МҮХАҮТ ХАМТРАГЧ ТҮНШҮҮДТЭЙГЭЭ ИТГЭЛЦЛИЙН ЗАРЧМЫГ БАРЬЖ АЖИЛЛАНА
-МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргэе. Танай танхимыг анх хэдэн онд байгуулж байв, түүхийн цаг хугацаанд байгууллагын чиг баримжаа хэрхэн өөрчлөгдөж ирэв?
-МҮХАҮТ-ыг анх 1960 онд Худалдааны яамны дэргэд тухайн үеийн капиталист буюу өрнөдийн орнуудтай гадаад худалдаа эрхлэх зорилгоор байгуулж байсан. Одоо бол 1995 онд УИХ-аар баталсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. МҮХАҮТ нь улс орны эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөл бүрдүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудаас гадаад дотоодын байгууллагатай худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, өөрийн орны бараа, бүтээгдэхүүнийг экспортод гаргахад туслалцаа үзүүлж ажиллаж байна. Нийтийн эрх зүйн этгээд ч гэж ойлгож болно. Тиймээс төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлж байна. Ялангуяа, үндэсний бараа бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ олгох, магадлан итгэмжлэл үзүүлэх, оюуны өмч, зохиогчийн эрхийн патент олгож байна.
Өөр нэг чухал ажил бол, үндэсний итгэмжлэлийн төвдөө давагдашгүй хүчин зүйл буюу цар тахлын үед нэлээн шаардлагатай байсан форс мажор гэрчилгээг гаргадаг болсныг зориудыг дурдмаар байна. Ингэснээр бизнес эрхлэгчид өөр хоорондоо итгэлцэл дээр түшиглэж үйл ажиллагаагаа явуулдаг, Үндэсний танхим нь ч гишүүн байгууллагууд болон харилцагч түншүүдтэйгээ итгэлцлийг бий болгодог зарчмыг барьж ажилладаг болж байна. Танхим маань үндэсний хэмжээний сайн дурын гишүүнчлэлтэй байгууллага. 6400 гаруй гишүүнтэйгээс 2700 нь Улаанбаатарт, 3700 нь орон нутагт үйл ажиллагаагаа явуулж байна.
-Танхим 6400 гишүүнтэй гэж та сая яриандаа дурдлаа. Салбаруудаар нь авч үзвэл, аль салбарынхан танхимын гишүүнчлэлийг зонхилдог вэ. Тэрхүү статистикийг харвал бизнесийн аль салбар манай орны эдийн засагт жин дарж байна вэ гэдэг ерөнхий дүр зураг харагдах болов уу?
-Монгол Улсад өнөөдөр 90 гаруй мянган ААНБ, хувиараа хэрэглэгч үйл ажиллагаагаа явуулж байна. Танхимын гишүүн байгууллагуудын статистик бүтцийг харвал, томоохон групп, компаниуд ч байна. Жижиг, дунд үйлдвэрлэгчид ч гишүүнчлэлтэй байна. Сүүлийн 4-5 жилийн хугацаанд гарааны бизнес эрхлэгчид, тэр дундаа залуучууд, эмэгтэй бизнес эрхлэгчдийг илүүтэй дэмжин ажиллаж байна. Тухайлбал, төрийн болон орон нутгийн өмчит компаниуд болох “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг манай улсын ДНБ-ий 90 гаруй хувийг бүрдүүлдэг компаниуд манайд гишүүнчлэлтэй. МҮХАҮТ-ын гишүүн аж ахуйн нэгжүүд нь нэг сая гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
-УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Хамтарсан Засгийн газрыг байгуулж, үйл ажиллагааны хөтөлбөрөө зарлаад буй. Үүнтэй уялдуулж хуулийн ямар төсөл дээр ажиллаж байна вэ. Тэдгээр хуулийн төсөлд шинэлэг ямар зохицуулалтууд тусах бол?
-Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого 2.0, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулж манай байгууллага нэгдүгээрт, ногоон эдийн засгийн шилжилт, хоёрдугаарт, хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт, гуравдугаарт, ажиллах хүч болон хөдөлмөрийн зах зээлийн шилжилт гэсэн чиглэлээр түншилж ажиллана. Үүний зэрэгцээ бизнесийн орчинд шууд нөлөөтэй тодорхой хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Бизнес эрхлэгчдийн хамгийн тулгамдсан асуудал бол татварын орчин юм. МҮХАҮТ-аас хоёр жилд нэг удаа бизнесийн орчны судалгааг гишүүн байгууллагуудын дунд явуулдаг. 2023 онд хийсэн судалгаагаар, “Татварын орчин бизнес эрхлэгчдэд тэр бүр ээлтэй бус” гэсэн ерөнхий дүгнэлт гарсан. Тиймээс УИХ-аас байгуулсан холбогдох ажлын хэсэгтэй хамтран цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж, хуулийн төсөлд оруулах зүйл заалтууд дээрээ ажиллаж байна.
Мөн Үндэсний Танхимын тухай хууль, Эрчим хүчний реформ, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмжийг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль, Зөвшөөрлийн тухай, Арилжааны тухай зэрэг бизнес, санхүүтэй холбоотой хуулийн төслүүд дээр ажиллаж байна.
-Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг багагүй татдаг орон. Гэхдээ манай улс гаднын хөрөнгө оруулагчдад хэр ээлтэй орон бэ?
-МҮХАҮТ зохион байгуулалтын бүтцээ шинэчилж, 11 газар, хэлтэстэй байсныг цөөлж, илүү оновчтой болгох үүднээс гурван үндсэн газар, нэгжтэй болголоо. Худалдааны бодлогын газар нь гадаад худалдааг дэмжих зорилготой. Дэргэдээ экспорт импортыг дэмжих төвтэй байх юм. Дараагийнх нь Аж үйлдвэрийн бодлогын газар. Тус газар нь Засгийн газраас дэвшүүлсэн зорилтын хүрээнд аж үйлдвэржилтийг дэмжих, ялангуяа цогцолбор паркуудыг бий болгох тал дээр дэмжиж ажиллана. Удаах нь Хөрөнгө оруулалтын бодлогын газар. Энэхүү газар нь Эдийн засаг, хөгжлийн яам, Хөрөнгө оруулалт, худалдааны газартай уялдаатай ажиллана. Ингэхдээ үндэсний хөрөнгө оруулагчдын гэлтгүй гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хангаж ажиллана. Тийм ч учраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулж, хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Гадаадын хөрөнгө оруулагчдын зүгээс ямар гомдол санал түлхүү гаргадаг вэ. Манай улс бизнесийн хэрэг маргааныг шийдвэрлэх талд оновчтой ямар механизмыг ашиглаж байна вэ?
-МҮХАҮТ-д бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд цөөнгүй бий. Хөрөнгө оруулагчдын зүгээс тавьдаг гол асуудал улс төрийн тогтвортой байдлыг шаарддаг. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр Хамтарсан Засгийн газар байгуулагдсан. Тэгэхээр төрийн үйл ажиллагаа ирэх жилүүдэд тогтвортой үргэлжилнэ гэж ойлгож байгаа. Олон нийтийн хамгийн сайн мэдэж байгаа нь 14 мега төсөл. МҮХАҮТ тэдгээр төсөлд гаднаас хөрөнгө оруулалт татах, түншлэх тал дээр хүчин чармайлт гарган ажиллаж байна.
Гадаадын хөрөнгө оруулагчдын гаргаж тавьдаг өөр нэг асуудал хууль тогтоомжийн тогтвортой байдал. Бид Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд багц санал дүгнэлт оруулна. Доод тал нь 15-20 жил, түүнээс дээш хугацаанд үйлчилдэг, магадгүй 30 жил өнгөрсөн ч хөнддөггүй байх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад ээлтэй орчин бүрдүүлэхүйц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар ажиллаж байна.
-Тогтвортой хөгжлийг хангах, ногоон эдийн засгийг хөгжүүлэхэд дэлхийн улс орнууд анхаарлаа хандуулж байна. Ийм төрлийн хөрөнгө оруулалт татсан тохиолдолд ямар нэг хөнгөлөлт урамшуулал олгох зохицуулалт өнөөгийн хууль тогтоомжид хэр туссан бэ. Цаашид энэ талын хууль, эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах бололцоотой вэ?
