Д.Асралт: Дэлхийн хаана ч ажиллах чадвартай мэргэжлийн CEO бэлтгэх нь бидний зорилго
Бизнесийн удирдагчдыг чадавхжуулж, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай 1000 CEO бэлтгэх, мөн төдий тооны хүчирхэг компани бий болгох зорилготой Бизнес академи барууны шилдэг туршлагыг албан ёсны эрхтэйгээр нутагшуулж байна.
– Business.MN сэтгүүлийн 2023 оны 04 сарын дугаар (№53) -т нийтлэгдсэн ярилцлага -
Харвардын бизнесийн сургууль, Английн Захирлуудын институт зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж, “Харвард МенежМентор”, CEO Excellence, CEO Radar зэрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж буй Бизнес академийг бид энэ удаа онцоллоо. МҮХАҮТ -ын дэргэдэх уг академи гол зорилгоо дэлхийн түвшинд ажиллах чадвартай гүйцэтгэх удирдлагуудыг бэлтгэх хэмээн тодорхойлж байна. “Бизнесээ эрчимжүүлэх нь” (Boost your Business), “Зоригтой манлайл” (Dare to Lead) зэрэг хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэхээр зэхэж буй тус хамт олон гурван жил дараалан зохион байгуулсан Executive Summit арга хэмжээгээрээ бизнесийн салбарынхан дунд танигдаад байсан бол тун удахгүй энтертайнмент бизнес болон хөдөө аж ахуйн салбарыг онцолж, олон улсын шилдэг туршлагаас хуваалцах хоёр ч эвент, воркшопын ард гарахаар ажиллаж байна. Үйл ажиллагаагаараа дамжуулан менежерүүд, гүйцэтгэх захирлуудыг чадавхжуулах, холбох, сүлжээ үүсгэх, мөн тэднийг хамтын үйл ажиллагаанд чиглүүлж ажиллахыг зорьж буй Бизнес академийн захирал Д.Асралтай ярилцлаа.
Тэрбээр “Юнайтед бизнес ривью” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулж, өнгөрсөн хугацаанд дэлхийн хамгийн том хедж сан Bridgewater Associates -ийн үүсгэн байгуулагч Рэй Далиогийн “Principles: Амьдрал & Ажлын зарчмууд”, Брене Брауны “Зоригтой манлайл” (Dare to Lead), Pixar студийн ерөнхийлөгч Эдвин Катмулын “Бүтээлч, Inc”, Nike брэндийн үүсгэн байгуулагч Фил Найтын “Пүүзэнд дурлагч” (Shoe Dog), Сет Годины “Энэ бол маркетинг”, Netflix -ийн үүсгэн байгуулагч, CEO Рийд Хастингсийн “Дүрэмгүй дүрэм” тэргүүтэй 20 ном эрхлэн гаргаад байгаа юм.
Юуны өмнө Бизнес академи хэрхэн байгуулагдсан түүхээс ярилцлагаа эхлүүлье?
Дэлхийн улс орнуудын худалдааны танхимуудын жишгээр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ) дэргэдээ өөрийн гэсэн сургалтын функцүүдтэй явж ирсэн. Эдгээр нь тухайн цаг үед шаардлагатай ур чадвар, мэдээ мэдээллийг бизнес эрхлэгчдэд олгох богино хугацааны сургалтуудаас голдуу бүрддэг. Үүний нэг нь МҮХАҮТ -ын дэргэдэх Гадаад худалдааны академи буюу гадаад худалдааны менежер, захирлын туслах, нарийн бичиг бэлтгэх сургалт зэрэг цөөн тооны хөтөлбөрийг зохион байгуулдаг функц байв. Харин 2020 онд МҮХАҮТ -ын ерөнхийлөгч О.