• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол-Хятадын бизнес форум Бээжин хотноо болж байна
    04/11/2018

    Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Монгол-Хятадын бизнес форум Бээжин хотноо болж байна. Хоёр орны бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай ажиллах гүүр нь болсон энэхүү бизнес форумыг МҮХАҮТ, Хятадын олон улсын худалдааг дэмжих хорооноос хамтран зохион байгуулж байна.

    Форумд Монголын талаас 300 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн бөгөөд энэ үеэр хоёр улсын хувийн хэвшлүүд нийт 4,6 тэрбум ам. доллартай тэнцэхүйц үнийн дүн бүхий хамтын ажиллагааны 36 гэрээнд гарын үсэг зурахаар төлөвлөөд байна.

    Бизнес Форумыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ, “БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилгыг  Монгол Улс дэмжиж ирсэн бөгөөд энэ санаачлагд Монгол Улс хамтран ажиллах төлөвлөгөө гаргаад зарим ажил биеллээ олох гэж байна. Монгол Улс эдийн засгийн хүндрэлийг харьцангуй бага хугацаанд давж гарсан нь Олон Улсын Валютын Сан болон олон улстай хамтран ажилласны үр дүн юм.

    Эдийн засгийн өсөлтийг бид тасралтгүй өсгөхийн тулд Монгол Улсын Засгийн газар бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахаар Татварын багц хуульд өөрчлөлт оруулах зэрэг холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулахаар чармайн ажиллаж байна.

    Бид Хятад улстай хөдөө аж ахуй, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрүүдийг байгуулах зэрэг салбарт нягт хамтран ажиллах хүсэлтэй байна. Мөн дэд бүтцийн буюу төмөр зам байгуулах, Улаанбаатар хотын дагуул хот байгуулах зэрэг төсөлд алсын хараатай хамтран ажиллахыг уриалж байна. Хоёр улсын харилцан хамтын ажиллагааг Монгол Улсын Засгийн газар бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж байна” гэлээ.

    Хятадын Олон улсын худалдааг дэмжих хорооны дарга Жян Зөнвэй форумыг нээж хэлсэн үгэндээ “Монгол, Хятадын хоёр улс хамтдаа хөгжиж урагшлах ёстой. 2014 онд БНХАУ-ын Төрийн тэргүүн Ши Жиньпин Монгол Улсад айлчилж хоёр орны харилцаа хурдацтай хөгжихөд чухал нөлөө үзүүлсэн. БНХАУ-ын Монгол дахь хөрөнгө оруулалтын гуравны нэгийг эзэлж байна. Үүний хүрээнд 100 мянган ажлын байраар хангаж байна.

    Хоёр орны ард иргэдийн хэлхээ холбоо улам нягт бат бөх болж байна. Хоёр орны худалдаа эдийн засгийг тасралтгүй нэмэгдүүлэхээр анхаарч ажиллаж байна. Өнөөдрийн форумд хоёр орны 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа нь хоёр улсын бизнес эрхлэгчид хамтран ажиллах өндөр их сонирхолтой байгааг илэрхийлж байна. Хятад, Монголын худалдааны асуудлыг улам дөхөм болгож хил гаалийн нэвтрэлтийг саадгүй болгох ёстой.

    Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх  ёстой. Монгол Улсын хувьд үйлдвэржилтийн маш их эрэлт хэрэгцээ байгаа. Хятад улсын хувьд энэ чиглэлд туршлагатай бөгөөд энэ талаар олон ажил хэрэгч хамтын хөгжлийг цогцлоох боломжтой” гэв.

    Мөн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав хэлсэн үгэндээ, Монгол Хятад хоёр орон нь өнө эртний түүхэн харилцаа, уул усаар хил залган оршсон найрсаг хөршүүд билээ. БНХАУ нь олон жилийн турш Монгол улсын хамгийн том худалдаа, хөрөнгө оруулалтын стратегийн түнш байсаар байна.

    Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа “иж бүрэн, стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн бөгөөд улс төр, эдийн засаг, худалдаа, батлан хамгаалах, соёл боловсрол, хүмүүнлэг зэрэг бүхий л салбарт улам бүр идэвхтэй хамтран ажиллаж байгаагийн нэгээхэн тод илрэл нь энэхүү Хятад, Монголын бизнес уулзалт юм.

    Энэ удаагийн форум нь хоёр талын бизнес эрхлэгчдэд түншийн харилцаа болон зах зээлээ өргөжүүлэх, бизнестээ шинэ санаа, гарц суваг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт найдаж байна.

    Өнөөдрийн форумыг зохион байгуулахад гүн туслалцаа үзүүлэн, бүх талаар дэмжсэн Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо болон Бээжинд суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд талархсанаа илэрхийлье” гэлээ.

    Latest 150
    Latest 150