Газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамлын чиглэлээр Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахыг хүслээ
МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар БНХАУ-ын Ляонинь мужийн Бенши хотын удирдлагуудтай /2024.04.22/ уулзалт хийлээ. Уулзалтад Ляонинь мужийн Бенши хотын намын дарга Ву Лань, тус хотын ардын засгийн газрын ордны дэд дарга, технологийн бүсийн хорооны нарийн бичгийн дарга Фанг Инг тэргүүтэй төлөөлөгчид оролцов.
Улмаар Монгол, Хятад хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцов. Уулзалтын хүрээнд Хятадын зүүн хойд бүс нутагт байрлах Ляонинь муж нь Монгол улстай хамгийн ойр далайн боомттой муж гэдгийг ноён Ву Лань онцлоод Монгол улстай боомт, тээвэр логистик, уул уурхайн бүтээгдэхүүн, уламжлалт эм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний нийлүүлэлт, дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Ляонинь мужийн Бенши хот нь байгалийн арвин их баялагтай, газар тариалан, ган төмөрлөг, эмийн ургамал зэрэг гурван томоохон үйлдвэрлэл эрхэлдэг. Ган төмөрлөгийн олборлолт, үйлдвэрлэлтээрээ БНХАУ-ын 40 хувийг хангадаг. Уурхайн олборлолтоос бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүх шат дамжлага бүхий томоохон үйлдвэрүүдтэй. Түүнчлэн эмийн ургамалын үйлдвэрлэлийг дагасан уламжлалт анагаах ухааны зургаан их сургууль, бараа бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн олон үйлдвэрүүдийг нэгтгэсэн эмийн ургамалын аж үйлдвэрийн парк үйл ажиллагаа явуулж байна гэлээ.
Мөн хурдны вагон, метро гэх мэт зам тээврийн салбар хөгжсөн учраас энэ тал дээр мөн хамтран ажиллах нөхцөл бололцоо бүрэн дүүрэн бий. Манай танхимын гишүүн компаниудтай танай танхимын гишүүд холбогдож, аж ахуй нэгжүүд нь манай хотод очиж туршлага, судалгаа хийж болно. Манай хотын зүгээс экспорт импортын хил, гаалийн асуудалд түргэн шуурхай ажиллаж, хөнгөлөлтүүд үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Харин МҮХАҮТ-ын дэд захирал Ц.Магнайбаатар хэлэхдээ “МҮХАҮТ үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. 21 аймагт салбар танхимтай. 6000 орчим гишүүн байгууллагууд бүртгэлтэй байна. Удахгүй МҮХАҮТ-ын тухай хуулийг хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэ жилдээ багтаагаад хууль маань шинэчлэгдэнэ гэж найдаж байна. Хууль батлагдвал Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуй нэгжүүд салбар салбараараа танхимын гишүүнчлэлтэй болоод, улам өргөжих боломж бүрдэнэ. Монгол Улсад барилга бүтээн байгуулалтын салбар хөгжиж байна. Тэгэхээр гангийн, барилгын материалын хэрэгцээ шаардлага асар их байгаа. Уламжлалт эмийн салбарт бас хамтарч ажиллах боломжтой. Монгол Улс байгалийн баялаг сайтай, эмийн ургамлууд бас тариалдаг. МҮХАҮТ энэ жил сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр орон ажил хийхээр төлөвлөж байна. Хамгийн ойрхон нь тавдугаар сард энэ чиглэлээр олон улсын үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар бэлтгэж байна. Дээр та бүхний дурдсан бүх салбарууд дээр хамтарч ажиллах боломжууд байна. Энэ чиглэлд ажилладаг аж ахуй нэгжүүдээ бизнес групп болгоод газар дээр нь очиж танилцах боломжтой” гэлээ.