(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

О.Амартүвшин: "ТОП-100”-д эрэмбэлэгдсэн компаниуд хөрөнгийн зах зээл дээр гарахад олон хөнгөлөлт, урамшууллыг санал болгоно

2023/05/25 0

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.

-Нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг жил бүр шалгаруулсаар ирлээ. Өнөө жилийн хувьд төрийн өмчит компаниудыг эрэмбээс хассан нь хувийн хэвшлийнхэнд том урам өглөө гэж байсан. Энэ удаагийн шалгаруулалтын онцлог юу байв?

-Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтраад 2022 “ТОП-100” аж ахуйн нэгжийг шалгарууллаа. Зохион байгуулах хороо болоод Засгийн газрын түвшинд шалгаруулалтад өөрчлөлт оруулъя, аж ахуйн нэгжүүдэд бодлогын дэмжлэг үзүүлье гэдэг асуудал яригдсан. Иймд төрийн өмчит компаниуд хувийн хэвшилтэй өрсөлддөг байдлыг энэ жилээс зогсооё гэж шийдвэрлэсэн. Хоёрдугаарт, манай эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь уул уурхайн салбар. Тэгэхээр уул уурхайн салбарыг бусад салбартай харьцуулж эрэмбэлэх нь учир дутагдалтай гэж үзсэн. Ер нь уул уурхайн салбар экспортын 93 хувийг эзэлдэг хэдий ч ажлын байрны дөнгөж 7-8 хувийг бүрдүүлдэг. Харин бусад салбар ажлын байрны ихэнхийг нь бий болгож байна. Энэ утгаараа уул уурхайгаас бусад салбарыг илүү таниулж, зөв эрэмбэлэх нь чухал юм гэж үзсэн.

Дараагийн нэг онцлог бол өнгөрсөн онд үйл ажиллагаа нь огцом сайжирсан, цоо шинэ салбар эсвэл экспортын илүү амжилттай байсан, инновацийг сайн нэвтрүүлсэн зэрэг үзүүлэлтийг илүү харгалзсан.

-Ингэхэд топуудыг хэрхэн яаж эрэмбэлдэг юм бэ?

-Маш тодорхой журам бий. Ерөнхийдөө шалгаруулж байгаа гол таван үзүүлэлт байдаг л даа. Тухайн компанийн борлуулалтын орлого, нийт ашиг, НДШ, татвар төлөлт, хөрөнгийн үнэлгээгээр нь эрэмбэлдэг. Зарим архи, тамхи худалдаалдаг компаниуд онцгой татвар төлдөг шүү дээ. Бид ийм компаниудын татвар төлөлтийг 50 хувиар дискаунталж авч үздэг. Аль болох субъектив зүйл байхгүй. Тоо бол өөрөө жинлээд гаргаад ирдэг.

Ихэнх улс орон ингэж өөрийнхөө томоохон аж ахуйн нэгжүүдийг эрэмбэлдэг. Хятад улс гэхэд жил бүр “ТОП-500” аж ахуйн нэгжээ эрэмбэлсээр ирсэн. Гадаад ертөнцөд хөрөнгийн зах зээл хөгжсөн болохоор нэгж хувьцааны үнэлгээ, өгөөж нь ямар байна гэх зэрэг гол үзүүлэлтүүдийг бариад эрэмбэлчихдэг. Харин Монгол Улсын хувьд хөрөнгийн зах зээл тийм хэмжээнд хүрч хөгжөөгүй байгаа. Тэгэхээр бид цаашдаа хөрөнгийн зах зээлийг илүү хөгжүүлэхийг байнга зорьж байна. Энэ утгаараа өнөө жилийн “ТОП-100”-гийн шалгаруулалтыг Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурсан. Ингэснээр “ТОП-100”-д эрэмбэлэгдсэн компани бонд босгох, хувьцаагаа олон нийтэд санал болгох юм бол маш олон хөнгөлөлт, урамшууллыг санал болгож байгаа. Жишээлбэл, хөрөнгө үнэлүүлэхийг шаардахгүй. Бичиг баримт бүрдүүлэх болоод цаг хугацааны хувьд асар сайн нөхцөлийг санал болгоно. Ингэж “ТОП-100”-д шалгарсан компани нээлттэй болсноор бусад аж ахуйн нэгжүүд суралцах, энэ зах зээлийг сонирхох боломж нээгдэнэ гэж харж байгаа.

