• MN
  • EN
  • CN
  • RU
  • Б.Лхагважав: Татварын нэмэгдлийг цуцлах боломж бий
    01/15/2018

    Татварын шинэчлэл эдийн засгийн өсөлтийн суурь болдог
    Энэ оноос хэрэгжиж буй татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл бизнесийн орчинд хэрхэн нөлөөлөх талаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.

    -Татварын мөн чанар юу вэ гэдгээс яриагаа эхэлье. Яагаад гэвэл татварын нэмэгдлээс болж нийгэмд нэлээд бухимдал үүсээд байна?
    -Татварын онол, систем, эрх зүйн үндсэн үзэл санаа нь Үндсэн хуулиас урган гардаг. Өмнөх нийгэмд иргэнээ өмчгүй байлгах, чөлөөт худалдааг хориглосон байсан тул татварын систем ч түүнд нь үйлчилж байсан. Харин нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж, иргэд аж ахуйн үйл ажиллагаа чөлөөтэй эрхэлж, тэр хэрээр хөдөлмөрийн харилцаа ч чөлөөтэй болсон. Тиймээс үүнд тохирсон татварын бодлого явагдах ёстой байсан. Гэвч бид 1992 оны Үндсэн хуулийн үзэл санаатай нийцсэн татварын системийг зах зээлд шилжихдээ бүрдүүлж чадаагүй. 1993 оноос татварын багц хуулиуд батлагдсан ч социалист үзэл санаа ихтэй байсан. Хууль хэрэгжүүлэгчид нь ч ялгаагүй. Энэ байдал явсаар байгаад 2005 онтой золгосон.

    -Та тэр үеэс л эхлэн өдийг хүртэл энэ талаар ярьж байна?
    -Надад ярих шалтгаан бий. Өнгөрсөн 27 жилийн турш бизнес эрхэлсэн миний хувьд эргээд харахад татварын бүх хууль нь хүн татвар төлөөд жаргалтай бус харин зовлон, дарамтад орох систем болсныг ойлгосон хэрэг. Уг нь иргэн хүн аж ахуй эрхлэхэд нь тусалдаг, зах зээл дээр зөв өрсөлдөөнийг бий болгоход татварын систем чиглэх ёстой. Тиймээс ч 2005 онд хийсэн татварын орчны шинэчлэлд тэрхүү сул талыг засаж сайжруулахад анхаарч, “дөрвөн 10”-ын бодлого гаргаж байлаа. Өмнө нь хувь хүн болон аж ахуйн нэгж орлогоосоо 45, 25, 15 хувийг татварт төлдөг, НӨАТ-т 15, нийгмийн даатгалын шимтгэлд 19 хувийг төлдөг байсан. “Дөрвөн 10”-ын бодлогоор энэ бүхнийг 10 хувь болгож бууруулсан юм. Харамсалтай нь, энэ бол татварын тоо, хэмжээг багасгасан зохицуулалт байнаас биш Үндсэн хуулийн үзэл санаанд нийцсэн, иргэндээ ээлтэй шинэчлэл болж чадаагүй.