Амартүвшин уг академийг Бизнес академи болгон өөрчилж, цар хүрээний хувьд өргөжүүлэх ёстой гэж үзсэн. Ингээд дэлхийн шилдэг бизнесийн сургуулиудын контент, сургалт, хөтөлбөрүүдийг нэвтрүүлэхийн зэрэгцээ өөрсдийн гэсэн бие даасан манлайллын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, цаг ямагт өөрчлөгдөж буй нийгэм, эдийн засгийн шаардлагад нийцэж ажиллаж чаддаг, шинэлэг академи байна гэж үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон. Бизнесийн удирдагчдыг чадавхжуулъя, 1000 CEO бэлдье, мөн төдий тооны хүчирхэг компани бий болгоё гэсэн гол зорилгын хүрээнд бид академиа өөрчлөн байгуулсан гэсэн үг.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Бизнес академи Харвардын их сургуулийн Бизнесийн сургуулийн манлайллын хөтөлбөрүүдийг албан ёсны эрхтэйгээр амжилттай хэрэгжүүлж, 300 гаруй төгсөгчийг бэлтгэж, батламж олгосон. Харин ирэх тавдугаар сараас Английн нэр хүнд бүхий Захирлуудын институт (Institute of Directors) -ийн тусгай хөтөлбөрүүдийг дотооддоо зохион байгуулахаар зэхэж байна. Тухайлбал, тэдгээрийн дунд тус институтын Английн бусад их сургуультай хамтран хэрэгжүүлсэн “Бизнесээ эрчимжүүлэх нь” (Boost your business) буюу Ковид-19 -ийн дараа үйл ажиллагаа, орлого нь тасалдаж, санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан бизнесүүдэд дахин сэргэхэд нь дэмжлэг үзүүлэх, бизнес моделио шинэчлэх, өсөлтийн төлөвлөгөөгөө шинээр боловсруулахад туслах бодит алхмуудыг хэрэгжүүлдэг хөтөлбөр багтаж байгаа. Цаг үе бизнес эрхлэгчдийг илүү инновацлаг, бүтээлч байхыг шаардаж байна. Хуучинтайгаа зууралдахаас илүү шинэлэг зүйлийг эрэлхийлэх ёстой гэсэн хандлага хүчээ авч эхэллээ. Энэ хандлагад тулгуурласан сургалтууд “Бизнесээ эрчимжүүлэх нь” цогц хөтөлбөрт багтсан байдаг.
Мөн өмнө нь МҮХАҮТ -аас хэрэгжүүлж ирсэн CEO хөтөлбөрийг CEO Excellence болгон өөрчилж, сургалтын хэлбэрийн хувьд 5-7-3 буюу гүйцэтгэх удирдлагууд таван цөм үйл ажиллагаа, долоон сорилт, гурван кэйс дээр ажиллах сургалтын хэсгүүдийг боловсруулж, өнгөрсөн жил амжилттай хэрэгжүүлсэн. Энэхүү хөтөлбөрөөр дамжуулан Монголын сургалтын байгууллага, бизнесийн сургуулиудын тогтсон хэлбэрийг өөрчлөхийг бид зорьж байна. Суралцагчдын critical thinking буюу шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх харьцуулалтын арга бол хамгийн үр дүнтэй, өгөөжтэй арга гэдгийг Харвард, Кембриж, Францын INSEAD бизнесийн сургуулиудын амжилттай яваагаас харж болно. Харвардын бизнесийн сургууль гэхэд л кэйс дээр ажиллуулдаг арга барилтай. 1923 онд багш нар нь General Shoe компанийн кэйсийг анх боловсруулан бичиж байсан түүхтэй. Ингэснээр тухайн суралцагч бусад суралцагчийн хамгийн боломжит санаа бодлыг тусган бизнесийг том зургаар харж, тухайн нөхцөл байдалд хамгийн боломжит шийдлийгболовсруулж чаддаг.
Гүйцэтгэх удирдлагуудын хувьд завгүй, ачаалалтай ажилладаг учраас урт хугацаанд суралцахад хүндрэлтэй, бараг боломжгүй байдаг. Тиймээс кэйст тулгуурласан богино хугацааны сургалт илүү үр дүнтэй. Мөн ингэж суралцахдаа дэлхийн түвшний сургуулиудын хөтөлбөрийн агуулгыг тэндхийн багш, судлаач, профессоруудын мэдлэгээр дамжуулан олж авах нь цаашид олон улсад гарч ажиллахад ч чухал нөлөөтэй гэдэг үүднээс бид эдгээр хөтөлбөрийг Монголд нутагшуулж байна.
Тэгвэл таны карьер Бизнес академитай анх хэрхэн холбогдсон бэ?
