(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

О.Амартүвшин: Инфляц бодит байдалд хэдийнэ хоёр оронтой тоо давчихсан

2021/11/10 0

Бизнесийн орчин, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа болон бусад асуудлаар Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа. МҮХАҮТ хувийн хэвшлийн дуу хоолой төдийгүй эдийн засгийг богино хугацаанд сэргээх талаар удаа дараа санаачилга дэвшүүлж, аж ахуйн нэгжүүдийн бодит байдал, бизнесийн орчны талаар цөөнгүй судалгаа хийж УИХ, Засгийн газарт хүргүүлж, олон нийтэд танилцуулж байсан билээ.

-Цар тахлын үед аж ахуйн нэгжүүдийн орлого нь буурч, хүнд байдалд үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хугацаанд хэчнээн аж ахуйн нэгж үүд хаалгаа барьсан бэ?
-Засгийн газар аж ахуйн нэгжүүд дампуураагүй, тэр бүү хэл ажлын байр хасагдаагүй гээд байгаа. МҮХАҮТ-аас статистик судалгаагаар хасагдсан байна гээд зөрүүтэй мэдээлэл гараад байна. ААН, бизнес эрхлэгчидтэй холбоотой бодитой тоон мэдээлэл Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогын дараа гарна. Нөхцөл байдал маш хүнд байгаа. Хил ирэх оны гуравдугаар сар хүртэл нээгдэхгүй нь тодорхой болсон. Өнөөдөр сонгууль нь болж байна. Хил хаах, нээхээс үл хамааран улсынх нь асуудал яригдаж байгаа энэ үед ковидын халдварт урд хөрш онцгой анхаарч байна. Араас нь өвлийн олимп болно. Ковидгүй болно гээд өмнөд хөрш улс дотроо зарлачихсан учраас Эрээний хил нээх эсэх нь Хятадын эдийн засагт юу ч биш. Энэ нөхцөлд манай улс халдвараа хянаж чадахгүй Хятад руу нэвтрүүлээд байхаар хилээ хаах нь ойлгомжтой.

Манай улсын бусад боомт нь уул уурхайн бүтээгдэхүүн нэвтэрдэг боомт шүү дээ. Гэвч тэнд ачих, буулгах талбай, дэд бүтэц, хүн ч байхгүй байна. Ковид-19 халдвар өнөөдөр гарчихсан биш. Хоёр жил гаруйн хугацаа өнгөрч байхад энэ бүгдэд бэлтгэлтэй байх ёстой байсан. Дотоодод халдварын тохиолдол бүртгэгдээд жил гаруйн хугацаа өнгөрч байна. Хэдийгээр хатуу хөл хорио тогтоохгүй байгаа ч түүхий эд, бараа материалгүй болчихсон ийм үед ямар ч үйлдвэрлэл, үйлчилгээ хэвийн явах боломжгүй. Тухайлбал, хоол үйлдвэрлэлийн салбарууд бүгд мах, гурилтай л үлдсэн байх шиг байна. 

-Жолоочийн даатгалын үр өгөөжийг сайжруулах, жолооч нарын эрх ашгийг хамгаалах зэрэг асуудлаар төрд авах талаар яригдаж байна. Уг асуудлаар зарим гишүүдийн өргөн барьсан хуулийн төсөл гишүүдийг талцахад хүргээд байна. Та өөрийн байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Төр оролцох шаардлагагүй л дээ. Татварын мөнгө биш шүү дээ. Даатгал гэдэг ирээдүйд болох эрсдэлийг урьдчилж сэргийлж байгаа хэлбэр. Албан журмын гээд байгаа санаа нь маргааш болох эрсдэлийг хэн ч мэдэхгүй учраас машин барьж байгаа хүн бүр даатгуулах ёстой гэсэн үг. Үүнийг нэгдсэн зохион байгуулалтад оруулах эрх нь даатгалын компаниудад байгаагаас биш төрд ямар ч хамааралгүй. Өнөөдрийг хүртэл тийм ч байсаар ирсэн.

Т.Аюурсайхан гишүүн уг нь эдийн засгийн ухааны доктор гэсэн. Өнгөрсөн оны нөхөн олговор бага байна гэх юм. Хоёр жил шахам улсаараа хөл хорион дунд байгаагаа мэдэж буй байгаа даа.