    ТАТВАРАА ТӨЛДӨГ СИСТЕМИЙГ 2008 ОНД БҮРДҮҮЛЖ ЧАДААГҮЙ

    -Энэ өөрчлөлтийн бодит ач холбогдол, бас сургамж нь юу байсан бэ?
    -Шинэчлэл 2007 оноос үйлчилж эхлээд удаагүй байтал дэлхийн санхүү, эдийн засгийн томоохон хямралууд болсон. Харин бид татварын шинэ орчинтой зэрэгцүүлэн татварын өршөөл үзүүлснээр аж ахуйн нэгжүүд бүгд нэг гараанаас эхлэх боломж олгосон. Өршөөл үзүүлснээр 5.6 их наяд төгрөг буюу тухайн үеийн ханшаар дөрвөн тэрбум ам.долларын бараа ажил, үйлчилгээг ил болгож, 1992 оноос үйлчилсэн татварын хуучин системийг амжилттай хаасан. Ер нь нийгмийн шилжилтийн үед татварын тогтолцоо 10-15 жилийн хугацаанд шинэчлэгддэг зүй тогтол бий. Түүнээс гадна тухайн үед “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчдаас дөрвөн тэрбум ам.доллар Монгол Улсад орж ирсэн.
    Ингээд өөрсдөө ил болгосон, гадаадын хөрөнгө оруулалтын нийт найман тэрбум ам.доллар л үндсэндээ 2010, 2011 оны эдийн засгийн өсөлтийг бий болгосон юм шүү дээ. Гэхдээ татварын өршөөлийн хуулийг тэр үед бүртгэлтэй байсан 43 мянган компанийн 2200 нь л ашигласан. Хуулийн хүртээмж муу байсан нь зах зээл дээр хууль тэнцвэртэй бус үйлчилсэн хэрэг. Ингэснээр эдийн засгийн эрх чөлөө эдэлж чадсан компаниудын орлого эдийн засгийн ид өсөлтийн үед 3-5 дахин нэмэгдсэн. Ашиглаж чадаагүй 41 мянган компанийнх нь массаараа хоёр дахин багассан байгаа юм. Бас өршөөлд хамрагдсан аж ахуйн нэгжүүд цаашид татвараа яах аргагүй төлдөг системийг 2008 онд хийж өгч чадаагүй нь гол сургамж юм.

    -Энэ удаагийн шинэчлэлээр тэр алдааг зассан уу?
    -2011 онд би иргэний хөдөлгөөний гишүүн байхдаа тухайн үеийн Ерөнхий сайдтай татварын системийн өөрчлөлтийг төгс хийе, банкны системийг өөрчилье гэж тохиролцож чадсан. Эдийн засаг 17 хувь өсөж байсан цаг. Хэрэв уг хоёр өөрчлөлтийг хийж чадвал эдийн засгийн макро өсөлт татварын системээр дамжиж микро эдийн засагт шингэх байсан юм. Харамсалтай нь, 2012 онд хүрд эргүүлэх бололцоо олдоогүй. Харин 2013 онд эхэлсэн хямрал татварын системийг шинэчлэхэд давуу тал болсон. Яагаад гэвэл хямралын үед л улстөрчдийн чих зөөлөрдөг байхгүй юу. Тиймээс хямралыг далимдуулж 2015 онд 145 мянган аж ахуйн нэгжийн санхүү, татварын тайлан балансыг нэг болгож, өмчийн хуваарилалтыг цэгцэлсэн.

    Тэгэхдээ 2008 оны алдааг давтахгүйн тулд НӨАТ-ын хуулийг шинэчилсэн. Үндсэндээ 2016 оноос санхүү бүртгэлийн хуулиуд бүгд шинэчлэгдсэн. Одоо татварын ерөнхий болон аж ахуйн нэгж, хувь хүний орлогын албан татварын хуулиудаа шинэчилж чадаагүй байгаа нь бидний дутуу хийсэн нэг ажил. Тийм учраас би УИХ-аас одоо батлахыг шаардаад байгаа юм. Энэ гурван хууль НӨАТ-ын шинэ хуультай араа шүдээрээ холбогдож, татварын шинэчлэлийг хурдасгах учиртай.

    -Өнгөрсөн оны эдийн засгийн өсөлтийн ноён нуруу нь НӨАТ байсан. Энэ таны хувьд хэр зэрэг хангалттай үзүүлэлт вэ?
    -НӨАТ-ын шинэ систем үйлчилж эхлэхэд улсын хэмжээнд 1700 касс байсан. Түүнээс хойш жил хагасын хугацаанд 63 мянга болж нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, татварын орлого 1.3 их наяд төгрөгөөр давж биелсэн нь татварын бааз суурийг 40 дахин өсгөсөн 63 мянган кассын машины үр дүн.