Би эрх зүйч мэргэжилтэй. МҮХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын арбитр (МОУА) -аас ажлын гараагаа эхлүүлж байсан. Улмаар АНУ -ын Лос Анжелос хот дахь Сан Диегогийн үндэсний их сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж, “Бизнесийн маргааныг шийдвэрлэх олон талт арга” сэдвээр магистрын зэргээ хамгаалсан. Нэг үгээр, бизнесийн яриа хэлцэл болон гэрээ хэлцэл хийх талаар сонгон судалсан гэсэн үг. Улмаар Монголдоо ирээд энэ чиглэлээр зөвлөх үйлчилгээний компани байгуулан ажилласан. Бизнесийн хэлцэл гэдэг бизнес эхлэхээс өмнөх харилцааны анхан шатны суурь ур чадвар. Өөрөөр хэлбэл, хамгийн түрүүнд яриа хэлцэл буюу бусдад хэрхэн нөлөөлөх вэ гэх асуудлыг авч үзэх ёстой. 2016 оноос хойш энэ чиглэлээр олон тооны сургалт зохион байгуулж ирсэн байна. Үүний зэрэгцээ 2018 онд бизнесийн боловсролыг дэмжих зорилгоор “Юнайтед бизнес ривью” хэвлэлийн газрыг үүсгэн байгуулсан. Глобал түвшинд хүмүүс бизнесийн ямар сайн ном уншиж байгааг анзаарч, судалсны үндсэн дээр бид орчуулах номоо сонгодог. Энэ утгаараа дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, шилдэг удирдагчдын номыг сонгохоос гадна Монголд хэрэгтэй, практикал ач холбогдолтой ном байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Өнгөрсөн хугацаанд дэлхийн хамгийн том хедж сан Bridgewater Associates -ийн үүсгэн байгуулагч Рэй Далиогийн “Principles: Амьдрал & Ажлын зарчмууд”, Nike брэндийн үүсгэн байгуулагч Фил Найтын “Пүүзэнд дурлагч” (Shoe Dog), Pixar студийн ерөнхийлөгч Эдвин Катмулын “Бүтээлч, Inc” тэргүүтэй 20 ном эрхлэн гаргаад байна. Энэ жилийн тухайд 10-аад шинэ ном хэвлүүлэхээр төлөвлөcөн.
Өнгөрсөн нэгдүгээр сард та бүхэн гүйцэтгэх дээд удирдлагуудад зориулсан Executive Summit арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Уг арга хэмжээ өмнөх жилүүдийнхээс ямар онцлогтой, мөн үр дүнтэй болсон гэж дүгнэж байгаа вэ?
Бизнес академийн үйл ажиллагаа дөнгөж тогтворжиж эхлэх үед Ковид-19 цар тахал дэгдсэн. Яг энэ үеэр буюу цар тахал дэгдэж эхлэхэд тогтоосон хөл хорио хэд хоног сулрах үеийг ашиглан бид Executive Summit арга хэмжээгээ виртуал байдлаар анх удаа зохион байгуулж байв. Харин хоёр дахь жилдээ “Тасралтгүй суралцъя” уриан дор биет байдлаар зохион байгуулж, бизнесээ хэрхэн шинээр томъёолж, бизнес моделио дахин боловсруулж, өөр хоорондоо яаж шинэ маягаар хамтран ажиллах вэ гэсэн гол мессежийн дагуу илтгэл, хэлэлцүүлгээ өрнүүлсэн. Энэ жилийн тухайд “Өөрчлөлтөөр манлайлъя” сэдвийн хүрээнд тус арга хэмжээг зохион байгууллаа. Учир нь бизнесийн талбар дахь олон шилдэг удирдагчид бизнест өөрчлөлт амин чухал гэж онцолж байна. Мөн өнгөрсөн 20 жилийн инерциэр бид дараагийн 20 жил явах ямар ч боломжгүй. Тиймээс ямар нэг байдлаар үүнийг өөрчлөх ёстой. Тэр дундаа, удирдлагууд өөрсдөө эхэлж өөрчлөгдөж байж дараа нь бизнесээ өөрчилж чадна. Энэ ч үүднээс өнгөрсөн нэгдүгээр сарын арга хэмжээндээ компани гэхээс илүү гүйцэтгэх удирдлага буюу тухайн байгууллагыг удирдаж буй хувь хүмүүст чиглэсэн мессэж илүү өгөхийг зорьсон. Мөн бидний урьж оролцуулсан Пенсильванийн их сургуулийн профессор Кэти Милкмэн “Сорилт ба өөрчлөлт” сэдвээр илтгэл тавьж, манай академиас үүнтэй холбогдох дасгал ажлуудыг ажиллуулахын зэрэгцээ оролцогч бүрт Милкмэний боловсруулсан гарын авлагыг албан ёсны эрхтэйгээр орчуулан дурсгасан. Ингэснээр өөрчлөлт хэрхэн бий болдог, энэ явцад ямар саад бэрхшээл тулгардаг талаарх мэдлэг, мэдээллийг лекц, дасгал, гарын авлага буюу ном гэсэн гурван өөр хэлбэрээр, цогц түвшинд авах боломж бүрдсэн. Харамсалтай нь, Executive Summit -д оролцох хүмүүсийн тоо хязгаартай байсан учраас хүссэн хүн бүр оролцож чадсангүй.
