Фото: "Дубай Экспо 2020"-т Монгол улс оролцож байна
Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) Дубай хотноо зохион байгуулагдаж буй “ДУБАЙ ЭКСПО 2020” нь “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” уриатайгаар нээлтээ хийлээ. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 6 сарын туршид зохион байгуулагдах "ДУБАЙ ЭКСПО 2020" үзэсгэлэн арга хэмжээ 438 га талбайг хамарч, 191 улс өөрийн улс орноо дэлхий дахинд сурталчилан таниулан оролцож байгаа бөгөөд энэ хугацаанд арга хэмжээг 25 сая хүн үзэж, сонирхох юм.
Монгол Улсаас тус үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагчаар Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, хамтран зохион байгуулагчаар Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Үндэсний Музей, Монголын Үндэсний Номын сан, Зэв дижитал нүүдлийн музей зэрэг байгууллагууд ажиллаж байна.
Үзэсгэлэнгийн үеэр 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ”Монголын Үндэсний Өдөрлөг” зохион байгуулагдах бөгөөд тус өдөрлөгийн үеэр хоёр улсын бизнес форум, худалдаа хөрөнгө оруулалтын чиглэлээр олон талт үйл ажиллагаа явагдах юм. Мөн соёл урлагийн тоглолт зэрэг арга хэмжээ зохион байгуулах болон зохион байгуулагчдын зүгээс Улаанбаатар-Дубайн чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна.
Манай улсын хувьд “ДУБАЙ ЭКСПО 2020”-ийн ерөнхий сэдвийн хүрээнд өөрийн Павильоныг тохижуулж, гадаад харилцаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, байгаль орчин, байгаль цаг уурын өвөрмөц онцлог, зан заншил, уламжлалт ёс, түүх дурсгал, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, урлаг, соёл, спорт, үндэсний үйлдвэрлэгч нарын бараа бүтээгдэхүүний дээжийг танилцуулах зэргээр улсаа сурталчилж байна.
Цар тахлын үеэр зохион байгуулагдаж байгаа уг "ДУБАЙ ЭКСПО-2020" арга хэмжээнд Монголын Үндэсний Музейгээс манай орны түүх, соёлыг сурталчлан харуулах Монголын түүхийн үе бүрийн үзмэрүүд авчирсан бѳгѳѳд Неолитийн чулуун зэвсгүүдээс эхлээд Хүннү язгууртны бүсний алтан чимэглэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын Эзэнт гүрэн болон Юань гүрний үеийн цаасан мѳнгѳ, гоёл чимэглэл болон Монголын язгууртнуудын хэрэглэж байсан угсаатны сав суулга, гоёл чимэглэлийг дэлгэн тавиад байна. Үүнээс гадна Монгол Улсын Үндэсний номын сангийн гол үзмэр "Данжуур" судрыг дэлгэн үзүүлж байна.
Монгол Улсын павильоны хөрөнгө оруулалтын хэсэгт "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн танилцуулга мэдээлэл байршиж байна. Түүнчлэн Монголын шилдэг гэрэл зурагчдын бүтээлүүд Монгол Улсын павильоныг чимж байна. Тодруулбал, гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, Ч.Батзаяа, Балг.Баяр, Банз.Баяр, Б.Чадраабал, Б.Эрдэнэбулган, Л.Баяндорж нарын бүтээлүүд багтжээ.
Үндэсний үйлдвэрлэгч ”Хас гоёл”ХХК, ”Сутайн гоёл” ХХК, ”Анна кашмир”ХХК, ”Сайн түмэн кашмир” ХХК, дизайнер М.Цолмандахын бүтээл, ”Монтулга”ХХК, ”Энхжин сувенир” ХХК, ”Хөх Урлан” ХХК, ”Мэргэн Тур” ХХК, ”Агни” ХХК, ”Асылмура” ХХК, ”Тур хэндс” ХХК, ”Говь Гоо” ХХК, ”Жасу” эсгий урлал, ”НЭГУДТ” ТББ зэрэг байгууллагууд өөрийн үндэсний үйлдвэрлэлийн дээж бүтээгдэхүүнүүдээрээ төлөөлөн оролцож байна.
Уг арга хэмжээ нь худалдаа, бизнес, аялал жуулчлалын олон талт хамтын ажиллагааг өргөтгөж шинэ зах зээл, шинэ түншлэлийг бий болгох, орчин үеийн шинэ дэвшилтэд техник технологитой танилцах, худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний цахим сүлжээний ололт амжилт, байгаль орчин дэлхийгээ хамгаалах, хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй үйл ажиллагааны цогц шийдлүүдийг биечлэн үзэж харах өргөн боломжийг нэг газарт, тодорхой хугацаанд төвлөрүүлж, хүн төрөлхтний хөгжлийн чиг хандлагыг илэрхийлсэн спортоор хөрвүүлбэл хүн төрөлхтний “ОЛИМП”-ийн арга хэмжээтэй дүйцэхүйц том арга хэмжээ гэж хэлж болно.
Монгол Улсын павильоны үзмэрүүдийг хамтран зохион байгуулагч ”Зэв дижитал” нүүдлийн музейн аппликэйшнээр илүү дэлгэрүүлж андройд болон IOS үйлдлийн систем дээр үзэх боломжтой юм.