    НИЙГМИЙГ БУХИМДУУЛБАЛ ТАТВАРЫН СИСТЕМ ГАЦНА

    -Оны эхнээс хэрэгжиж байгаа татварын нэмэгдлийг эсэргүүцэгчдийн нэг нь та. Энэ шийдвэрийн учруулах хор уршиг нь их үү?
    -Энэ шийдвэрийг гаргасан хүмүүс ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд зүгээр цаасан дээрх тоо харж байгаад л татвар нэмэх ёстой гэж үзсэн. Уг нь татварын бааз суурь өргөжсөн, НӨАТ-ын систем сайжирсан, 2016 онд 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн гээд олон боломж байна. Гэвч энэ бүхнийг огт хараагүй учраас муйхар шийдвэр гаргасан. Төсвийн цоорхойг нөхөх маш амархан шүү дээ. -Сангийн яаманд хичээл заах болчихсон бололтой? -Заахгүй бол болохгүй байна. Сангийн яам дахиад муйхарлана гэдгийг мэдсэн учраас би их сургуулийн докторуудтай хамтраад улсын төсвийн долоон төрлийн орлого, зарлагыг оновчтой байлгах хоорондын хамаарлыг гаргаж, загвар боловсруулсан юм. Үүнийгээ онолын ном болгосон. Бас программыг нь ч бэлдэж Сангийн яам, УИХ-ын даргад гардуулж өгсөн. Ном нь хэвлэлтээс гарангуут УИХ-ын гишүүдэд үнэгүй тараана. Одоо татвар, төсвийн бодлогыг онолтой явуулахыг бид шаардана. Сангийн яам, ОУВС-гийн онолын загварыг үзэж, өөрсдийн боловсруулсантай харьцуулна.

    -Та бүхний загвараар төсвийн алдагдлыг бууруулах ямар боломж байна вэ?
    -Ойрын хоёр жилдээ гадаад өр зээлийг 122 хувиар багасгаж байж төсвийн алдагдал багасна. Мөн төрөл бүрийн татаасыг 77 хувь багасгах хэрэгтэйг бидний боловсруулсан загвар харуулж байна. Татаас зах зээлийн эрүүл мэндэд асар их хохирол учруулдгийг нийтээрээ харж байгаа. Гурилын хувьд гэхэд үйлдвэрлэгчид импортын улаанбуудайг өөрсдөө худалдаж авсан нь илүү дээр гэдгээ хэлж байна шүү дээ. Мөн төрийн албан хаагчдын цалинг 10 хувь нэмэхэд төсвийн бусад орлого, зарлага яаж өөрчлөгдөж байгааг тооцоолж, харуулдаг. Нэг ёсондоо бид Сангийн яамны ажлыг хийгээд өгсөн хэрэг.

    -Гол нь хэрэглэх юм болов уу?
    -Миний хэлснийг аль болох түрүүлж хэрэгжүүлсэн нь хождог юм. Би 27 жил зах зээлийн тоглогч байсны хувьд макро эдийн засгийн сайн, муугийн горыг татвар төлөгчид үүрдэг гэдгийг биеэрээ мэддэг хүн. Төгрөгийн ханш 80 хувиар унахад хэн гэдэг дарга хохирдог юм бэ. Та хэлж чадах уу. Ханшийн уналтын зөрүүг өнөө хэдэн компани нөхөж, эрсдэл үүрдэг. Тиймээс татвар төлөгчид бид татвартай холбоотой аливаа асуудалд маш сонор сэрэмжтэй байхгүй бол үргэлж дарга нарын буруу шийдвэрийн золиос болдог.

    -Одоо мэдсээр байж л золиос болчихлоо шүү дээ?
    -Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард гаргасан шийдвэр одоо хэрэгжиж байна. Хамгийн харамсалтай нь манайхан тэр үед “унтаж” байсан. Сүх далайтал үхэр амар гэгчээр. Гэхдээ аргыг нь олбол зарим нэг татварын нэмэгдлийг цуцлах боломж бий. Ч.Хүрэлбаатар сайдад би хэлсэн. Тухайлбал, ХХОАТ-ын нэмэгдлийг гэр бүлийн гишүүдийн тоонд хуваах зохицуулалт хийхэд л хангалттай. Гэр бүлийн гишүүн тус бүрд 1.5 сая төгрөгийн орлого ногдохгүй нь тодорхой шүү дээ. Дэлхий даяараа л ийм хүмүүнлэг арга хэрэглэж байгаа. Энэ сарын дундуур ирэх ОУВС- гийнханд 1.3 их наяд төгрөгөөр давж биелсэн татварын орлогын дүнгээрээ тайлбарлаж болно шүү дээ. Татварын системийн шинэчлэлийн ачаар татварын орлого 26 дахин давж биелсэн. Тиймээс татвар, цалинтай холбоотой асуудлаар нийгмийг бухимдуулж хэрэггүй гэдгийг ойлгуулж, эвтэйхэн уучлалт гуйхад нааштай хариу өгнө гэж найдаж байна. ОУВС-гийн ард ч бас хүн л бий шүү дээ. Хэрэв татварын орлого биелээгүй байсан бол бид муухай царайлаад төлнө л дөө.

