(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

"Үндэсний Чанарын Чуулган - 2021" үеэр 2020, 2021 оны Үндэсний Чанарын шагналыг гардууллаа

2021/11/11 0

Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан жил бүрийн 11 дүгээр сарын хоёр дахь долоо хоногт Үндэсний чанарын чуулган зохион байгуулж, Үндэсний чанарын шагнал гардуулдаг уламлжалын дагуу "Үндэсний чанарын чуулган-2021" үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайдын ивээл дор “Чанар-Тогтвортой хөгжил” уриатайгаар зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Стандарт, хэмжил зүйн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран 2015 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд чуулганыг нээж хэлсэн үгэндээ МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин аж ахуйн нэгж байгууллагууд удирдлагын тогтолцооны болон бүтээгдэхүүний стандартыг нэвтрүүлэн үйл ажиллагаагаа тогтвортой хадгалах, цаашид улам бүр сайжруулах замаар олон улсын түвшинд хүрэн өсч хөгжих бүрэн боломжтой гэдгийг онцлов. 

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин нар Засгийн газрын нэрэмжит шагнал “Үндэсний чанарын шагнал”-ыг гардууллаа.

2021 оны Үндэсний чанарын шагналын эздээр дараах гурван байгууллага шалгарсан байна.

  • Шилдэг аж ахуйн нэгж байгууллага: “Некст электроникс” ХХК
  • Шилдэг бүтээгдэхүүн: “Сүү” ХК-ийн “Миний Монголын сүү”
  • Шилдэг үйлчилгээ: ОБЕГ-ын “Жаргалант сувилал”

Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас өнгөрөгч 2020 оны чанарын шагналтнуудын шагналыг өнөөдрийн арга хэмжээний үеэр нөхөн олгосон бөгөөд 2020 оны Үндэсний чанарын шагналын эздээр

  • Шилдэг аж ахуйн нэгж байгууллага: “Цэцүүх трейд”ХХК,
  • Шилдэг бүтээгдэхүүн:  “АПУ дэйри”ХХК-ийн “Сайн актив” нэрийн иогурт
  • Шилдэг  үйлчилгээ: УБТЗ-ын Олон улсын тээвэр зуучлалын үйлчилгээ тодорсон юм.

“Чанарын чуулган-2021”-ийн хүрээнд ҮХГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлстийн дарга С.Сюзанна “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлт ба тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилт”, Үндэсний цахилгаан техникийн хорооны нарийн бичгийн дарга Г.Батцэнгэл “Олон улсын стандартчилал-тогтвортой хөгжил”, ШУТИС-ийн ҮТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Пүрэвжав “Чанар-Эрүүл хүнс”, М-Си-Эс холдинг ХХК-ийн Нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжил хариуцсан захирал Б.Солонго “Байгаль орчин, нийгэм, засаглал”, Цэцүүх трейд ХХК-ийн захирал Ц.Намжил “Аюултай хог хаягдлын дахин боловсруулалт”, Монцемент билдинг материалс ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиун “Бизнесийн тогтвортой байдал” илтгэл танилцуулж, “Тогтвортой хөгжлийг хангахад талуудын оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлгээс гарсан уриалга, зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэх юм.