Гүйцэтгэх дээд удирдлагуудад зориулсан Exectuive Summit арга хэмжээний үеэр:
Танайхаас Харвардын бизнесийн сургуультай хамтран албан ёсны эрхтэйгээр зохион байгуулдаг “Харвард МенежМентор” манлайллын хөтөлбөрт компанийн удирдлагууд ам сайтай байдгийг анзаарсан. Уг хөтөлбөрийн бусдаас ялгарах онцлог, мөн үр дүн, өөрчлөлт авчраад буйн шалтгаан нь юу вэ?
Харвард хэмээх том институтэд Харвардын бизнесийн сургууль, Харвард бизнес ривью сэтгүүл, пресс, Харвард бизнес паблишинг, тэргүүтэй корпорацийн дээд түвшний удирдлагуудад зориулсан сургалт, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг таван байгууллага бий. Үүнийг өөрөөр Харвардын экосистем гэж нэрлэж болно. Харин “Харвард МенежМентор” хөтөлбөрт экосистемийн хүрээнд бүтээгдэж буй контент, судалгаа, бизнесийн хөтөлбөрүүдийн хамгийн чухал, хэрэгтэй гэсэн бүх контентыг нэгтгэн багтааснаараа онцлог. “Харвард МенежМентор” -т дэлхийн топ 1000 гаруй компани хамрагддаг гэсэн статистик бий. Хөтөлбөрт шинэ, онцгой санаа, мэдлэг, мэдээлэл, шийдэл, ном, сэтгүүл, нийтлэл, ярилцлага, подкаст зэрэг олон төрлийн агуулгыг нэгтгэн цогц байдлаар шингээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, уг хөтөлбөрт суралцаж буй хүн Харвардын экосистемээс гарч байгаа хамаг л охийг хүртэж байна гэсэн үг. Сургалтын тухайд 100 хувь суралцагч төвтэй. Мөн бид хөтөлбөрийн агуулгыг эх хэл рүүгээ хөрвүүлж, дотор нь багтсан кэйсүүдийг Монголын нөхцөлд авч үзэж тайлбарлах зэргээр суралцагчдад аль болох ойлгомжтой байлгахад ихээхэн анхаарч ажилладаг. Энэхүү хөтөлбөрт маркетинг, санхүү, бизнес төлөвлөлт, кэйс сургалт, бусдыг ятган үнэмшүүлэх, цагийн, өөрчлөлтийн,, стресс менежмент гэх зэрэг гүйцэтгэх удирдлага, менежер хүнд хэрэгтэй бүхий л сэдвийн хүрээнд 41 модуль, гурван үндсэн хэсэг бүхий хичээлүүд багтдаг. Зарим компанийн менежментийн багийнхан бүгд хамрагдаж байгаа бол нэг хэсэг нь цаашид захирал болохоор бэлтгэгдэж буй менежерүүдээ хамруулж байна.
Ер нь тухайн хүн карьерын хувьд шат ахих, дунд түвшний менежерээс гүйцэтгэх захирал болж дэвшихэд хэрэгцээтэй ур чадвар, мэдлэг, мэдээллийг хувь хүн, хүн хоорондын харилцаа, бизнесээ удирдах гэсэн гурван түвшинд цогц хэлбэрээр олгож буйгаараа ихээхэн үр дүнтэй хөтөлбөр. Одоо тав дахь элсэлтийнхэн маань суралцаж байна.
Харвард МенежМентор хөтөлбөрийн ээлжит төгсөгчид
Тун удахгүй Бизнес академиас “Ирээдүйн хүнс, хөдөө аж ахуйн бизнес воркшоп” болон “Энтертайнмент, медиа, спортын бизнес” гэсэн хоёр ч эвент, воркшопыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм билээ. Эдгээр эвентийн ач холбогдол, онцлог, үр дүнг хэрхэн харж байна вэ?