    -Та маш их найдлага тавьж байна, тийм үү?
    -Хэдийгээр ОУВС манайд хөтөлбөр хэрэгжүүлж байгаа боловч татвар нэмэх, хасах, байхгүй болгох онцгой эрх нь УИХ-д бий. Татварын орлого давж биелсэн нь 63 мянган кассын машины ач тус болохоос биш бизнесийн болон гадаад, дотоод орчин сайжирсантай огт холбоогүй шүү дээ. Тийм учраас ядуучууд, ажилгүйчүүдийн тоо өссөн өнөө үед нийгмийг бухимдуулж яагаад ч болохгүй. Нөхцөл байдал хүнд байхад дахиад татвар нэмж нийгмийг бухимдуулбал татварын систем дахиад гацна шүү. Компаниудыг яаж урамшуулж, хөнгөлж байж энэ системийг бий болгосныг бүгд мэдэж байгаа. Одоо үүнийг гацаавал гурав дахь удаагаа хийж чадахгүй. Энэ шинэчлэлийг эхлүүлэх үед сөрөг хүчин байсан өнөөгийн эрх баригчид хар машиныг шатаана гээд л явж байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр үр шимийг нь хүртчихээд сууж байна.

    НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГИЙН МЕНЕЖМЕНТ ТУЙЛЫН БҮДҮҮЛЭГ

    -НДШ нэмэгдсэнээс болж компаниуд цомхотгол хийнэ, эсвэл ажилчдынхаа цалинг өөр маягаар олгож эхэлнэ гэх мэтээр яриад байна л даа. Ер нь Засгийн газрын хүссэн шиг нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэх болов уу?
    -Үүнийг компаниуд өөрсдөдөө амраар зохицуулаад л явчих байх. Хамгийн гол нь нийгмийн даатгалын санд төвлөрдөг хоёр их наяд төгрөгийн менежмент туйлын бүдүүлэг байна. Энэ мөнгийг зах зээлд нь зөв эргэлдүүлж, өсгөх ажлаа л сайн хиймээр байгаа юм. ОУВС-д хандах болсон үндсэн шалтгаан бол эрх баригчид их мөнгөний менежмент ерөөсөө хийж чаддаггүйд л байгаа юм. Манай улсын төсөв ДНБ-ий 30 орчим хувьтай тэнцдэг. Үлдсэн 70 хувь нь чөлөөт зах зээл дээр байгаа. Их мөнгөний менежмент хийж чаддаггүйгээс төсвийн 30 хувиас гадна цаана нь байгаа 70 хувийг ч давхар унагачих эрсдэл өндөр байгааг ОУВС мэддэг учраас л оролцоод байгаа юм. Тиймээс тусламж болгож өгч байгаа зургаан тэрбум ам.долларын менежментийг мэргэжлийн хүмүүсээр хийлгэх гээд байгаа юм. Харин тэдний хийсэн ажлын цалинг өөр хүмүүс аваад байна л даа /инээв/.

