(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Орон нутаг, дагуул хотод бизнесийн таатай орчинг бүрдүүлэх талаар ярилцлаа

2021/09/23 0

Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хороо, МҮХАҮТ хамтран Улаанбаатар хот, дагуул хот, тосгод, дэд төвүүд болон орон нутагт бизнес эрхлэх боломжийн талаар цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад тус Үндэсний хорооны нарийн бичгийн дарга, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн болон ажлын албаны төлөөлөл, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин 25 гаруй томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож, саналаа хэлсэн юм.

Уулзалтын эхэнд үндэсний хорооны ажлын албанаас бизнес эрхлэгчдэд төвлөрлийг сааруулах, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх болон татварын таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлын саналыг урьдчилсан байдлаар боловсруулснаа танилцуулж, санал солилцлоо.

Орон нутгуудыг бүсчилсэн болон кластерийн хэлбэрээр хөгжүүлэх нь оновчтой, түүхий эдээ орон нутгаас татан Улаанбаатар хотод үйлдвэрлэлээ явуулах бус, бүс нутгийн онцлогтой бизнесийг дэмжиж, тухайн бүс нутгуудад анхан шатны үйлдвэрүүдээ барих боломж бий. Харин бизнес эрхлэгчид хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа тэлэхэд ямар бэрхшээл байна, түүнийг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар тодорхой саналуудыг дэвшүүлж байлаа. Тодруулбал, бизнес эрхлэгчдийн хувьд төвлөрлийг сааруулахад татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, тэр дундаа НӨАТ-ыг ялгамжтай байдлаар тогтоох асуудал чухал гэдгийг онцолж байсан юм. Түүнчлэн орон нутагт үйлдвэр барих газар, дэд бүтэц, ажиллах хүний нөөцийн асуудал тулгамддагаас гадна орон нутгийн бизнес эрхлэгчидтэй ч хамтарч ажиллах нь чухал зэрэг саналуудыг хэлэв.

Цаашид орон нутагт бизнесээ өргөжүүлэхэд тулгамдаж буй бэрхшээл, санхүүгийн болон татварын дэмжлэгийг тодорхойлох энэхүү уулзалт, хэлэлцүүлгийг орон нутгийн бизнес эрхлэгчидтэй хийхээр төлөвлөж байна.