Улаанбаатар, орон нутаг тэг зогсолт хийсэн хугацаанд машин хөдлөхгүй байгаа юм чинь эрсдэл буурна. Улмаар нөхөн олговор ч буурч таарна. Энэ бол ковидын үеийн л жишээ. Түүнээс биш мөргөлдчихөөд мөнгөө авч чадахгүй байгаа жолооч байгаа гэдэгт итгэхгүй байна. Цагдаа оноо хасдаг, торгодог зэргээс хамаараад зарим нь хоорондоо зохицдогийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ хоорондоо зохицох уу, үгүй юу гэдэг нь тухайн хүмүүсийн л асуудал. Үүнд төр оролцоод даатгалын компани ашигтай ажилаж байна. Нэг сая жолоочийн эрх хөндөгдөж байна гээд л коммунист ч юм шиг, популист ч юм шиг зүйлийг хариуцлагатай Их Хурлын дэд дарга ярьж болохгүй. Харин сайжруулах ёстой зүйл байвал сайжруулж болно. Дээр нь албан журмын даатгал гэж төрийн юм шиг байгууллага бий. Нийгмийг соён гэгээрүүлэх зэрэг ямар ч ажил хийдэггүй. Үүнд зарцуул гээд өгсөн мөнгийг өөрийн орлого мэт болгочихсон хэсэг бүлэг байна. Энэ менежментийг сайжруулах, Албан журмын даатгуулагчдын холбоог даатгалын компаниуд өөрсдөө удирдан зохион байгуулдаг хувилбар руу шилжих ёстой. Төр энэ асуудал руу оролцоно гэдэг дэндүү увайгүй үйлдэл. Хувийн хэвшилтэйгээ төр өрсөлдөх ёсгүй. Мөн ашигтай гэсэн салбар болгонд төр оролцох нь зохимжтой үзэгдэл бүр ч биш.

-Засгийн газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд ААН-үүдэд бодитой дэмжлэг болж чадаж байна уу. Тэдэнд ямар нөлөө үзүүлсэн бэ?
-Эдийн засаг олон зүйлээс хамаардаг. Дотооддоо зөв зохион байгуулалт хийлээ гэхэд хил нь хаагдчихдаг. Энэ бүх үйл хөдлөл зөв уялдаа холбоотой байх ёстой. Харамсалтай нь биднээс хамаарах, хамаарахгүй олон асуудал байна. Эцсийн дүнд өнөөдөр бий болоод байгаа бүх хямрал ковидоос хамаарч ирсэн. Ковидын халдвар дотоод уялдаа холбоо, дэд бүтэц ачаалал даахуйц, хилийн боомтуудын нэвтрэх асуудал хэр зөв байж вэ гэдэгт дүн тавьчихлаа. Алтанбулаг боомтод ч нөхцөл байдал амаргүй байна. Тээврийн компаниуд хүнд нөхцөлд ажиллаж байгаа.

Эрээн, Тяьнжинд гацсан ачааг Замын-Үүдийн боомтод буулгаж болох ч тэнд дэд бүтэц нь алга.

Тиймээс цаашид тийм дэд бүтэцтэй болох шаардлагатай. Үүний тулд хувийн хэвшлийг дэмжих, зөв зохицуулах ажлыг хийх ёстой. Уул уурхайн боомтууд зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүнийг хариуцаж байна. Ямар нэгэн байдлаар зөрж уул уурхайн бус бүтээгдэхүүн орж ирдэггүй. Учир нь тэнд нь дэд бүтэц байхгүй. Өөрөөр хэлбэл, зарим боомтуудаа хөгжүүлэхгүйгээр зөвхөн нэг боомтоос хамааралтай байж болохгүй болчихоод байна. Ер нь ковид-19 халдвар нийгмийн олон сул талыг тодорхой харуулж байна.