МҮХАҮТ уул уурхайн бус экспортыг дэмжих чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Манай улсын хувьд, хамгийн боломжит, потенциальтай салбар нь хөдөө аж ахуй, энтертайнмент бизнес, аялал жуулчлал. Тиймээс эхлээд бид энтертайнмент, медиа, спортын бизнесийг онцолсон эвент, воркшопыг тавдугаар сарын дундуур зохион байгуулахаар бэлтгэж байна. Энэхүү эвент, воркшопоор дамжуулан Монголын энтертайнмент бизнес глобал түвшинд гарахын тулд юунд анхаарч, ямар алхмууд хэрэгжүүлэх шаардлагатай талаар түлхүү суралцаж хэлэлцэнэ. Нэг ёсондоо, энэ эвентийн гол зорилго нь олон улсад энтертайнмент бизнес хэрхэн амжилттай, зөв менежментээр ажилладаг талаар туршлага судлах боломжийг дотоодын бизнес эрхлэгчдэд олгох. Энэ утгаараа, бид дэлхийн түвшний мэргэжилтнүүдийг урьж оролцуулан, олон сонирхолтой сэдвээр илтгэл, хэлэлцүүлэг, воркшоп зохион байгуулж, мэдлэг, мэдээлэл авах боломжийг бүрдүүлнэ. Тухайлбал, NBA -ийн од Леброн Жеймс, хөлбөмбөгчин Кака, рэппер Жэй Зи, дуучин Сиара болон олон сая дагагчтай, алдартай youtuber, контент бүтээгчидтэй хамтран ажиллаж, тэдэнд зөвлөгөө өгдөг, Харвард бизнесийн сургуулийн профессор Анита Элберси гол илтгэгчээр оролцож, өөрийн 15 жилийн туршлагаасаа хуваалцах юм. Мөн Пенсильванийн их сургуулийн Вартон сургуулийн профессор viral маркетингийн эксперт Жона Бергер өөрийн сүүлийн судалгаа болох “Шидэт үг” концепцынхоо талаар ярилцаж, Pixar студийн storyboard уран бүтээлч хэрхэн үр дүнтэй, бүтээлч storytelling хийх талаар илтгэл толилуулах зэргээр салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд оролцоно гэдгээрээ онцлогтой болно.
Монголчуудын хувьд дэлхийн түвшинд гарах цаг нь нэгэнт болсон учраас бид уг эвент, воркшопт ихээхэн ач холбогдол өгч зохион байгуулж байна. Олон улсын энтертайнмент бизнесийн 2.3 их наяд ам.доллар эргэлдэж буй зах зээлд хөл тавихын тулд зоригтой, шийдэмгий алхмуудыг бид хийж эхлэх шаардлагатай. Энэ жилийн эвентээрээ Бизнес академи олон улсын шилдэг туршлагыг салбарынханд танилцуулах бол ирэх жилүүдээс илүү нарийвчилсан судалгаа хийж, тодорхой сэдвүүдийг гүнзгий түвшинд хөндөх, хэлэлцүүлэг өрнүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тэгж байж л үр дүн гарна. Азийн энтертайнмент салбар дэлхийд хүчтэй цойлох болсон энэ цаг үед бид ч мөн хойш суулгүй, зүтгэх хэрэгтэй болов уу. Магадгүй, адилхан Ази тивийн төлөөлөл гэдэг утгаараа Япон, Солонгос, Хятад тэргүүтэй улсын энтертайнмент салбарынхан бидэнд асар их замыг товчилж өгч байна ч гэж харж болно.
Харин түүний дараа зохион байгуулах “Ирээдүйн хүнс, хөдөө аж ахуйн бизнес воркшоп” -ын зорилго Засгийн газрын зүгээс хэрэгжүүлж буй бодлоготой нягт уялдаж байгаа. Өмнө нь хөдөө аж ахуйн салбарт чуулга уулзалт, хэлэлцүүлэг цөөнгүй зохиогдож байсан ч воркшопын хүрээнд дасгал, кэйс ажиллах байдлаар практик туршлага хуримтлуулах боломжтой арга хэмжээ төдийлөн болж байгаагүй. Мэдээж хэрэг, олон улсын трэндүүдийн талаар Харвардын бизнесийн сургуулийн профессорууд мэдээлэл хүргэж, мэдлэг, туршлагаа хуваалцана. Уг арга хэмжээндээ бид 21 аймгийн бизнес эрхлэгчдийг хамруулж, өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Хэлэлцүүлэг, илтгэлийн үеэр дэлхийн хүнсний сүлжээ, эрүүл ахуй, чанар стандартын асуудал, боловсруулах технологи, амжилттай бизнес моделиудын талаар хөндөн ярилцана. Ер нь Монголын хөдөө аж ахуйн салбарт бүтээгдэхүүний сав, баглаа боодол, нэмүү өртөг шингээн үйлдвэрлэх, бэлчээрийн даац, тэжээлийн хангамж, махны экспорт, сүү, сүүн бүтээгдэхүүнээ стандартын дагуу төрөлжүүлэн үйлдвэрлэх зэрэг олон асуудал тулгамддаг. Тийм ч учраас МҮХАҮТ болон Бизнес академи хамтран стратеги, менежментийн сургалтууд тасралтгүй зохион байгуулах ёстой юм.
Энэ жил хийхээр төлөвлөж буй гол ажлуудаасаа хуваалцахгүй юу?