-МҮХАҮТ нь органик буюу байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эхнээс нь дэмжиж ирсэн. Үндэсний танхим бол ногоон шилжилтийн түүчээлэгчид юм. Тэр ч утгаараа МҮХАҮТ-аас аж ахуйн нэгжүүдийг урамшуулах зорилгоор “Ногоон энтрепренер” шагналыг жил бүр гардуулдаг. Энэ жилээс ногоон эдийн засагт хувь нэмрээ оруулж буй бизнес эрхлэгчдэд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт нь хөнгөлөлт үзүүлдэг болж байгаа. Хоёр дахь томоохон ажил гэвэл, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай хамтарч тусгай сан байгуулах асуудлыг зөвшилцөн, гишүүн байгууллагууддаа танилцууллаа. Уг сан жилд 1 их наяд төгрөгийн хуримтлал үүсгэн, ногоон шилжилтийг дэмжих юм.
-Худалдаа аж үйлдвэрийн танхимаас экспортын бараа бүтээгдэхүүнд гарал үүслийн гэрчилгээ олгодог. Гэрчилгээжүүлсний давуу тал юу вэ. Одоогоор хэдэн нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд гэрчилгээ олгоод байна вэ?
-Үндэсний танхим нийт аж ахуйн нэгж, байгууллагуудад үзүүлдэг нэг чухал ач холбогдол бүхий үйлчилгээ бол гарал үүслийн гэрчилгээ юм. 2024 онд нийтдээ 14575 гэрчилгээ олгосон байна. Гарал үүслийн гэрчилгээг баталгаажуулж олгосноороо экспортыг бодитоор нь дэмжиж байгаа хэрэг юм. Монгол Улс Европын холбоотой хөнгөлөлттэй тарифын 7500 гаруй бүтээгдэхүүнийг нийлүүлэх эрхтэй. Япон Улстай манай улсын холбогдох яамд, агентлагийн мэргэжилтнүүд 2012 оноос эхлэн гурван жил орчмын хугацаанд 7 үе шат бүхий хэлэлцээрийг байгуулсан. Өнөөдрийн байдлаар Евроазийн эдийн засгийн холбоо болон Өмнөд Солонгос Улстай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудал дээр онцгой анхаарч оролцож байна. Монгол Улсын нэг томоохон боломж юу вэ гэвэл, 2019 онд Ази, Номхон далайн бүсийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэн орж, 2021 оноос хэрэгжиж эхэлсэн явдал юм.
-Танай байгууллага олон улсын ямар байгууллага, улс орнуудтай хамтын ажиллагаатай ажиллаж байна вэ. Гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа хэрхэн өргөжүүлж байна вэ?
-МҮХАҮТ нь гадаадын 160 гаруй улс орны худалдаа, аж үйлдвэрийн танхим, худалдааг дэмжих байгууллагатай хамтын ажиллагаатай. Мөн 40 гаруй улсын 130 орчим байгууллагатай хүчин төгөлдөр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад байна. Мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, үндэсний хэмжээний Танхимын хувьд Олон улсын худалдааны танхим-Дэлхийн танхимуудын холбоо (ICC WCF), Ази, Номхон далайн худалдаа, аж үйлдвэрийн танхимуудын холбоо (CACCI), Азийн худалдааг хөгжүүлэх форум (ATPF), Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн ХАҮТ (APTA CCI), Их Түмэн санаачилга (GTI) зэрэг олон улсын байгууллагад гишүүнчлэлтэй бөгөөд нягт хамтын ажиллагаа хэрэгжүүлж байна. Ингэснээр бүс нутгийн болоод олон улсын бизнесийн сүлжээ, хүрээлэлд нэгдэх, эдийн засаг, худалдаа, бизнесийн орчинд болж буй үйл явдал, чиг хандлагын талаар мэдээлэл авах, бизнес эрхлэгчдэд хүргэх, холбох, олон улсын хурал чуулганд Монгол Улсын талаар мэдээлэл өгөх, бизнес эрхлэгчдийн байр суурь, дуу хоолойг дамжуулах, сургалт семинаруудад оролцох давуу талтай болдог. Түүнчлэн хоёр хөрш оронтойгоо төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, үзэсгэлэн яармаг гаргах зэргээр нягт хамтарч ажилладаг гэдгээ онцлон хэлэхийг хүсэж байна.
