• MN
  • EN
  • CN
  • RU
  • Мах, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хохирлыг барагдууллаа
    02/14/2018

    Өнгөрөгч оны есдүгээр сард ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулагдсан Монгол- Хятадын II ЭКСПО арга хэмжээний үеэр БНХАУ-ын хилийн хорио цээрийн байгууллагын шаардлагын улмаас дотоодын зарим компанийн бараа бүтээгдэхүүн хил нэвтэрч чадалгүй, тодорхой хэмжээний хохирол амссан билээ.

    Уг хохирлыг барагдуулахаар ХХААХҮЯ болон МҮХАҮТ шаргуу ажилласны үр дүнд Хятадын тал 78 мянган ам.долларын дэмжлэг үзүүлэхээр болсон юм.

    Үзэсгэлэн худалдаанд оролцохоор мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нийт 39 ААН бүтээгдэхүүнээ ачуулснаас 26 нь МҮХАҮТ-ын шугамаар оролцсон. Эдгээр ААН-ийн төлөөллийг тус танхимын орлогч дарга М.Сарандаваа тэргүүтэй  ажлын хэсгийнхэн хүлээн авч уулзаж учирсан хохирлын хувь хэмжээг нягтлан, нөхөн олговор өгөх ажлыг зохион байгуулж байна.

    Энэ үеэр бүтээгдэхүүний тоо ширхэг, нэр төрлийн мэдүүлгийн зөрчилгүй компаниуд хохирлоо 100 хувь хүлээж авлаа. Зарим компанийн хувьд дахин тодруулах, тулгах шаардлага байгаа ч Танхим уг арга хэмжээг зохион байгуулагчийнхаа хувьд асуудлыг аль болох шуурхай зохицуулахаар ажиллаж байна. Одоогоор нийт 18 компанийн төлөөлөлтэй уулзаж, 12 ААН-ийн хохирлыг барагдуулаад байна.

    Нэр бүхий зарим ААН-ийн төлөөлөл бидэнтэй сэтгэгдлээ хуваалцсан юм.

    “Монгол маркет” ХХК-ний захирал Д.Тунгалаг:

    • Сар шинийн босгон дээр хохирлоо 100 хувь барагдуулж авсандаа маш баяртай байна. Санасныг бодоход богино хугацаанд асуудлыг шийдэж өглөө. Хэдий асуудал хоёр орны Засгийн газар хоорондын хэмжээнд хүрсэн ч МҮХАҮТ бизнес эрхлэгч, гишүүн ААН-үүдийнхээ талд тууштай зогссонд талархаж байна. Дараа дараагийн арга хэмжээнд аль аль талдаа туршлага боллоо.

    “Очир дагинас” ХХК-ийн Маркетинг, борлуулалтын албаны дарга Ж.Айбек:

    • Манай компани уг үзэсгэлэнд махан бүтээгдэхүүнээр оролцсон. 2015 онд анхдугаар ЭКСПО-д бас оролцож байсан. Хятадын талын хорио цээрээс болоод бүтээгдэхүүн маань Хөх хотын хил дээрээс буцаагдаж, улмаар устгалд орсон. Гэхдээ бид хохирлоо барагдуулж, нөхөн олговор авлаа. Ямар ч байсан хохиролгүй боллоо. Энэ ажлыг зохион байгуулсан бүх хүнд баярлалаа.

    “Номин сүү” ХХК-ийн захирал Г.Сонороо:

    • Хятадын талаас үзүүлж байгаа дэмжлэгийг шуурхай, шударга зохион байгуулж, тахиа жилдээ багтаан олгож байгаад сэтгэл өндөр байна. Манай компанийн хувьд нэр төрөл, хувь хэмжээн дээр харьцангуй зөрчил бага учир асуудалгүй байлаа. Ер нь бол цаашид бараа бүтээгдэхүүнээ хил давуулахдаа тухайн улсынхаа хорио цээр, тээвэрлэлт, хадгалалтын горимыг сайтар судлах, мэдээлэл авах хэрэгтэй юм байна.

    “Сарлагийн цагаа” Хоршооны захирал Х.Эрдэнэ:

    • Бид сүү, сүүн бүтээгдэхүүнээр оролцохоор бэлтгэсэн. Хэдийгээр бараа бүтээгдэхүүн маань хил гаалиар гарч чадаагүй ч ямар ч байсан нөхөн олговор авч, хохиролгүй боллоо. Биднийг эрсдлийг дааж, шаргуу хөөцөлдсөн Танхимдаа баярлалаа.

    Дашрамд дурдахад, өнгөрөгч хугацаанд хэвлэл мэдээллээр МҮХАҮТ нь бизнес эрхлэгчдийг хохироосон мэтээр ташаа мэдээлэл гарч байсанд харамсч байгаа бөгөөд  гишүүн ААН, бизнес эрхлэгчдийн төлөө тасралтгүй ажилласны үр дүн ийнхүү гарсанд баяртай байгаа юм.

    Latest 150
    Latest 150