(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх”-ээр зөвлөлдөв

2021/09/13 0

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр, хувийн хэвшил, зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд зохион байгуулагдлаа.

Уулзалтад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар болон УИХ, Засгийн газрын гишүүд, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх эрх зүйн шинэ орчныг бий болгож, халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалтад, импортоос экспортод шилжих стратегийн зорилтыг хэрэгжүүлэх нь чухал” гэдгийг онцлоод цаашид энэ уулзалтыг жил бүрийн 9 дүгээр сард уламжлал болгон зохион байгуулна гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах 15 хуулийн төслийг хэлэлцэхээр ажиллаж байгаагаас зарим нь өргөн баригдсан, зарим нь боловсруулалтын шатанд байгааг тодотгосон юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төрийн хүнд суртлыг багасгаж, бизнес эрхлэгчдийг дэмжих ажиллахаа илэрхийлээд, Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулав. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бизнесийн таатай орчинг бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, болон төсвийн шинэчлэлийг хийхээр зорьж байна.

Үүний дараагаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин үг хэллээ. Тэрээр “Хэдхэн хоногийн өмнө МҮХАҮТ-аас цар тахлын үед бизнест учирч буй бэрхшээл, бизнесийг сэргээхэд шаардлагатай дэмжлэгийн талаар санал асуулгыг бизнес эрхлэгчдийн дунд явуулсан.

Бизнесийг сэргээхэд шаардагдах дэмжлэгийн талаар судалгаанд оролцогчдын 53% санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл, 43% нь ААН-ийн албан татварын хөнгөлөлт чөлөөлөлт, хойшлуулалт, 37% нь бизнесийн үйл ажиллагааг сэргээхэд төрийн нэгдсэн зохицуулалт хийх, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэж үзсэн байна.

Өөрөөр хэлбэл, ДНБ-ний 65 хувийг бүрдүүлдэг салбарууд, нийт ажлын байрны 83 хувь, жижиг дунд бизнесийн 80 хувьд энэхүү хүлээлт байна гэсэн үг юм” гээд эдийн засгийг том зургаар нь харж, төрийн зөв оновчтой зохицуулалт дэмжлэг, хувийн хэвшлийн оролцоо, төр хувийн хэвшлийн түншлэл дээр үндэслэн өнөөгийн тулгарсан сорилтыг боломж болгон Эдийн засагт их сэргэлтийг авчрахыг уриалан, үүнд МҮХАҮТ хувийн хэвшлээ манлайлан оролцохоо илэрхийллээ.

Эдийн засгийг сэргээх эрх зүйн орчин, төсвийн шинэчлэл, төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийнхний санал, санаачилгыг сонсох уулзалтын үеэр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд болон УИХ, Засгийн газрын гишүүд эдийн засгийг тогтвортой бодлогоор хангаж ажиллах нэгдмэл байр суурьтай байгаад хувийн хэвшлийнхэн талархаж байгаагаа илэрхийлж байв.

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” уулзалтад салбар салбарын төлөөлөл оролцож, зургаан цагийн турш тулгамдаж буй асуудал, гарц шийдлийн талаар санал солилцлоо.