    -Та татвар, НДШ-ийн нэмэгдлийг тооцоогүй хийсэн гэж байна. Харин тэтгэврийн насыг хойшлуулсан талаар бодлоо хэлэхгүй юу?
    -Нэг хүн тэтгэвэрт гарахад дараагийн хүн орох ажлын байр бий болдог. Энэ сэлгээ хэдэн насанд оновчтой байхыг 1950-иад онд хүн төрөлхтөн судлаад мэдчихсэн юм аа. Хүний ид нас 42. Энэ үеэс хүн тэтгэвэрт гарах бэлтгэл хийгдээд, боловсон хүчний залуу үе доороосоо бэлтгэгддэг юм. Тиймээс эмэгтэй хүн 55, эрэгтэй хүн 60 насандаа тэтгэвэрт гардаг. Тэтгэврийн насыг нэмэх нь механикаар хийчихдэг зүйл биш.

    ХҮНИЙ НӨӨЦ, ТЕХНОЛОГИДОО ХӨРӨНГӨ ХАЯСАН КОМПАНИ ХОЖНО

    -Ажил олгогчид танд ямар зовлон хэлж байна?
    -Татварын өршөөлөөр 33 мянган компани 34 их наяд төгрөгийн ажил, үйлчилгээг ил гаргасан. Тийм учраас гол хэлдэг зовлон нь харьцангуй намжаад байна. Гэхдээ дөрвөн жил үргэлжилсэн эдийн засгийн зудын дараа компаниуд дөнгөж л өндийж байгаа тул зах зээл дээр дахин байр сууриа олох гээд завгүй байгаа. Хамгийн гол нь, үүн дээр нь нэрмээс болж, дахиад татвар хураамж нэмж, ажилчдын сэтгэл санааг үймүүлэх хэрэггүйг анхааруулж байна. Татварын нэмэгдлээ тайлбарлахдаа хөдөлмөр эрхлэгчдийн 6-7 хувьд л хамаатай гэж байна. Уучлаарай, тийм амархан зүйл байхгүй. Нарийн яривал, 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай хүмүүс бол мэргэжилдээ маш сайн, хөдөлмөрийн хуулийн арай өөр зохицуулалт үйлчилдэг хэсэг байдаг юм.

    -Ажил олгогчдын хүсэж байгаа зүйл яг юу вэ?
    -Манай бизнесийнхэнд тайван, тогтвортой орчин хэрэгтэй байна. 5.8 хувийн өсөлтөө гурван жил барьчихмаар байна. Уг нь компаниуд ажилчдынхаа цалинг нэмэх сонирхолтой байсан юм шүү дээ. Нийгмийн даатгалын сангийн алдагдал нөхөгдөх байсан гэсэн үг. Гэтэл одоо 1,499.000 төгрөгийн цалинтай болчихлоо. Нийгмийн шинжтэй аливаа зүйлд дээд, доод хязгаар тавихын хор нөлөө их байдаг юм. Сургамж ч бий. 1997 онд НӨАТ-ын хуульд компаниудын татвар төлөх борлуулалтын орлогод 10 сая төгрөгийн босго тогтоож өгсөн. Зөвхөн энэ заалтаас болж Монголын аж ахуйн нэгжүүдийг давжааруулж, компанийн хөгжилд хамгийн их гай тарьсан.

    100 компанитай хүн хүртэл байлаа шүү дээ. Тиймээс эрх баригчид ухаантай царайлахын оронд жимсээ хураахад бэлдэх ажлаа л сайн хий. НӨАТ-ын хар машинаа сайн байрлуулах хэрэгтэй. Тэгвэл 34 тэрбум биш 300 тэрбум байтугайг олно. Орлого олж л байгаа бол бүгд татвар төлдөг шударга тогтолцоог л хүсдэг. Татвараа төлж байгаа нь л зах зээлээ эзэлье гэж бизнес эрхлэгчид хэлж байна. Эцсийн эцэст нийгмээр хожих аргыг л хайх хэрэгтэй. Тиймээс татвар нэмэх биш хүндээ хөрөнгө оруулахыг компанидаа уриалсан нь хамаагүй үр дүнтэй. Өнгөрсөн жилүүдэд компаниуд ахуйгаа сайжруулсан бол одоо засаглалаа сайжруулж, хүний нөөц, технологидоо хөрөнгө хаях цаг ирсэн. Ингэсэн компани хожно.

    Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

    Latest 150
    Latest 150