Өмнө дурдсан CEO Excellence хөтөлбөрийнхөө энэ жилийн элсэлтэд зориулан бид McKinsey & Co менежментийн зөвлөх компанийн зөвлөхүүдийн бүтээсэн CEO Excellence номыг албан ёсны эрхтэйгээр орчуулан хүргэнэ. McKinsey & Co зөвлөх компани глобал түвшний 2500 гаруй захирлууд дунд хийсэн судалгааныхаа үр дүнд CEO хүний анхаарвал зохих зургаан үндсэн ур чадвар, дагалдах 18 ур чадварыг онцлон танилцуулсныг CEO Excellence хөтөлбөрийн агуулгад багтаан шинэчилж, ирэх сард хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. CEO хүнд байх ёстой зургаан үндсэн ур чадварыг сонирхуулбал, нэгт, амбицаа тодорхойлох, хоёрт, байгууллагаа нэгтгэх хүчин зүйлд сайтар анхаарах, гуравт, манлайлагчдаа дайчлах буюу захирлууд, дунд шатны менежерүүдээ дайчлах, дөрөвт, ТУЗ болон бусад оролцогч талтай үр дүнтэй харилцах, тэднийг чадавхжуулж, оролцоог нэмэгдүүлэх, тавдугаарт, бизнесээ төлөөлөх, зургадугаарт, үр дүнтэй удирдах зэрэг юм. Нэг үгээр, манай академи хийж буй энэ бүх ажлаараа дамжуулан дараа үеийн, мэргэжлийн CEO нарыг бэлтгэхэд анхаарч байна гэсэн үг.
Бизнес академийн захирал Д.Асралт
Мөн бид “Dare to Lead” эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлэх гэж байна. Хүн хоорондын харилцааны асуудлаар голчлон судалгаа хийдэг, Америкийн Хьюстоны их сургуулийн профессор, дэлхийд алдартай зохиогч Брене Браун “Эмзэг байдлаар хэрхэн манлайлах вэ? гэсэн асуултыг нийгэмд анх хөндөж тавьсан. Хүн бүр ямар нэг байдлаар эмзэг цэгтэй бөгөөд түүнийгээ ихэвчлэн нуудаг. Үүнээс шалтгаалан, хүн хоорондын ялгарал үүсэж, дотоод тэмцлүүд эцэс төгсгөлгүй үргэлжилж, эрч хүч, энерги зарсан зүйл болж хувирдаг. Харин энэ бүхний оронд Брене Браун багш эмзэг байдлаараа манлайлъя буюу хуяг дуулгаа тайлъя гэсэн санааг анх гаргаж ирсэн. Энэ санаа нь яваандаа өргөжиж, ном болон хэвлэгдэх үед олон нийт, тэр дундаа, эмэгтэйчүүд тун таатайгаар хүлээн авч, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, уг хүрээлэл нь томорсоор дэлхийн дахинд алдаршсан байдаг. Гэхдээ Dare to Lead нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан манлайллын хөтөлбөр биш. Өөрөөр хэлбэл, эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй аль ч түвшний удирдагч суралцах боломжтой хөтөлбөр юм. Хүн бүр давуу болон сул талтай. Хэрэв үнэхээр сул тал байгаа бол түүнийгээ хөгжүүл. Тэгж хөгжүүлэхэд тань бид тусалъя, бас бие биеэсээ суралцъя. Ийм хандлага үүсэхэд багийн гишүүд нэг нэгнээ ойлгож, нэгдмэл үнэ цэн бий болдог. Мэдээж хэрэг, энэ концепц Монголын хөрсөн дээр шууд хэрэгжих үү гэвэл асуултын тэмдэг. Гэхдээ бид эхний ээлжинд уг хөтөлбөрийг эмэгтэйчүүдийн дунд хэрэгжүүлж, залуу, дунд, ахимаг насны гэсэн гурван бүлгийн эмэгтэйчүүдийг оролцуулан зохион байгуулна. Тиймээс Бизнес академийн энэ жилийн онцлох арга хэмжээ, воркшоп Dare to Lead байх болов уу.
Бизнес академи гүйцэтгэх захирлуудыг чадавхжуулах, холбох, сүлжээ үүсгэх, мөн тэднийг хамтын үйл ажиллагаанд чиглүүлж ажилладаг. Өнгөрсөн хугацаанд удирдах түвшний хүмүүстэй ажиллаж ирсний хувьд та Монголын гүйцэтгэх удирдлагуудад нэн тэргүүнд шаардлагатай ур чадварыг юу гэж тодорхойлох вэ?