-Сая “ТОП-100”-д шалгарсан аж ахуйн нэгжүүдээс нээлттэй хувьцаат компани хэр зэрэг орж ирэв?

-Ерөнхийдөө арав орчим хувь нь нээлттэй компани байна. Сүүлийн үед системийн банкууд хувьчлагдаж байгаа нь энэ тоо өсөхөд нөлөөлсөн. Дээрээс нь хүнсний сүлжээ дэлгүүр зэрэг зарим компани хөрөнгийн зах зээл дээр ажилласан нь маш том амжилт үзүүлсэн байна. Жишээлбэл, CU борлуулалтаа гурав дахин, нийт ажлын байраа хоёр дахин тэлсэн амжилттай ажилласан компаниар шалгарсан. Эндээс харахад компаниуд аль болох нээлттэй байх, хөрөнгийн зах зээлийг том боломж болгож харах нь чухал. Энэ нь буцаад компанийн засаглал сайжрах, гадны хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаа нь илүү тэлэх боломж бүрддэг юм.

-ТОП-100” аж ахуйн нэгжийг шалгаруулдаг болоод 22 жил болсон. Гэтэл 20 жилд нь “Эрдэнэт” үйлдвэр нэгдүгээрт жагссаар ирсэн. Харин энэ жилээс төрийн өмчит томоохон үйлдвэрүүдийг хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдүүлэхээ больжээ. Хэрэв төрийн өмчит компаниуд олон нийтийн болбол эргээд “ТОП-100”-д орж ирэх боломжтой биз дээ?

-“Эрдэнэт” үйлдвэр яах аргагүй сүүлийн 20 гаруй жил “ТОП-100”-г манлайлж ирсэн. 100 хувь төрийн өмчит компани шүү дээ. Үндсэндээ улсын үйлдвэрийн бий болгож байгаа баялаг бүтээн байгуулалтыг бусад компанитай харьцуулах боломж ойрын үед тун хомс. Үйл ажиллагаа нь тогтмолжсон, зэсийн үнэ дэлхийн зах зээлд өсөлттэй явж ирсэн. Үүнийгээ дагаад борлуулалтын хэмжээ нь хамгийн том байдаг. Дээрээс нь тогтвортой 7000 орчим ажлын байрыг хадгалсаар ирсэн. Татвар төлөлт, нийгэм дэх оролцоо, хөрөнгийн үнэлгээ өндөр байдаг. Иймд жил бүр “ТОП-100”-д тэргүүлж ирсэн байдаг юм. Өнөө жилээс эхлэн 51 хувиас дээш төрийн өмчит компаниудыг энэ эрэмбэд оруулахгүй гэсэн шийдвэр гарснаар “Эрдэнэт” үйлдвэр “ТОП-100”-гаас хасагдсан. Ингээд "Оюу толгой" компани “ТОП-100”-г манлайлж байна.Энэ нь нөгөө талаараа зөв жишиг гэж харж байгаа. Нээлттэй хувьцаат компани, гадны хөрөнгө оруулалтыг татсан, дотоодын зах зээлд цоо шинэ соёл, мэдлэг, инновацийг нэвтрүүлж байгаа гээд олон зүйл бий. Бусад гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад зөв мессэж болж очих юм. Цаашид аль болох төрийн өмчит компанийг нээлттэй олон нийтийн болгож байж засаглал нь сайжирна. Яг үнэндээ нийгэмд төрийн өмчит компанитай холбоотой ашиг сонирхол гаарсан. Авлига, тендер, бүтээмжийн байдал гээд маш их асуудал байна. Иймд аль болох нээлттэй компани болгох ёстой. Ингэхгүй бол гадны хөрөнгө оруулалт ч орж ирэхгүй, дотоодын компаниуд ч томрохгүй. Нийт дүнгээрээ Монголын эдийн засаг байнгын эрсдэлтэй нүүр тулсаар байна. Гадаад зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний түүхий эд яаж хөдөлнө, эдийн засаг дагаж савладаг хэвээр байна гэсэн үг. Гүржийн жишээ байдаг. Томоохон улсын үйлдвэрийн газруудаа хувьчилснаар 3-4-хөн жилийн дотор тэдгээр компаниудынх нь нийт борлуулалт арав дахин тэлсэн. Төрийн өмчийг хувьчилснаар ямар үр ашигтай вэ гэдгийг эндээс бэлээхэн харж болно.

