• MN
  • EN
  • CN
  • RU
  • Чөлөөт бүс байгуулах эрх зүйн үндэслэл
    05/18/2018

    Анх 1996 онд Монгол Улсад чөлөөт бүс байгуулах үзэл баримтлалыг, 2002 онд “Чөлөөт бүсийн тухай”, “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай”, 2003 онд “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай”, “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай” хуулиудыг УИХ-аас батлан гаргаж, чөлөөт бүсүүдийн хилийн зааг, эрхзүйн байдлыг тодорхойлсон билээ. Эдгээр нь худалдааны салбарт тусгай дэглэмийн бодлогыг хэрэгжүүлэх бизнесийн орчныг тодорхойлсон эрх зүйн үндэслэл болсон.
    “Монгол Улсын чөлөөт бүсийн тухай” хуулийг УИХ-аас 2002 оны 6 дугаар сард хэлэлцэн баталж, “Чөлөөт бүс” гэсэн ойлголтыг гаалийн болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдох, хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол орны нутаг дэвсгэрийн хэсгийг хэлнэ гэж тодорхойлсон.

    Алтанбулаг чөлөөт бүс

    Монгол Улсын Чөлөөт бүсийн тухай хуулийн хүрээнд УИХ-ын 2002 оны 38 дугаар тогтоолоор манай орныг ОХУ болон Европын орнуудтай холбосон тээвэр газарзүйн нэн тохиромжтой байрлалтай Монгол улсын хойд хилийн Алтанбулаг, ОХУ-ын Хиагт боомттой шууд холбогдсон 500 га талбай бүхий нутаг дэвсгэрт “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн эрх зүйн байдлын тухай хууль мөн батлагдсан.
    “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн зорилго нь хөрөнгө оруулалтыг дэмжих, экспортын чадавхыг дээшлүүлэх, валютын орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар Монгол Улсын эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад оршиж байгаа юм.
    Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.altanbulag.gov.mn/ орж үзнэ үү.

    Замын-Үүдийн чөлөөт бүс

    Олон улсын жишигт хүрсэн чөлөөт бүсийг байгуулж хөгжүүлснээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахад Замын-Үүдийн чөлөөт бүс ихээхэн ач холбогдолтой юм.

    "Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс" 2004 онд бий болжээ. Уг бүс нь Замын-Үүд болон Хятадын хилийн хооронд 900 га газрыг эзлэн оршино
    Дэлгэрэнгүй мэдээллийг http://zfz.gov.mn/ орж үзнэ үү.

     

    Цагааннуур худалдааны чөлөөт бүс

    Цагааннуур худалдааны чөлөөт бүс байгуулах зорилго нь бүсэд үзүүлэх хөнгөлөлтүүдэд тулгуурлан гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оруулж олон улсын худалдаа, жижиг дунд үйлдвэр, аялал жуулчлалын үйл ажиллагааг хурдан хөгжүүлэн ажилгүйдэл, ядуурлыг багасгаж улс орны хөгжилд тодорхой түлхэц үзүүлэх явдал юм.

    2003 онд “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн эрхзүйн байдлын тухай хууль, ”Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын 58 дугаар тогтоол гарснаар “Цагааннуур” худалдааны чөлөөт бүс байгуулах хууль, эрхзүйн орчин бүрдсэн.

    “Цагааннуур” ЧБ нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгоны 708.4 га талбайд байрлана. Уг тосгонд 1934 онд Цагааннуур дамжлага бааз байгуулагдаж 1990-ээд он хүртэл ЗСБНХУ-аас бөөний бараа, хүнсний бүтээгдэхүүн орж баруун 5 аймгийг хангадаг байсан уламжлалтай.

    “Цагааннуур” ЧБ нь аймгийн төвөөс хойш 60 км, ОХУ-н хилээс урагш 28км, Улаанбаатар хотоос 1700 км, БНХАУ-ын хилээс 212 км, Казахстан улсын хилээс /ОХУ-аар дамжин/ 190 км, Ховд аймгийн төвөөс 260 км, Увс аймгийн төвөөс 224 км зайд, Евро-Азийг холбож буй АН-32, Азийн хурдны АН-4 чиглэлийн авто замын дагуу оршдог.

    Дэлгэрэнгүй мэдээллийг http://tsagaannuur.freezone.gov.mn/ орж үзнэ үү.

    ЭРХЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ

    Latest 150
    Latest 150