Цар тахлын амрагүй үед аж ахуйн нэгжүүдэд ямар бэрхшээл, дарамт шахалт илүү тулгарч байна вэ?
-Нөхцөл байдал сайнгүй хэвээр байна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа, борлуулалт хүнд байгаа. Статистик үзүүлэлт харахад, хэвийн юм шиг боловч бодит байдал дээр зарим нь ажилчдынхаа цалин, түрээсээ ч цаг хугацаандаа төлж чадахгүй, дор бүрнээ л тэвдэж явна. Ийм эмзэг байхад нь төр татварын орлогыг хэт өөдрөг төсөөллөөр тооцоолж, татварын орлогыг бүрдүүлэхийн тулд аж ахуйн нэгжүүдэд маш олон дарамт, шахалт учруулж байна. Эдийн засагт үүссэн нөхцөл байдлаа бид харгалзаж үзэх хэрэгтэй л дээ. Хэвийн үйл ажиллагааг хангах талаар хэт олон субъект оролцсон, хяналт шалгалт нэрээр айлгаж, үйл ажиллагааг нь хориглох, хязгаарлах нөхцөлүүд байгаад байна. Үүнийгээ болих хэрэгтэй. Жишээ нь, ОХУ-д 2022 оныг дуустал бүх төрлийн ээлжит болон ээлжит бус хяналт шалгалтыг зогсоочихлоо.

Хүнд нөхцөл байдалтай байгаа энэ үед бид ч мөн адил ийм арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Ажлын байраа хадгалах нь чухал болохоос биш бусад нь сонин биш. Төрөөс хамааралтай үйл ажиллагаа дампуурах дөхчихөөд байхад төр эргээд ямар ч хариуцлага хүлээхгүй байна. Өнгөрсөн жилээс хойш ямар балмад арга хэмжээ авч ирсэн. Эцэстээ ковидын тархалтаараа дэлхийд ямар хэмжээнд эрэмбэлэгдэж байна. Нэгэнт ийм байдалд хүрчихээд байхад хоосон сүржигнэхээ одоо зогсоох хэрэгтэй. Нөхцөл байдлыг илүү бодиттой үнэлж, дүгнэх цаг үе. Хэвийн ажиллаж, амьдрах орон зайг нь хангах, аж ахуйн нэгжүүд ч хариуцлагатай байх шаардлагатай.

-Төрөөс аж ахуйн нэгжүүдэд авч байгаа захиргааны арга хэмжээгээ хязгаарлах, үйл ажиллагаа хэвийн явуулах боломжийг нь олгох ёстой гэсэн байр суурьтай байгаа юм байна. Төрөөс хувийн хэвшилд шаардлагатай дэмжлэг, арга хэмжээ юу байна вэ?
-Тийм. Дэлхий даяараа ковидын халдвар хэзээ зогсохыг хэлж мэдэхгүй байгаа шүү дээ. Төр хийж чадахгүй бол ядаж гай болохоо болих хэрэгтэй. Хил дамнасан худалдааг хэвийн болгохын тулд ковидын тархалтаа хумих хэрэгтэй байна. Шаардлагатай бол бүх нийтийг заавал вакцинжуулах шаардлагатай. Вакцинд хамрагдах нь хувь хүний эрх нэрийн дор өнөөдрийг хүртэл явлаа. Гэтэл манай гол худалдааны түнш Хятад улс тархалтаа хумихаар хатуу бодлого хэрэгжүүлээд эхэлчихсэн. Тиймээс хаа хаанаа хариуцлагатай, ухамсартай байх хэрэгтэй. Ирэх оны гуравдугаар сарын 1 хүртэл Эрээний нөхцөл байдал өнөөдрийнх шиг байвал, бид тархалтаа цаашид хумьж чадахгүй бол нөхцөл байдал улам дордоно. Хил хаалттай байгаа цагт бид ямар ч арга хэмжээ авах боломжгүй. Талхыг зөвхөн гурилаар хийхгүй биз дээ. Олон орц, найрлага, сав баглаа боодол шаардлагатай болно. Тэр нь орж ирэхгүй бол тухайн салбарын үйл ажиллагаа дагаад доголдож эхэлнэ гэсэн үг. Социализмын үеийнх шиг сав баглаагүй ачаад байна гэж байхгүй шүү дээ. Ийм байдалд хүрэхгүйн тулд халдварыг хумих л юм.