-Он гарснаас хойш МҮХАҮТ хоёр ч томоохон бизнес форумыг Турк, Узбекистан улсад зохион байгууллаа. Гадаад улс орнуудад болдог ийм бизнес форум, бизнес аялал хэр үр дүнтэй байдаг вэ?
-Сүүлийн жилүүдэд төрийн удирдлагуудын өндөр дээд түвшний айлчлалын давтамж нэмэгдэж байна. Аливаа айлчлалын гол бүрэлдэхүүн хэсэг нь бизнесийн төлөөлөл байдаг. Эдгээр айлчлалын үеэр МҮХАҮТ хүлээн авч буй орны Үндэсний танхимтай хамтарч бизнес форум зохион байгуулдаг. Оны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийг Бүгд Найрамдах Турк улсад айлчлах үеэр бид бизнес форум зохион байгууллаа. Нийтдээ 100 орчим бизнесийн төлөөлөл Ерөнхийлөгчийг дагалдсан. Тус улсын нийслэл Анкара болон бизнес, санхүүгийн төв Стамбул хотод Монгол-Туркийн бизнес форум, B2B уулзалтыг амжилттай зохион байгууллаа. B2B уулзалт бол хоёр орны бизнес эрхлэгчид нүүр тулан танилцаж, ажил бизнесээ ярьж, түншилдэг маш чухал арга хэмжээ юм. Энэхүү арга хэмжээний үеэр манай аж ахуйн нэгж, компаниуд 10 гаруй хэлэлцээр хийж, нийтдээ 30 гаруй тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий гэрээг байгуулсан. Үүнд МҮХАҮТ-ын бусад улс оронд хийдэг бизнес форум, B2B уулзалтын ач холбогдол оршдог.
Мөн миний бие Туркийн ХАҮТ болон Биржүүдийн нэгдсэн холбоотой хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Нийтдээ 2 сая гаруй аж ахуйн нэгж, байгууллагын гишүүнчлэлтэй танхим юм. Тэрхүү гэрээнд гарын үсэг зурснаар хоёр улсын экспорт импортыг дэмжих, гадаад худалдааны балансыг тэнцвэржүүлэх, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, улмаар Монголын үндэсний үйлдвэрлэгчдийг Туркийн зах зээл болон цаашлаад бусад орон руу гарах сувгийг нээж өглөө. Түүнчлэн Туркийн Худалдааны яамны дэргэдэх Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөлтэй хамтарч, харилцаа, хамтын ажиллагаагаа ахисан түвшинд гаргахаар тохиролцлоо. Энэхүү тохиролцооны хүрээнд хоёр орны харилцааг эдийн засагжуулна гэдэг гуравдагч хөршүүдтэй энэ тал дээр хамтран ажиллах газрын зургаа гаргаж байна гэж ойлгож болно.
Хоёр дахь том бизнес форум Бүгд Найрамдах Узбекистан улсад боллоо. Хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдаан болж, Монголоос бизнесийн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг яваад ирсэн. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан уг комиссын Монголын талын даргын хувиар албан айлчлал хийсэн. Нийслэл Ташкент хотод хоёр орны 200 орчим бизнесийн төлөөлөл бүхий бизнес форум, мөн B2B уулзалтыг зохион байгууллаа. Узбекистан нь дэлхийн улс орнуудын анхаарлыг, хөрөнгө оруулагч, бизнесмэнүүдийн сонирхлыг төрүүлж буй улс юм. Эдийн засаг нь нээлттэй болж, хүн амын өсөлт нь хурдтай өсөж буй улс. Манай компани, бизнес эрхлэгчид Узбекистаны зах зээлийг сонирхоод эхэлсэн байна. Тухайлбал, Монголбазальт компани үйлдвэрээ Ташкент хотод барьж байна. Таванбогд групп НУРА төв салбараа нээгээд байна. “Voyage Mongolia” үйлдвэр Төлөөлөгчийн газраа байгуулаад, узбекчүүдэд усаа борлуулж байна. Хэд хэдэн хүнсний компани жимс жимсгэнэ, хүнсний бүтээгдэхүүн импортлох чиглэлээр ажиллаж байна. Тус форумаар олон компани энэхүү шинэ зах зээлийг судалж, эргэж очихоор боллоо. Энэ мэтчилэн бид гишүүн компаниудаа гадаад зах зээлтэй холбох, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд төр засагтай хамтран ажиллах, асуудлыг ойлгуулах, бизнесийн боломжуудыг нээж өгөх талд ажиллаж байна.
