(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Фото: Танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг зарим ТББ, Мэргэжлийн холбоодод танилцууллаа

2021/11/11 0

МҮХАҮТ-аас Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн хэрэгцээ шаардлага, хүлээгдэж буй үр дүн, шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл ирж оролцов.

Тухайлбал, Монголын банкны холбоо, Монголын барилгын үндэсний ассиоцаци, Монголын махны холбоо, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Олон улсын эмэгтэйчүүдийн ХАҮХ-ны Монгол дахь салбар, Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо, Эм зүйн мэргэжилтнүүдийн нэгдсэн “Эм” холбоо, Монголын даатгагчдын холбоо зэрэг төрийн бус байгууллага, холбоодын захирал, менежерүүд оролцож, хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа илэрхийлэв.

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин ХАҮТ-ын олон улсын тогтолцоо, Монгол Улс дахь ХАҮТ-ын өнөөгийн бүтэц, тогтолцоо, ХАҮТ-ын хуулийг шинэчлэх шаардлага, хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан зарчмын гол өөрчлөлтүүд, хуулийн шинэчлэлийн хүлээгдэж буй үр дүнгийн талаар танилцууллаа. МҮХАҮТ нь бизнесийн орчны ганц хуультай ТББ-ын хувьд өмгөөлөх, нөлөөлөх, холбох, эдийн засгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагааг тасралтгүй явуулсаар ирсэн. Хууль шинэчлэгдсэнээр бодлогын өмгөөллийн үр нөлөө нэмэгдэж, Танхим нэрийн хамгаалалт бий болохын дээр бодлогын судалгааг хараат бусаар явуулах, хамтын удирдлагын зөвлөл, хороо, комисс зэрэг төр хувийн хэвшлийн хамтын удирдлагын байгууллагын бүрэлдэхүүнд төлөөллийг оролцуулах боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан

  • Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тэргүүн Б.Болдбаатар: Хуулийн шинэчлэл нь цаг үеэ олсон асуудал. Аль болох хурдан хугацаанд хуулиа батлуулах нь бидний зорилго байх ёстой. Дагнасан танхимыг Салбар танхим, 21 аймагт үйл ажиллагаа явуулах танхимыг орон нутагт дахь танхим гэсэн томъёоллоор оруулах,
  • Монголын барилгын үндэсний ассиоцацийн зөвлөх Г.Лосол: ХАҮТ-ын тухай хууль, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн уялдааг хангах хэрэгтэйг онцлоод МҮХАҮТ нь ковидын үед нөхцөл байдлын судалгаануудыг хийж, бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төрийн байгууллага, албан тушаалтнуудад хүргэж ажилласан. Цаашид энэ нөлөөллийн арга хэмжээг хуулиараа бататгах, эдийн засаг бизнестэй холбоотой асуудалд танхимын байр суурийг илэрхийлдэг байх, төлөөллөө оролцуулах,
  • Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны менежер Б.Нацагдорж: Дагнасан танхимууд үүсгэн байгуулагдвал салбарын аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоо сайжирна
  • Эм зүйн мэргэжилтнүүдийн нэгдсэн “Эм” холбооны менежер Б.Буянчимэг: Цар тахлын нөхцөл байдлаас үүдэж манай салбар олны анхааралд өртсөн. Манай улсад төрийн эмийн байгууллага байхгүй, бүгд хувийн хэвшлийн бизнесийн байгууллага учраас нэгдмэл байдалтай байна гэдэг маш чухал. Бид ойртож, нэгдэж чадахгүй байгаагаас асуудлаа шийдэж чадахгүй байна. Дагнасан, мэргэжлийн танхим бий болвол нөлөөлөл нь их байхаас гадна мэргэжлийн холбооны үйл ажиллагаанд дэвшил гарна гэж харж байна.
  • Монголын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал: Нэг салбарт олон ТББ, мэргэжлийн холбоо байгааг нэгтгэж, цэгцлэх нь зүйтэй зэргээр байр сууриа илэрхийлж, хуулийн төсөлтэй холбоотой асуултууддаа хариулт авлаа.

Ашгийн төлөөх хуулийн этгээдүүдийн эрх ашгийн хамгаалах ашгийн төлөө бус, дагнасан Танхимууд байгуулагдана. Эдийн засгийн салбаруудад байгуулагдсан эдгээр дагнасан танхимууд нь нийлж Үндэсний танхимаа бүрдүүлж, нийтлэг эрх ашгийг хамгаалж ажиллах агуулгыг багтаасан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой саналуудаа мөн МҮХАҮТ-д бичгээр ирүүлэх боломжтой юм.