-Нөгөө талаар аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулаан, тог, усных нь төлбөрөөс чөлөөлөх зэргээр тодорхой хэмжээгээр төрөөс дэмжлэг болж, сул зардлыг нь бууруулж өгч байхад зарим нь бараа, бүтээгдэхүүний үнээ огцом нэмж байна. Эдгээр төлбөрөөс хөнгөлж, чөлөөлөөгүй байсан бол хэчнээн төгрөгөөр нэмэгдэх байсан юм бэ гэдэг шүүмжлэл бас олон нийтийн дунд гарч байсан. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Тээврийн зардал 10 дахин өсчихсөн. Одоо бүр орж ирэхгүй байна. Үндсэн түүхий эдээс тээврийн зардал өндөр болоод хувирчихлаа. Сав, баглааны тасалдал үүссэн. Аливаа эдийн засаг эрэлт, нийлүүлэлттэйгээ уялдах ёстой. Нэгэнт өртөг өсөж байгаа энэ үед үйлдвэрлэгчийг буруутгах хэцүү. Түүхий эд байхгүй учраас байгаагаараа ажилчдынхаа цалинг хэрхэн хангах вэ гэдэг асуудалтай нүүр тулж байна. Нэгж бүтээгдэхүүний тоо буурвал үнэ өснө. Бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой гэдгийг хэрэглэгчид ойлгох хэрэгтэй.  Өнөөдөр Монголын инфляц хоёр оронтой тоо руу ороогүй байна гэж яриад байгаа ч бодит байдал дээр аль хэдийн орчихсон байгаа.

-2022 оны улсын нэгдсэн төсвийг удахгүй батална. Төсөвт хувийн хэвшил, аж ахуйн нэгж рүү чиглэсэн, тэднийг дэмжсэн ямар бодлого, чиглэл байна вэ?
-Манайхаас нэг зүйлд санал хүргүүлсэн. Тухайлбал, шинэ хөрөнгө оруулалтуудыг зогсоох шаардлагатай. Харин нэгэнт эхэлчихсэн, дутуу гүйцэтгэлтэй байгаа ажлуудаа дуусгах хэрэгтэй. Гэвч эдгээр ажил бүгд ирэх жил хийгдэх боломжгүй байдалд хүрсэн. Учир нь төсвийн индексийг 2021 оны нэгдүгээр сараар тавьчихаад байгаа. Үүнээс хойш бүх зүйлийн ханш өсчихсөн. Өнөөдөр тендер зарлаад ч тийшээ орох компани байхгүй болсон. Төрийн худалдан авалт болон төрийн өмчит үйлдвэрийн газар, компаниудын худалдан авалт ч ялгаагүй зогсонги байдалтай байгаа. Үүнийг зөвөөр харж, тооцоолохгүй бол 2012 онд болсон үйл явдал шиг нөхцөл байдалд орох гээд байна.

-Ковид-ын халдвар хэдий хугацаанд үргэлжлэхийг дэлхий нийт ч мөн адил хэлж мэдэхгүй байна. Дууслаа гэхэд үүнээс үүдэлтэй эдийн засийн хүндрэл үргэлжлэх байх?
-Өнөөдөр Европын холбооны улсуудад гурав, дөрөв дэх давалгаа нь эхэлж байна. Эрт, оройгүй энэ давалгаанд өртөнө гэдгийг ойлгох хэрэгтэй байх. Хятад улс хатуу хяналт тавьж байгаа ч өнөөдөр тархалт нь олон цэг дээр нэмэгдэх хандлагатай байна. Тиймээс ковидын халдвар хэзээ зогсох вэ гэж хүлээх биш тодорхой циклтэй дараагийн тунгуудын асуудал яригдах байх. Эмчилгээ нь ч дэлхий дахинд олон хувилбараар гараад эхэллээ. Эрсдэл ч багасаж эхэлсэн.

Одоо аж ахуйн нэгжүүдийнхээ ажлын байрыг дэмжих чиглэл рүү цаг алдалгүй орох ёстой.

Эдийн засаг хоёр жил орчим дэлхий дахинд хязгаарлагдмал байлаа. Энэ нь эдийн засгийн том үсрэлтийг бий болгоно. Үүнийг дагаж Монгол Улс бэлэн байх үүднээс “Шинэ сэргэлтийн бодлого” хуулийн төсөл яваа. Үүнд танхимаас идэвхтэй оролцож, ажиллаж байна.

Эх сурвалж: www.newspress.mn