Фото: "Архангай аймгийн хонины ноосны нэмүү өртгийн сүлжээг дэмжих" төслийн сургалт зохион байгуулагдаж байна
МҮХАҮТ болон ГХАҮТХ холбоо хоорондын хамтын ажиллагааны "Pro Value" төслийн хүрээнд уг сургалтыг 2017 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ удаад Монгол Улсын хамгийн олон хоньтой Архангай аймгийн Эрдэнэмандал суманд зохион байгуулагдаж байна. Архангай аймгийн Өндөр-Улаан, Хайрхан, Жаргалант, Эрдэнэмандал сумын нийт 16 малчин сургалтад хамрагдаж байна.
Сургалтыг ноосны гарц нэмэгдүүлэх, ноосны нэмүү өртгийн сүлжээнд оролцогч талуудын ур чадвар болон үйлдвэрлэлийн зардлыг бууруулж ноос бэлтгэлийн чанарыг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа юм.
Энэ удаагийн онол, практик хосолсон сургалтаар сүүлийн үеийн дэвшилтэт технилоги бүхий хонь хяргах цахилгаан хайч, ирлэгчийг тус сумдуудад хүлээлгэн өгч, хонь хяргах багийг байгуулж байгаагаараа онцлог. Орон нутгийн Засаг захиргаанаас дээрх тоног төхөөрөмжийг ажиллуулахад шаардагдах цахилгаан үүсгэвэрээр (генератор) хангахаа илэрхийллээ.
Үнэ цэн шингээсэн ноос бэлтгэх гол алхам бол малаа сайн тордож ноосыг нь чанаржуулах, малаа угааж ноосыг нь хяргаж авах арга барил, ноосоо ангилан ялгаж боловсруулах, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх асуудлууд байдаг.
Ноос боловсруулагчдын зүгээс малчдад тавьдаг шаардлага нь хяргасан ноосны урт нь жигд байх, өнгө, хээл, зооны хэсгээр нь ялгасан байх, сайтар угаасан байх юм. Тиймээс хонины ноосыг гараар биш, машинаар хяргах аргыг нэвтрүүлэх шаардлагатай байна.
Ингэснээр нэг хонин толгойгоос авах ноосны гарц 70%-аас 90%-д хүрч өсөх төдийгүй чанарын хувьд сайжрах юм.
Сургалтын үр дүнд орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэн, ноосны нэмүү өртгийн сүлжээнд шинэ бизнес бий болж, мал эмнэлгийн үйлчилгээний чанар сайжирна гэж тооцоолж байна.