Төрийн өмчит компани гэдэг бол хувийн хэвшлийн орон зайгаас булааж байгаа. Зах зээл, ажлын байр, санхүүгийн нөөц боломж гээд бүх талаараа өрсөлдөж байна. Хувийн хэвшил бол төртэй өрсөлдөх боломжгүй. Тэгэхээр Засгийн газрын зүгээс цаашид төрийн өмчит компаниудын тоог бууруулах, аль болох нээлттэй олон нийтийн болгохыг зорьж байгаа. Тэгэхээр эдгээр компаниуд Монголын хөрөнгийн биржээр дамжаад нээлттэй болсныхоо дараа “ТОП-100”-д эргээд эрэмбэлэгдэх боломжтой.

-Энэ удаагийн “ТОП-100”-д шинээр ямар салбарууд орж ирэв?

-Нээлттэй хувьцаат компани болсон аж ахуйн нэгжүүд ихэнх нь “ТОП-100” руу амжилттай орж ирж байгаа. Жишээлбэл, дээр хэлсэнчлэн банкуудаас гадна эм, эмнэлгийн салбарын дөрвөн компани “ТОП-100”-д багтсан байгаа. Энэ бол том амжилт. Гадагшаа урсдаг эмнэлгийн төлбөрийн үйлчилгээг дотооддоо санал болгосноороо бид зах зээлээ тэлэх ач холбогдолтой. Тэгэхээр эрүүл мэндийн салбарыг томоохон бизнесийн орон зай гэж харж, дэмжих нь зүйтэй гэдгийг харуулж байна. Мөн энэ жил “ТОП-100”-д хөнгөн худалдааны салбар орж ирлээ. “ТОП-100”-гийн 20 орчим хувь нь экспортлогч компани байна. Арав гаруй нь уул уурхайн бус компани байгаа. Жишээлбэл, “Ханбогд” кашмер байна. Эднийх нийт бүтээгдэхүүнийхээ 90 гаруй хувийг дэлхийн томоохон брэндүүдэд шууд нийлүүлж байгаа нь үнэхээр том амжилт. Эдгээр том брэндүүд Монголын ноолуурыг онцолж сурталчилгаа хийдэг. Давхар Монголыг дэлхийд сурталчилж байна гэсэн үг.

-2022 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого, улсад төлсөн татварын хувь хэмжээ өмнөх оныхоос ямар байсан юм бол?

-Энэ онд эрэмбэлэгдсэн “ТОП-100” аж ахуйн нэгжийг өмнөх онд шалгарсан компаниудын борлуулалтын дүнтэй харьцуулахад 8.5 хувиар өсөлттэй гарсан байна. Үндсэндээ 38.4 их наяд хүрлээ. Өмнөх оны дүнгээс гурван их наядаар нэмэгдсэн байна. Энэ нь ДНБ-ий 73 хувьтай тэнцэж байгаа юм. Төлсөн татварын хэмжээ 4.3 их наяд хүрсэн нь манай нийт татварын орлогын 28 хувийг бүрдүүлж байна. Ажлын олгож буй байдлыг статистикаас харахад 71.2 мянга буюу нийт ажлын байрны 6.2 хувьтай тэнцэж байна. “ТОП-100” аж ахуйн нэгж эдийн засагт ямар их жин дардаг нь тоон үзүүлэлтээс харагдаж байна.

-Топоор шалгарсан аж ахуйн нэгжид ямар боломжууд бий болдог вэ?

