• MN
  • EN
  • CN
  • RU
  • ОУВС-ийн суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч уулзлаа
    05/09/2017

    МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, танхимын дарга М. Оюунчимэг  нар Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгч Нэйл Сакерыг хүлээн авч “Өргөтгөсөн Санжүүжилтын Хөтөлбөр”-ийн талаар ярилцлаа.

    Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважав, Засгийн газраас төсвийн зардлыг нэмэгдүүлэх, тэтгэврийн насыг нэмэх асуудлыг Олон Улсын Валютын Сангийн “Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр” хэрэгжүүлэх нэрийн дор УИХ-д өргөн барьж байгаатай холбогдуулан татвар төлөгч нар татвар төлөхгүй хэмжээнд хүртлээ бухимдсан шалтгаанаа илэрхийлсэн “Мэдэгдэл” гарган холбогдох төрийн байгууллагад хүргүүлснээ тайлбарлалаа. Мөн энэхүү мэдэгдэлтэй холбоотой асуудлаар УИХ-ын даргатай уулзаж  Засгийн газар, ОУВС-тай гэрээ байгуулсны дараа арилжааны банкуудад хийх олон улсын аудитын ажлын хэсэгт бизнесийн төлөөллийг оролцуулах, төрийн өмчит компаниудыг бизнесийн зарчмаар ажиллуулах, төсвийн хөрөнгө оруулалт, концессийн гэрээ, зээлээр хийгдэж байгаа бүх процессийг шилэн болгох  төрийн менежменттэй холбоотой асуудлаар зөвшилцөлд хүрснээ хэллээ. Төр бизнес эрхлэгчидээ сонсдоггүй, хамтран ажилладаггүй алдаатай бодлогоос үүдэн ийм хөтөлбөр гарсанд татвар төлөгчид маш их бухимдаж жагсаал зохион байгуулах хэмжээнд хүрснийг нэмж хэллээ.  

    ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер, ОУВС-ийн зүгээс улс орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн нөхцөл ихээхэн уян хатан болж өөрчлөгдсөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч улс орны өөрийн авч хэрэгжүүлэх макро эдийн засгийн бодлого голлох үүрэг гүйцэтгэдэг болохыг танилцууллаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг ажиглаж байхад уналт, өсөлтийн циклтэй харагддаг. Эдийн засгийн өсөлт нь 8 хувьтай байхад хамгийн эрүүл өсөлт байна гэж дүгнэдэг. Тэгэхээр Монгол Улсын хувьд богино хугацаанд эдийн засгийг сэргээхэд золиос зайлшгүй гарна. ОУВС-ийн зүгээс Засгийн газарт хийсэн гэрээ хэлэлцээрийнхээ дагуу хийж хэрэгжүүлэх ажлуудаа хууль эрх зүйн хүрээнд хариуцлага алдахгүй мөрдөн ажиллах боломжийг бид олгож байгаа. Мөн  хөтөлбөрийн гүйцэтгэлийн үнэлгээг хийх бүрт  МҮХАҮТ, түүний гишүүдийн тохирсон нөхцлийг ханган ажиллахад дөхөм болно, цаашид татвар төлөгч нартай хамтран ажиллах бүхий л боломжийг бид судлаж үзнэ гэдгийг хэллээ. Уулзалтад танхимын БСХГ-ын дарга Ж.Оюунчимэг, танхимын тэргүүлэгч гишүүн “Барс” группын ерөнхийлөгч Ч.Амарбаатар, БСБ сервис ХХК-ын ерөнхий захирал Б. Жаргалсайхан нар оролцлоо.

    Latest 150
    Latest 150