Юуны түрүүнд, гүйцэтгэх захирлуудын нас ихээхэн залуужсан байна. Ер нь олон салбарын цөөнгүй бизнесийг шинэ хүмүүс удирдах болж. Ингэж үе солигдож эхэлсэн нь цаашид ч үргэлжлэх байх. Гүйцэтгэх удирдлагуудын хувьд, хамгийн түрүүнд хандлагаа өөрчлөх асуудал нэн чухал байна. Ялангуяа бидний хийж буй ажилтай холбож яривал тасралтгүй суралцах хандлагыг бий болгох нь чухал. Хоёрт, хүн мэддэггүйгээ мэддэггүй. Өөрөөр хэлбэл, хүмүүс хуучин мэдлэгээ мөнх юм шиг бодож, тэр хүрээнийхээ хүмүүстэй хамт байх сонирхолтой байх нь элбэг. Ингээд хамтдаа хөгждөггүй гэсэн үг. Хэн хэнийгээ сорихгүй байхаас эхлээд хувь хүн одоогийн байгаа байдалтайгаа зууралдаж, тухтай бүсдээ орших нь мэдлэг, чадвар мөхөж буйн илрэл. Үүний эсрэгээр барууны орнуудад unlearning skill буюу хуучин мэдлэг, мэдээллээ халах чадварыг чухалчилж эхэллээ. Тэгж байж, шинэ мэдлэг, ур чадварт суралцах хэрэгтэй гэж үзэж байна. Ингэж тасралтгүй суралцах чадвараас гадна бүтээлч, инновацлаг байдлыг ч ихээхэн чухалчилдаг болсон. “Энийг ингэж л хий гэсэн”, “Та тэгж хэлээгүй биз дээ” гээд өөрөөр бодож сэтгэхгүй, санаачлага гаргахгүй суух бус тухтай бүсээсээ гарах, өмнө сурсан хуучин мэдлэгээ халах, бүтээлч, инновацлаг байх чадварыг хүн бүр эзэмших шаардлагатай болоод байна.
Өнөөдөр CEO, гүйцэтгэх удирдлагуудад хэрэгтэй бас нэг чухал чадвар бол хамтарч ажиллах. Collaborative leadership буюу хамтын манлайллын талаар бид CEO Executive summit арга хэмжээнийхээ үеэр ч нэлээд онцолсон. Ганцаараа хамаг хүч хөдөлмөрөө зарцуулж, дуу хоолойгоо хүргэхээс илүү нийтийн, хамтын манлайлал чухал гэдгийг олон улсад ч онцлох болж. Нөгөө талаар, шинэ бүх оролцогч талын капитализмын эрин гэгдэх өнөө үеийн манлайллын шинэ зарчим бол зорилготой, утга учиртай манлайллыг эрхэмлэх, бизнесийн оролцогч талууддаа ач холбогдолтой үйл ажиллагааг цогцлоох юм. Өнөөдөр эздийн гэгдэх хуучин капитализмын үе өөрчлөгдөж, оролцогч талуудын капитализм буюу тээвэр ложистик, бараа бүтээгдэхүүний хүргэлтийг хариуцаж буй, тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэж буй, үйлдвэрлэж буй, хөрөнгө оруулж буй, түүхий эд нийлүүлж буй, тухайн компанийг эзэмшиж буй талуудын капитализм бий болж байна.
Өнгөрсөн жилүүдэд та гүйцэтгэх удирдлагуудыг хөгжүүлж, чадавхжуулахад түлхүү анхаарч ажилласан. Одоо ч ажиллаж байна. Тэгэхээр та өөрөө ч бас тасралтгүй суралцах шаардлагатай болдог байх. Өөрийгөө хөгжүүлэх гол арга барил тань юу вэ?
Хувь хүний онцлог гэвэл би их сониуч. Зах зээлд хаана, ямар бизнес байна, бизнесийн ямар салбарт асуудал үүсэж, хаана өсөлт бий болж байна гэх зэрэг мэдээ, мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авахыг зорьж, байнга үзэж, сонирхож байдаг. Harvard Business Review, The New York Times, Wired, Fast Company, Entrepreneur зэрэг гаднын олон сайн эх сурвалж байна. Мөн Стэнфорд, Вартон, Массачусетсын технологийн институт зэрэг томоохон их сургуулиудын дэргэдэх сэтгүүлүүдийг ч эргүүлж хардаг. Түүнчлэн байгаль орчны талаарх мэдээ, мэдээлэл дагнан хүргэдэг олон сайтаар тогтмол зочилж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд, гарааны бизнесүүд, тэдний хөгжүүлж буй шинэ технологийн тухай шимтэн унших дуртай. Энэ бүхний зэрэгцээ өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх гол контент маань хэзээд ном байсаар ирсэн. Сүүлд гэхэд л Рэй Далиогийн бичсэн Principles for Dealing with the Changing World Order буюу дэлхийн эрэмбэ өөрчлөгдөж буй талаар өгүүлдэг номыг уншсан. Мөн Best Buy компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ -ийн дарга асан Хюберт Жолигийн “Бизнесийн амин зүрх” (The Heart of Business), Йелийн их сургуулийн профессор Зоё Чансын “Нөлөөлөл бол таны супер хүч” (Influence Is Your Superpower) зэрэг ном уншиж байна.
