(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Номин Холдинг” ХХК-ийг Алтан гадас одонгоор шагналаа

2021/07/08 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 149 дүгээр зарлигаар Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Худалдаа үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Худалдаа, үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Номин Холдинг” ХХК-ийг Алтан гадас одонгоор шагнасныг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, ХХААХҮ-ийн Дэд сайд Г.Батсуурь нар гардууллаа.

Мөн энэ үеэр 2020 оны Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн цом, өргөмжлөлийг “Номин Холдинг”, “Номин Трейдинг”, “Номин тав трейд” ХХК-уудад гардуулав.

“Номин Холдинг” компани нь 1992 онд байгуулагдсан, борлуулалт үйлчилгээ, санхүү, импорт экспорт дистрибьюшн, технологи, үйлдвэрлэл инженерингийн чиглэлд 29 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Улаанбаатар хот болон 12 аймаг, орон нутагт 64 сүлжээ дэлгүүртэй, худалдааны салбарт тэргүүлэгч компани юм.

Мөн энэ онд Улсын их дэлгүүрийн 100 жилийн ой тохиож байна.

Худалдааны салбарт олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлсэн, 5800 гаруй ажилтан, 2 сая гаруй үйлчлүүлэгч, 10 мянга гаруй харилцагчтай “Номин Холдинг” ХХК-ийнханд баяр хүргэж, амжилт хүсье.