(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дэмжив

2021/10/04 0

Өнөөдөр Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын тухай хуулийг шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын гишүүд өргөн барьсан бөгөөд УИХ-ын намрын чуулганы хэлэлцэх асуудалд орсон юм.

Хуулийн төслийг, төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар танилцууллаа. Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль 1995 онд батлагдсан бөгөөд уг хуулийг эдийн засаг, бизнесийн салбар, хувийн хэвшлийн өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн өөрчлөх зайлшгүй шаардлагатай бий болсон. Өнөөдөр бизнесийг төлөөлөх мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын тоо олон ч чадавхи тааруу байгаагаас олон салбарын төлөөлөл хангалтгүй сул байна. Цар тахлын үеийн эдийн засаг бизнесийг сэргээх, эдийн засгийг эрчимжүүлэхэд хувийн хэвшил зохион байгуулалтад орох, хүчээ нэгтгэх, хамтран эрх ашгаа хамгаалах болон төр хувийн хэшлийн түншлэлийг хөгжүүлэхэд энэхүү хуулийн шинэчлэлийг ойрын хугацаанд хийх шаардлага байна.

УИХ-ын гишүүдийн зүгээс жижиг дунд бизнес, эмэгтэй болон гарааны бизнес эрхлэгчдийн төлөөлөл, төрөөс шилжүүлэн авах боломжтой чиг үүрэг, одоо байгаа мэргэжлийн холбоодын байр суурь хэрхэн өөрчлөгдөх болон танхимын гишүүнчлэлтэй холбоотой асуултуудыг тавьж, саналуудаа илэрхийллээ.