(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 19 дэх жилдээ ТОП 100 ААН-ийг тэргүүллээ

2021/07/08 0

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран 20 дахь удаагаа Монголын ТОП 100 аж ахуйн нэгжийг эрэмбэлэн зарласан бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийг дахин тэргүүлэв. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд ТОП 100 аж ахуйн нэгжийн цом, өргөмжлөлийг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин гардуулж өглөө.

Цом гардуулах үеэрээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин борлуулалт, татварын орлого, даатгуулагчийн тоо, ашгийн хэмжээ, хөрөнгийн эрэмбээрээ нийт аж ахуйн нэгжүүдээ манлайлж, Монгол Улсын ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ынханд баяр хүргээд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ус, цахилгаан, дулааны зардлын санхүүжилтийг шийдвэрлэсэнд иргэд болон хувийн хэвшлийнхэн талархалтай байгаа гэдгийг тодотголоо.

Эрдэнэт үйлдвэр 2020 онд хүдэр олборлолтын хэмжээгээ 32,5 сая тоннд хүргэж, түүхэн хугацаандаа хамгийн их хэмжээний хүдэр олборлолоо.

Түүнчлэн түүхэнд хамгийн их хөрөнгө оруулалт буюу 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, төсөвт оруулсан орлогын хэмжээ анх удаа 1 их наядыг давсан амжилттай ажиллалаа гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэллээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2020 онд 11,700.0 тонн зэсийн баяжмал, 934.12 тонн молибдены баяжмал төлөвлөгөөнөөс илүү үйлдвэрлэж, зэсийн үнийн уналтаас шалтгаалсан экспортын бүтээгдэхүүний борлуулалтын орлогын бууралтыг сааруулах арга хэмжээ авч ажилласны үр дүнд 47.4 тэрбум төгрөгөөр орлогыг нэмэгдүүлж ажиллажээ.