(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт боллоо

2021/09/13 0

“ЦАР ТАХЛЫН ҮЕИЙН ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ” ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД МҮХАҮТ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ О.АМАРТҮВШИНГИЙН ХЭЛСЭН ҮГ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” төр хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаад эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье. Өнөөдрийн энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн нийт оролцогчид, хувийн хэвшлийн гол төлөөлөгчид Та бүхний амар амгаланг эрэн мэндчилье.

Цар тахлын улмаас хүнд сорилт тулгарсан 2020-2021 онуудыг Монголчууд бид бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы дунд нийгэм улс төрийн онцлог үйл явдалтай, эдийн засаг бизнесийн олон тулгамдсан асуудалтайгаар хамтдаа туулж байна.

МҮХАҮТ нь хөрш Хятад улсад Ковид-19 вирусийн халдвар гарсан цагаас эхлэн хөл хорионы бизнес дэх нөлөөллийн судалгааг үе шаттай, удаа дараа явуулж, эдийн засагт учирч буй эрсдэлийг удирдах, цар тахлын нөлөөлөлд өртсөн бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх санал, санаачилгуудыг төр засагт хүргүүлэн ажилласан бөгөөд тодорхой зарим шийдвэрүүд гарч үр дүнд хүрсэн билээ.

Хэдхэн хоногийн өмнө МҮХАҮТ-аас цар тахлын үед бизнест учирч буй бэрхшээл, бизнесийг сэргээхэд шаардлагатай дэмжлэгийн талаар санал асуулгыг бизнес эрхлэгчдийн дунд явуулсан. Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар: судалгаанд оролцогчдын 61% нь ус цахилгаан, дулааны төлбөрийн дэмжлэгт, 44% нь НДШ-ийн хөнгөлөлтөд, 17% нь хөнгөлөлттэй зээлд хамрагдсан гэж хариулсан бөгөөд тэдний 83% нь дархлаажуулалтын арга хэмжээ нь хөл хорио тогтоохгүй байж, бизнесийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхэд үр нөлөөгөө өгсөн гэж хариулсан байна.

Энэхүү судалгаагаагаар бизнесийг сэргээхэд шаардагдах дэмжлэгийн талаар 53%  санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээл,  43% нь ААН-ийн албан татварын хөнгөлөлт чөлөөлөлт, хойшлуулат, 37% нь бизнесийн үйл ажиллагааг сэргээхэд төрийн нэгдсэн зохицуулалт хийх, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах шаардлагатай гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, эдгээр дэмжлэгийг ДНБ-ний 65 хувийг бүрдүүлдэг салбарууд, нийт ажлын байрны 83 хувь, жижиг дунд бизнесийн 80 хувьд энэхүү хүлээлт байна гэсэн үг юм.

МҮХАҮТ-аас Дэлхийн эдийн засгийн форумын  “Их сэргэлт”  санаачилгын  үзэл баримтлал, нөхцөл байдлын талаарх судалгаануудын дүн, бизнес эрхлэгчдийн саналууд үндэслэн өнгөрсөн 5 дугаар сард “Эдийн засгийн их сэргэлтийн санаачилга”-ыг гарган  төрийн өндөрлөгүүдэд танилцуулсан. Энэ талаар УИХ, Засгийн газар болон Монгол банк зэрэг институцтэй бид маш олон удаагийн уулзалтыг зохион байгуулж, нягт хамтран ажиллаж ирснийг энд дурдах нь зүйтэй.

Эдийн засгийн их сэргэлтийг хийхэд гол хүчин зүйл нь том төслүүдийг хөдөлгөх явдал гэдгийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч онцолж байна. Бизнесийнхэн ч энэ талаар дэмжиж ярьж байна. Томоохон төслүүдийг эхлүүлэх, амжилттай хэрэгжүүлэхэд газар, дэд бүтцийг шийдэх, зөвшөөрөл олгох, санхүүжилт ба хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг шийдэх, шаардлагатай дэмжлэгийг үзүүлэх болон тогтвортой байдлыг хангах зэргийг багтаасан хууль эрх зүй, бодлого зохицуулалтын орчин нэн чухал байна.

Сүүлийн хоёр жилийн хүнд нөхцөл байдал нь тээвэр логистик, хилийн боомтуудын хүндрэл саатал зэрэг эдийн засаг бизнесийн угжирсан шийдвэрлэвэл зохих олон асуудлуудыг бидэнд илүү тод харуулж мэдрүүллээ. Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн засаглал удирдлагад эрс шинэчлэл хийх, хувьчлах замаар үр ашгийг нэмэгдүүлэх, Зөвшөөрлийн тоог эрс цөөрүүлэх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбар ил тод болгох; төрийн үйлчилгээний хүнд суртал, авлигыг бууруулах; Эдийн засгийн хөгжил, худалдааны асуудлыг хариуцсан бие даасан институцийг бий болгох гээд шийдвэрлэвэл зохих олон асуудал байна.

Цар тахлын үед эдийн засгийг сэргээх тал дээр Ерөнхийлөгч, Их хурал, Засгийн газар байр сууриа нэгтгэж байгаа нь их чухал юм. Тэгвэл хувийн хэвшлийнхэн бид өнөөдөр зөв зохион байгуулалтад орох, хүчээ нэгтгэх зайлшгүй шаардлага тулгарсныг хэлэх нь зүйтэй.

Эдийн засгийг том зургаар нь харж, төрийн зөв оновчтой зохицуулалт дэмжлэг, хувийн хэвшлийн оролцоо, төр хувийн хэвшлийн түншлэл дээр үндэслэн өнөөгийн тулгарсан сорилтыг боломж болгон Эдийн засагт их сэргэлтийг авчрахыг уриалан, үүнд МҮХАҮТ хувийн хэвшлээ манлайлан оролцохоо илэрхийлж байна.

Бидэнд шинэ итгэлцэл, шинэ ойлголцол, шинэ үзэл санаа, шинэ хамтын ажиллагаа, шинэ хандлагыг өнөөдрөөс эхлэн бий болгох зайлшгүй чухал шаардлага тулгарч байна. Энэ цагаас эхлэн энэ бүгдийг хамтдаа шинэ төвшинд гаргая, бид хамтдаа өнөөдөр яригдаж байгаа Монгол Улсын эдийн засгийг эрчимтэй сэргээх боломж, бололцоог богино хугацаанд хийж гүйцэтгэх, нөөц, итгэлцэл, бүх зүйл бидэнд байна. Өнөөдрийн уулзалтад амжилт хүсье. Та бүхэнд талархлаа илэрхийлье.