-Гадаадын бизнес эрхлэгчид Монголын зах зээл, бизнес худалдаа, татварын орчны чиглэлээр хаанаас мэдээлэл зөвлөгөө авах вэ. Энэ тал дээр хэр нээлттэй үйл ажиллагаа явуулдаг вэ?
-МҮХАҮТ нь гадаадын хөрөнгө оруулагч болон бизнес эрхлэгчдийг Монголд хөрөнгө оруулалт, худалдаа эрхлэх, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх чиглэлд дэмжиж ажилладаг гэж би ярианыхаа эхэнд дурдсан. Энэ бүх мэдээллийг манай танхимын www.mongolchamber.mn цахим сайтаас авч болно. Үүний зэрэгцээ манай байгууллага дэргэдээ Эдийн засаг, зах зээлийн судалгааны хүрээлэнг байгууллаа. Тус судалгааны төв нь бодлогын түвшний судалгаа гаргана. Ялангуяа, дотоодын зах зээлийн мэдээллийг гаднын хөрөнгө оруулагчид, экспорт импорт эрхлэгчдэд өгөх, нөгөөтээгүүр бусад улс орнын зах зээлийн мэдээллийг үндэсний үйлдвэрлэгч болон импортын бизнес эрхлэгчдэд түгээх зорилготой. Ийм байдлаар зохион байгуулалтын хувьд шинэчлэгдээд байна.
-Ойрын хугацаанд ямар ажлууд дээр илүү төвлөрч ажиллах чиглэлтэй байна вэ?
-МҮХАҮТ үүсэн байгуулагдсаныхаа 65 жилийн ойг энэ онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Үндэсний танхим бол нэгэн жарны түүх бүтээсэн байгууллага. Ойг тэмдэглэх ажлын хүрээнд Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг шинэчлэх нь нэн тэргүүний асуудал болоод байна. Мөн бизнесийн эрх зүйн орчинтой холбоотой хэд хэдэн хуулийн төсөлд санал өгч, үр дүн гаргах чиглэлд онцгой анхаарч ажиллаж байна. Мөн орон нутгийн салбар танхимуудаа чадавхжуулах, улмаар орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжиж, сургахад бодлогоо чиглүүлж байна.
Сая Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Польш, Чех улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд энэ хоёр улстай бизнесийн форум зохион байгууллаа. Түүнчлэн гадаад дотоодын үзэсгэлэн яармаг, экспод амжилттай оролцох бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ жил Японы Осака хотод дэлхийн “Ехро-2025” үзэсгэлэн болно. “Гэрэлт амьдралын төлөөх ирээдүйн нийгмийн бүтээх нь” сэдвийн хүрээнд болох энэхүү үзэсгэлэн нь НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж буйгаас гадна өлсгөлөн, ядуурлыг арилгах, нийгэмд тэгш байдлыг бий болгох, экологийн асуудлыг дэмжихэд иргэдийг нэгтгэх хүсэл зорилгыг илэрхийлж буй. Уг ехро нь олон улсын хамгийн том арга хэмжээ бөгөөд 170 гаруй улс орон оролцдог, таван жил тутам зохион байгуулдаг. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаа төлөөлөн МҮХАҮТ-ын гишүүн аж ахуйн нэгж, компаниудаа оролцуулах бэлтгэл ажлыг хангаж байна.
Эх сурвалж: Montsame News Agency