-“ТОП-100”-д шалгарсан компаниудыг дагаж ямар нэгэн хөнгөлөлт, урамшууллын асуудал дэлхийн аль ч оронд төдийлөн яригдахгүй. Яагаад гэвэл “ТОП”-д эрэмбэлэгдэж байна гэдэг бол тухайн компанийн зах зээл дэх үнэлэмж, нэр хүндийн баталгаа болж өгдөг. Жишээлбэл, манай урд хөршийн “ТОП-500”-д багтдаг компанид дэлхийн аль ч түнш хөрөнгө оруулж, хамтарч ажиллахыг хүсдэг. Яагаад гэвэл энэ том гүрний ТОП аж ахуйн нэгжид багтана гэдэг бол дэлхийн хэмжээний компани болсон гэсэн үг. Үүнтэй ижил Монголын “ТОП-100”-д багтана гэдэг бол хөрөнгө оруулагчдын итгэлийн гол үзүүлэлт болж байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газар 2022 оны тавдугаар сард албан паспорт олгох журамд өөрчлөлт оруулсан. Ингэснээр “ТОП-100” аж ахуйн нэгжид эрэмбэлэгдэх юм бол тухайн компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал удирдлагын түвшний хүмүүс албан паспорт авах боломжтой болж байгаа. Жишээлбэл, БНСУ руу бизнесийн уулзалтаар яаралтай явах боллоо гэхэд виз хүлээвэл удна шүү дээ. Харин албан паспорт ямар нэгэн визгүйгээр шууд зорчих боломжтой. Энэ бол дотоодын бизнес эрхлэгчдээ хөрөнгө оруулагч татах, үйл ажиллагаагаа томруулахад нь элч болгож байгаа том дэмжлэг юм. Ер нь “ТОП-100” аж ахуйн нэгжүүдийн хувьд эрэмбэд багтаж байна гэдэг бол ажилтнуудынх нь хамгийн том бахархал. Хөрөнгө оруулагч, гүйцэтгэх удирдлага нь ажлаа үнэлүүлэх гол шалгуур гэдгийг өнөөдөр ихэнх нь ойлгож байгаа. Тиймээс аж ахуйн нэгжүүд энэ эрэмбэд багтахыг зорьдог болсон.

Эх сурвалж: dnn.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ
М БАНК ХК-ны үзүүлж буй бизнесийн зээлийн үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
Корпорейт Зочид буудал ХХК-ны гишүүдэд үзүүлж буй үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
ТАПАТРИП ХХК-ны үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээлэл хүргэж байна
2024/03/27
Боомтын сэргэлтийн Үндэсний хороо, МҮХАҮТ хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2024/03/26
Хөнгөн үйлдвэрийн анхны эмэгтэй баатар
2024/03/26
ХИЛ ДЭЭР ГАЦМААРГҮЙ БАЙНА
2024/03/25
Ногоон үйлдвэрлэл ноос, ноолуурын салбарт
2024/03/21
Ногоон үйлдвэрлэл ноос, ноолуурын салбарт
2024/03/21
Монголын Мэдээ: 10 мянган залууг бизнесийн сургалтад хамруулна
2024/03/21
Монгол Улсад нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг дэмжих бодлого дутагдаж байна
2024/03/21
П.Төмөр-Очир: Бельги улсад компани байгуулах, ажиллуулахад харьцангуй хялбар журамтай
2024/03/21
БИЗНЕСИЙН СЭРГЭЛТ 10000 залуусын сургалт эхэллээ
2024/03/20
Өвөрхангай аймгийнхан МҮХАҮТ-тай хамтран Хөрөнгө оруулалтын чуулганаа хийлээ
2024/03/20
Монгол Тайваний 20 дахь удаагийн бизнес форум Тайпэй хотноо зохион байгуулагдаж байна
2024/03/20
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Ази Номхон Далайн бүсийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байна
2024/03/20
МҮХАҮТ-аас Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох намуудын мөрийн хөтөлбөрт өгөх санал
2024/03/19
Эдийн засгийн коридор, боомт, тээвэр логистикийн зөвлөл хуралдлаа
2024/03/19
“КIMES Солонгосын эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн”-д МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд амжилттай оролцлоо
2024/03/19
МҮХАҮТ, "Сэтгэлийн мод ТББ"-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
2024/03/19
Хан Тэгри Мэд ХХК
2024/03/18