Таны ажил, амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
Миний баримталдаг зарчмууд Рэй Далиогийн “Principles: Амьдрал & Ажлын зарчмууд” номыг уншихаас өмнө ба хойно гэж хоёр хуваагдах болсон. Нэг суугаад л туушиндчихаж боломгүй, мөлжиж, шингээж унших ёстой ном санагддаг юм. Энэ номыг уншихаас өмнө би зарчим гэдгийг их өрөөсгөл байдлаар ойлгодог байж. Цаг барих, хэлсэндээ хүрэх, бусдыг хүндлэх зэргээр л зарчмыг төсөөлж хардаг байсан. Харин Далиогийн номыг уншсанаас хойш хэзээ ч салж хагацаж болохгүй бодит байдал гэж юу болох, аливаад илүү бодитой ханддаг болсноор миний хувьд зарчим гэдэг илүү амьдралтай, практикал зүйл болж хувирсан. Нэг үгээр, амьдралын зарчим гэдэг маш бодит байх ёстой. Ингэхийн тулд хүн бүр аливааг өөрөөр хардаг, хүлээн авах чадвар нь ч ялгаатай гэдгийг сайтар ойлгож, бизнес, ажил хэргээ тэр дагуу төлөвлөж, уялдуулан ажиллах нь чухал юм билээ. Өмнө нь би илүү хийсвэр сэтгэх хандлагатай байсан нь зарим талаар алдаатай шийдвэр гаргах шалтгаан болдог байж.
Үүнээс гадна байнгын уншиж судалж, тасралтгүй хөгжих ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Хэзээ ч өөрийгөө болчихлоо гэж бодож ханаж болохгүй. Тиймээс ч ажил дээрээ илүү бүтээлч байхыг зорьдог. Нөгөө талаар, хүн гэдэг хязгаарлагдмал нөөцтэй учраас эрч хүч, нөөцөө зөв удирдаж, зохицуулж сурах нь чухал гэдгийг ойлгосон. Нэгэнт хувь хүний ажил, амьдралын зарчим яригдсан учраас энэ оны төгсгөлд Рэй Далиогийн BuJo (Bullet Journal) хэлбэрийн дэвтрийг олон улсын нээлттэй нь зэрэгцүүлэн гаргахаар төлөвлөж байна. Уг дэвтэр дээр Далио өөрийн үндсэн зарчмуудаа жагсаасны хажууд тухайн хүн мөн өөрийн зарчмуудаа бичиж, жилийн турш өөртэйгөө ажиллах, харьцуулан үнэлэлт дүгнэлт хийх зэрэг олон боломжийг олгох юм. Өөрөөр хэлбэл, тэмдэглэлийн дэвтрийг эзэмшигч заавал Далиогийн зарчмыг дагах гэлгүй, зөвхөн санаа сэдэл авч, өөрийн дахин давтагдашгүй зарчмыг сийрүүлж, боловсруулах, улмаар хувь хүний зарчмуудаа ойлгож авах нь дэвтрийн гол зорилго юм билээ. Тэгэхээр уг тэмдэглэлийн дэвтэр хүмүүст өөрийн зарчмыг боловсруулах, сайжруулах, бусадтай харьцуулах, суралцах боломжийг нээж өгөх юм.
Цаашид зорьж байгаа ажлаасаа бидэнтэй хуваалцахгүй юу?
Бизнес академийн алсын хараа бол монгол CEO, менежерүүдийг дэлхийн хаана ч, ямар ч компанийн менежментийн багт орж ажиллах чадвартай, потенциальтай болоход туслах. Ингээд ярихаар “Яагаад гаднын компанийг зөвхөн гадаад хүн биш, монгол хүн удирдаж болохгүй гэж?”, “Эсрэгээрээ яагаад монгол компанийг гагц монгол хүн удирдах ёстой юм бэ?” гэх мэт олон асуулт тавьж болно. Тэгэхээр манай академи хийж буй бүхий л судалгаа, арга хэмжээгээ ийш чиглүүлж, дата цуглуулж байна. Ерөөсөө бид глобал түвшний гүйцэтгэх удирдлагуудыг бэлтгэх ёстой юм билээ.
Эх сурвалж: business.mn