• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бизнесийн боломжуудыг бодит болгоход дэмжлэг үзүүлнэ
    05/23/2018

    Монгол Тайванийн 17 дахь удаагийн худалдаа,  эдийн засгийн чуулган МҮХАҮТ-д эхэллээ. Монгол-Тайванийн Худалдаа Эдийн Засгийн хамтарсан хуралд Тайванийн Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг(CIECA)-ийн дарга Куо Лину тэргүүтэй Тайванийн худалдааг хөгжүүлэх зөвлөл (TAITRA), “ANKO food Machine”, Taifer “Chemical international” зэрэг тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд, дэлхийд алдартай ЭКСИМ банк, Тайванийн жижиг дунд үйлдвэрийн батлан даалтын сан зэрэг 10 гаруй аж ахуйн нэгж, компанийн төлөөлөл оролцож байна. Хамтарсан хурал уулзалтаар хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг татах, Тайванийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх  боломжуудыг бий болгохыг зорьж байна.

    МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав уулзалтыг нээж “ Хоёр талын худалдаа эдийн засгийн хамтарсан чуулган жил бүр харилцан зохион байгуулагддаг. Энэхүү чуулган нь хоёр талын бизнесийн боломжуудыг өргөжүүлэхэд түлхэц өгч, харилцан бодит мэдээлэл солилцох, бизнес эрхлэгчдийг холбох гүүр болдог арга хэмжээ юм. Бизнесийн боломжуудыг бодит болгоход дэмжлэг үзүүлэх бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэнд талархалтай байна.  Статистик мэдээллээр 2017 онд Монголоос Тайвань руу 26.2 сая ам.долларын экспорт,  7.1 сая ам.долларын импорт хийгджээ. Монгол Улс уул уурхай хөдөө аж ахуйн нөөц ихтэй, Тайвань  дэвшилтэт технологийн өндөр хөгжилтэй, харьцангуй давуу талуудаа ашиглан харилцан ашигтай ажиллах өргөн боломж байна” хэмээлээ. 

    Тайванийн Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Куо Лину хэлэхдээ “Монгол Тайванийн гадаад худалдааны эргэлт өмнөх оныхоос 280 хувиар өссөн, гадаад худалдааны эргэлт улам бүр өсөх хандлага ажиглагдаж байна. Хамтарсан чуулган жил бүр амжилттай зохион байгуулж буй нь хоёр талд  эдийн засгийн өргөн боломж байгааг илтгэж байна. Энэ удаад Монголын бизнес эрхлэгчдээс гаргасан хүсэлтийн дагуу  тусгайлсан чиглэлийн хүмүүсийг сонгож авчирсан.  Хөдөө аж ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн, ноос ноолууран бүтээгдэхүүн, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж, экспортлогчид Тайванийн жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авах сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд  маш их боломж байна, Тайванийн ЭКСИМ банк болон сонирхсон компанитайгаа уулзалт хийх боломжтой. Тайвань зээлийн батлан даалтын санг хэрэгжүүлсэн, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлсэн арвин туршлагатай. Энэ туршлагаас Монголын бизнес эрхлэгчидтэй хуваалцах болно” гэв.

    Чуулганд оролцогч бизнес эрхлэгчдэд  Тайванийн компаниудтай харилцаа тогтоож, зээлийн батлан даалтын сангаас нь зөвлөгөө  авч, Азидаа төдийгүй дэлхийд алдартай  экспорт импортын /EXIM / банкнаас нь дэмжлэг авах авах гэхчилэн цогц байдлаар хамтран ажиллах боломжийг бүрдүүлжээ. 

    Энэ үеэр МҮХАҮТ, Тайванийн гадаад худалдааны байгууллага /TAITRA/-тай хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа. 

    Latest 150
    Latest 150