотын захад автобусны буудлын эцсийн цэг орчимд хямд үнэтэй авто зогсоолуудыг байгуулбал богино хугацаанд түгжрэлийг бууруулна гэж үзэж байгаа.


Бид бүгд автомашин унаад байгаа гол шалтгаан нь дэд бүтэц муу бөгөөд хүйтэн өвөлтэй. Тиймээс иргэд гэрээсээ ажилдаа машинаар явахаас өөр аргагүй. Харин автобусны эцсийн цэгт хямд зогсоол байгуулбал тэр хүртэл машинаар яваад хотын төв рүү нийтийн тээврээр үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэж тооцож байгаа. Хотын төвийн зогсоолын нэгдсэн удирдлагын системийг өөрсдөө хөрөнгөө оруулаад хийх компаниуд байгааг үндэсний хороонд танилцуулсан. 

Дэлхийн улс орнуудад амжилттай хэрэгжсэн загваруудыг заавал өөрсдөө шинээр хийх гэж хөрөнгө хүч зарцуулах шаардлагагүй гэж бодож байгаа юм. Манай улс хүн ам цөөтэй, ажиллах хүчний хөдөлмөрийн үнэ цэн өндөр. Хөдөлмөрийн хүчээ өөрөөр ашиглах зөндөө олон ажил цаана нь бий. Хөдөлмөрийн хүчээ зөв хуваарилъя.

Эх сурвалж: www.ikon.mn