• MN
  • EN
  • CN
  • RU
  • Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих төслийн нээлт болов
    04/02/2018

    Уул уурхайн бус салбарын экспортыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих үндсэн зорилготой “Монголын худалдааг дэмжих төсөл (TRAM)-ийн нээлт ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд 3 дугаар сарын 28-нд боллоо.

    Европын Холбооны санхүүгийн дэмжлэгээр 2017 оны 3 дугаар сараас эхэлсэн энэхүү TRAM төсөл нь 2021 он хүртэл хэрэгжих бөгөөд МҮХАҮТ, ГХЯ хамтран түншлэгч байгууллагаар оролцож байгаа юм.

    Төслийн хүрээнд уул уурхайн бус салбарын бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлд гарах, Монголын экспортлогчдын зорилтот зах зээлээс олох орлогыг нэмэгдүүлэх болон экспортын зардлыг бууруулахад нь дэмжлэг үзүүлэх чиглэлээр төслийн үр шимийг хүртэх байгууллагуудтай хамтран ажиллах юм.

    Төслийн нээлтийн үеэр ГХЯ-ны ТНБД Д.Даваасүрэн, МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, ЕХ-ны Төлөөлөгчийн газрын Элчин сайдын үүргийг түр хамаарагч Марко Ферри, GOPA төслийн захирал Патрик Краузе нар үг хэлж, төслийн багийн ахлагч Кармен Фратита төслийг танилцуулав.

    “Монгол Улсын худалдаа эдийн засгийн томоохон түнш ЕХ-ны орнуудад хөнгөлөлттэй нөхцөлөөр экспортын бараа бүтээгдэхүүнийг гаргах таатай нөхцөлийг олгосноос хойш Монгол Улс 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг ЕХ-ны зах зээлд гаргах боломжтой болсон. Гэвч өнөөдрийн байдлаар манай улс энэ боломжийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа бөгөөд цөөн тооны нэр төрлийн барааг экспортод гаргаж байна. Тиймээс энэхүү төслөөр дамжуулан дээрх зорилтыг хэрэгжүүлэхэд TRAM төслийн боломжуудыг бүрэн дүүрэн ашиглахыг зорьж байна” хэмээн МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг онцоллоо.

    Түүнчлэн TRAM төсөл стандартчилал, хэмжилзүйн салбарт амжилттай хамтран ажиллаж байгааг дурдаад Монголын бизнес эрхлэгчдэд тулгардаг тарифын бус саад тотгорыг арилгахын тулд стандартыг боловсронгуй болгох, бараа бүтээгдэхүүний чанарыг сайжруулах тал дээр цаашид үр дүнтэй хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

    ЕХ-ны санхүүжилтээр 4.8 сая еврогийн өртөгтэйгөөр худалдааны бодлого, худалдааг хөнгөвчлөх, экспортыг хөгжүүлэх гэсэн гурван үндсэн бүрэлдэхүүн хэсгээр TRAM төсөл хэрэгжих юм. Төслийн алсын харааг тодорхойлохдоо байгалийн болон хүний нөөцийг зүй зохистой ашиглаж олон улсын худалдаанд тогтвортой байр суурь эзлэх, нэмүү өртөг шингэсэн, уян хатан үнэ бүхий брэнд бүтээгдэхүүнийг Хойд Ази, ЕХ, Америкийн зах зээлд гаргаж тогтвортой нийлүүлэх боломжийг бүрдүүлэхээр тодорхойлсон байна. Түүнчлэн 2020 он хүртэл хэрэгжүүлэх, үйл ажиллагааны үндсэн хөтөлбөртэй уялдуулах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх стратегийн зорилго тавих, бараа бүтээгдэхүүний үнээс хамаарах хамаарлыг багасгах, төлбөр тооцоо хийх үйл явцыг хялбарчлах гэх мэт зорилтууд багтжээ.

    Latest 150
    Latest 150