• MN
  • EN
  • CN
  • RU
  • Эрчим хүч хэмнэсэн хэрэглэгч, ААН-үүдийг тарифын бодлогоор дэмжинэ
    05/28/2018

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, МҮХАҮТ, Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага хамтран зохион байгуулж буй  “Ногоон технологи, эрчим хүчний хэмнэлт 2018” үзэсгэлэн, зөвлөгөөний нээлт боллоо. Энэ удаагийн үзэсгэлэнд 60 гаруй ААН байгууллага техник, технологи бараа бүтээгдэхүүнээ танилцуулж байна. Үзэсгэлэн, зөвлөгөөнд бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулагчид, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагууд, мэргэжлийн холбоод, ААН-үүд оролцож байна.

    Үзэсгэлэнд эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, сэргээгдэх эрчим хүч, сайжруулсан түлш, бохир усыг цэвэрлэх, эргүүлэн ашиглах, дахин боловсруулах, усны хэмнэлттэй техник технологи нэвтрүүлэх, биотехнологи, нанотехнологийг үйлдвэрлэл, аюултай, хортой материалын хэрэглээнээс зайлсхийх, агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, түүнийг хэмжих, хяналт тавих  тоног төхөөрөмжүүдийг дэлгэн үзүүллээ. Энэ үеэр ногоон зээлийн хүсэлтүүдийг Хас банк, Ариг банк, Ногоон санхүүгийн корпорациуд хүлээн авч байгаа аж.  Харин зөвлөгөөний үеэр байгаль орчинд ээлтэй техник, технологи, инновацийн шинэ санаа, шийдлийг нэвтрүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр ярилцлаа.

    “Ногоон технологи” үзэсгэлэн 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрөгч онуудын үзэсгэлэнгийн үед дэвшүүлсэн зорилго, зорилтыг  хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ байгаль орчинд ээлтэй 41 төрлийн тоног төхөөрөмжийг ААНОАТ-аас чөлөөлсөн бол эрчим хүч, ус хэмнэх, дулаан үйлдвэрлэх, бохир ус цэвэрлэх чиглэлийн 15 тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлжээ. 

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэд сайд Ц.Батбаяр

    Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тогтвортой санхүүжилтын бодлогыг хэрэгжүүлэх, ногоон эдийн засгийг дэмжих, санхүүжилт урамшуулалын оновчтой хөшүүргийг бий болгох үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Өнөөдрийн үзэсгэлэн үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх боломжтой, байгальд ээлтэй техник технологи, инновацийн шинэ санаа шийдлийг бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, олон нийтэд таниулахад чиглэж байна. 2013 оноос жил бүр БОАЖЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсаар ирсэн энэхүү үзэсгэлэн манай орны нөхцөлд тохирсон байгаль орчинд ээлтэй техник, технологи, инновацийн шинэ санаа, шийдлийг нэвтрүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, гарааны бизнес эрхлэгчдийг хөрөнгө оруулагчидтай холбох, оролцогч талуудын хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэхэд  үр өгөөжөө өгсөөр ирлээ. Энэ жилийн тухайд  эрчим хүчний хэмнэлтийг онцлож ЭХЗХороотой  хамтран зохион байгуулж байна. 

    МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав

    Юуны өмнө Та бүхэнд ногоон технологи, эрчим хүчтэй холбоотой цөөн хэдэн тоон мэдээллийг танилцуулмаар байна. 

    • National Geographic болон GlobeScan байгууллагын хамтарсан хэрэглэгчийн байгальд ээлтэй худалдан авалт, худалдан авалтын чиг баримжааг тодорхойлох GREENDEX судалгаагаар БНХАУ 2-р байр, ОХУ 8-р байр тус тус эзэлсэн байна. Хэрэглэгчид худалдан авалт хийхдээ байгаль орчны тогтвортой байдалд анхаардаг болсон байна. 
    • Зах зээлийн судалгааны Organic Monitor компанийн гаргасан судалгаагаар дэлхийн органик бүтээгдэхүүний зах зээл $80 тэрбум ба БНХАУ-ын зах зээл $3.7 тэрбум байна. Мөн БНХАУ-ын органик бүтээгдэхүүний импортод зөгийн бал тэргүүлэх байр эзэлж байна. Тэгэхээр манайх шиг цэвэр, байгалийн унаган төрхөө хадгалж чадсан оронд тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнийг 2 том зах зээл рүү гаргах нь эрдэс баялгийн экспортоос ашигтай байх боломжтой.
    • ISO 9001 чанарын удирдлагын тогтолцоог Монголын 140 гаруй компани, ISO 14001 байгаль орчны удирдлагын тогтолцоог 10 байгууллага нэвтрүүлжээ. Эдгээр стандартууд нь олон улсын банк, санхүүгийн байгууллагаас хөрөнгө босгох, дэмжлэг авах гол шалгуур үзүүлэлт болсон.
    • Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу жилдээ 5 сая кВт.ц болон түүнээс дээш хэмжээний эрчим хүч хэрэглэж байгаа уул уурхайн компани, 2 сая кВт.ц болон түүнээс дээш хэрэглээтэй үйлчилгээний газрууд үүрэг хүлээж, эрчим хүчийг үр ашигтай хэрэглэх төсөл арга хэмжээнүүдийг компани дээрээ хэрэгжүүлж ажиллах юм. 

    Энэ жилийн үзэсгэлэнгийн хувьд эрчим хүч хэмнэхэд анхаарч байна. Одоогоор 135 орчим томоохон аж ахуй нэгж “үүрэг хүлээж” ажиллахаар байна. Эдгээр компаниудын ихэнх нь ТОП 100 аж ахуйн нэгжүүд байна.  Хэрэв тухайн аж ахуйн нэгжүүд үр ашиггүй хэрэглэж буй эрчим хүчнийнхээ 10 хувийг хэмнэж чадвал жилдээ 42.9 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх бололцоотой гэсэн тооцоо гарсан. Ерөөсөө хэмнэнэ гэдэг нь хэрэглээнийхээ үр ашгийг дээшлүүлэх л явдал. 

    Эрчим хүчний зохицуулах хороо Д.Бассайхан

    ЭХЗХороо эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой үүрэг хүлээж ажиллаж байгаа. Үзэсгэлэнгийн ач холбогдол нь эрчим хүчний хэмнэлтийг  хэрэгжүүлэх юм. Үзэсгэлэнд эрчим хүчний салбарын үүрэг хүлээсэн хэрэглэгчдээс оролцож байна. Эрчим хүчний хэмнэлт хийх ухаалаг тоолуурын систем нэвтрүүлэхтэй холбоотой нилээдгүй хийж байна. Нийт тоолуурын системийн 70 гаруй хувийг ухаалаг систем рүү шилжүүлсэн. Энэ жил бүрэн шилжүүлэхээр ажиллаж байна. Түүнээс гадна Улаанбаатар хот болоод төв суурин газрын халаалт, агаарын бохирдлыг бууруулах тал дээр эрчим хүчний хэмнэлт, халаалтын системийг шийдэх хувийн хэвшлийн оролцож байна. Нарны инергээр халаах, хуримтлуур хэрэглэх шийдлүүд нилээн гарсан байна. Эрчим хүчний зохицуулах хорооноос хэмнэлт гаргаж байгаа хэрэглэгч болон ААН-үүдэд үр дүн авчрах тарифын болоод төрөл бүрийн зохицуулалт хийх тал дээр ажиллах чиглэлтэй байгаа. 

    Latest 150
    Latest 150