Монгол-Вьетнамын бизнес уулзалт боллоо
МҮХАҮТ-ын Дэд захирал Ц.Магнайбаатар Монгол Улсад айлчилж буй БНСВУ-ын бизнес эрхлэгчдийн төлөөллийг 4-р сарын 24-нд хүлээн авч уулзсан бөгөөд мөн энэ үеэр МҮХАҮТ болон БНСВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран Монгол-Вьетнамын бизнес уулзалт зохион байгуулагдлаа.
Монгол, Вьетнам хоёр улс 1954 онд албан ёсоор дипломат харилцаа тогтоож байсан бөгөөд энэ жил Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.
Тус уулзалтыг МҮХАҮТ-ын Дэд захирал Ц.Магнайбаатар, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зоан Хань Дам нар нээж үг хэллээ.
МҮХАҮТ-ын Дэд захирал Ц.Магнайбаатар МҮХАҮТ, Вьетнам улстай цаашид хамтрах боломжит эдийн засгийн салбарууд болон Бизнесийн сэргэлт хөтөлбөрийн талаар танилцуулаад "Монгол Улсаас Вьетнам Улс руу 2023 онд хонь, ямааны мах, малын дайвар бүтээгдэхүүн зэрэг 5 сая ам.долларын үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүн экспортолсон бол Вьетнам улсаас цагаан будаа, шар буурцгийн тос, лаазалсан самар, хатаасан жимс, хуванцар сав баглаа боодол зэрэг 115 сая ам.долларын үнийн дүнтэй бараа, бүтээгдэхүүн импортолсон" гэдгийг онцолсон. Тэрбээр цаашид манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа улам тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Элчин сайд ноён Зоан Хань Дам хоёр талын харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг илүү ахиулснаар 2023 оны 11-р сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам улсад хийсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүдийн тавьсан хоёр орны худалдааны эргэлтийн зорилтод тун удахгүй хүрээд зогсохгүй давна гэдэгт итгэлтэй байгаагаа дурдлаа.
Түүнчлэн тус уулзалтын үеэр БНСВУ-ын Ханой Ре компани болон Монголын Амар даатгал ХХК нар харилцан даатгах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус уулзалтад Вьетнамын талаас Мэдээллийн технологи, харилцаа холбоо, дижитал маркетинг, барилга, хууль зүйн зөвлөгөө өгөх, хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын тоног төхөөрөмж, бүх төрлийн цахилгаан шат үйлдвэрлэл, автоматжуулалт, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт, импорт, даатгал, үл хөдлөх хөрөнгө, худалдаа, Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн импортлох зэрэг салбарын 18 ААН-ийн 23 төлөөлөл, Монголын талаас барилга, мах, махан бүтэгдэхүүн, ХАА, аялал жуулчлал, мэдээлэл технологи, даатгал зэрэг салбарын 30 гаруй ААН-ийн 40 гаруй төлөөлөл оролцож хамтын ажиллагаа эхлүүлэх, идэвхжүүлэх яриа хэлэлцээрүүдийг өрнүүлэв.