• MN
  • EN
  • CN
  • RU
  • Аж үйлдвэрийн салбарыг бүсчилсэн байдлаар хөгжүүлэх нь чухал байна
    05/09/2017

    МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Баян-Өлгий аймагт болж байгаа "Баруун бүс нутагт хувийн хэвшлийг дэмжих нь" II зөвлөгөөнд оролцож танхимын зүгээс баруун бүсийн бизнес эрхлэгчдийг дэмжин хамтран ажиллах, ЖДҮ-ийн өнөөгийн байдал эрхзүйн орчны талаар илтгэл тавьлаа. Тэрээр илтгэлдээ, бизнес регистрийн санд бүртгэлтэй 126560 аж ахуйн нэгжээс 64301 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс 84,3% буюу 54237 аж ахуйн нэгж нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч үйл ажиллагаа явуулж байна. Үүний 83,8% нь 1-9 ажиллагсадтай байна. Тус салбарт нийт хөдөлмөр эрхлэлтийн 69.7 % буюу 766911 ажиллагсад байна. Мөн ДНБ-ний 20 %-ийг бүрдүүлж, экспортын 5 хувийг эзлээд байна.

    Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд бага хүүтэй, урт хугацаатай зээлийн асуудал байнга тавигдсаар ирсэн. Энэ хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар дамжуулан 2009-2016 онуудад улсын хэмжээнд 745,45 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоод байна. Олгосон зээлийн 83,5 хувийг эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлэх, тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулсан ба тухайн аж ахуйн нэгжийн ажлын байр, үйлдвэрлэлийн хүчин чадал нь нэмэгдсэн, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлсэн, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгосон, зах зээлээ өргөтгөснөөр борлуулалтын орлого нь дунджаар 20- 30 хувиар нэмэгдсэн гэсэн дүн мэдээний талаар дурдлаа. Цаашид орон нутгийн болон жижиг дунд бизнес эрхлэгчдийг бүсчилсэн байдлаар хөгжүүлэх, шинээр бизнес эрхлэгчдийг дэмжих татварын шинэ бодлогыг бий болгох, төр хувийн хэвшлийн түншлэл, хэлэлцлийг хөгжүүлэхэд анхаарч ажиллах нь зүйтэй байна гэдгийг дурдлаа.

    Мөн  Баруун бүс нутагт нэмүү өртөг бий болгох, аймгуудын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх,бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх  чиглэлээр аймгийн Засаг даргатай санамж бичигт  гарын үсэг зурж 3 талт гэрээ байгуулан ажиллахаар тохиролцлоо. Уулзалтын дараа Танхимын дарга М.Оюунчимэг тус аймгийн “Файн ноос” ХХК-ийн ноосны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж саналаа солилцлоо. Тус компани нь 3 том цехтэй, 286 ажлын байрыг бий болгон ноос ноолуурын бүтээгдэхүүнд анхан шатны боловсруулалт хийдэг байна. Мөн угаасан, самнасан, тэмээ, хонины ноосыг ОХУ, Герман, Энэтхэг, Англи, Хятад улсуудад экспортлодог байна.  Зөвлөгөөн хоёр өдөр үргэлжлэх ажээ.

    Latest 150
    Latest 150