(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

О.Амартүвшин: ТОП-100 аж ахуйн нэгжийг ХК болгох нь Монголын эдийн засагт чухал үр дүнтэй

2023/05/18 0

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Аж ахуйн нэгжүүдэд тулгамдаж байгаа ямар хүндрэл бэрхшээл байна вэ. Цар тахлын дараах сэргэлт аж ахуйн нэгжүүдэд мэдрэгдэж эхэлсэн үү?
-Хятад улс хилээ харьцангуй чөлөөтэй болгосонтой холбоотойгоор эдийн засгийн хөдөлгөгч гол салбар болох уул уурхайд өнгөрсөн оны сүүлч болон энэ оны нэгдүгээр улиралд маш том нааштай өөрчлөлт гарч байна. “Эрдэнэс Тавантолгой” л гэхэд нэг тэрбум орчим ам.долларын борлуулалт хийлээ. Ерөөсөө л өмнөд хөрш хилээ чөлөөтэй болгож, манай экспортын гаралт нэмэгдсэнээс үүдсэн хэрэг. Уг нь эдийн засгийн бодит өсөлтийг бий болгоё гэвэл нэмүү өртөг шингэсэн, боловсруулах үйлдвэрлэлийг л дэмжих учиртай юм.

Уул уурхайн бус экспортын дүн угаасаа өндөр биш, 2022 оны байдлаар 500 гаруй сая ам.доллар байсан. Энд голлодог ноолуур, арьс ширнийхээ зохицуулалтыг аваад хаячихсан байгаа. Нэмүү өртөг шингэх процессыг буцаагаад байхгүй болгочхоор түүхийгээрээ л гарна гэсэн үг. Үүнээс гадна уул уурхайн бус экспортод өнгөрсөн онд хүч түрж орж ирсэн салбар бол ховор эмийн ургамал, тэр дотроо самар байсан. Ойролцоогоор 90 орчим сая ам.долларын самрын экспорт өнгөрсөн онд бүртгэгдсэн. Улсын бодлого дөнгөж цэгцэрч байтал бас л болиулчихсан. Одоо үнэ нь эргээд хоёр дахин уначихлаа.

Бий болсон өсөлтүүд нь бодлогоор дэмжсэнийх биш, ковидын үеийг бодоход тээврийн нөхцөл сайжирч, гаралт нэмэгдсэн буюу зах зээлийнхээ зарчмаас л шалтгаалсан хэрэг.

-Эдийн засагт, бусад салбаруудад дам болон шууд байдлаар голлон нөлөөлдөг аялал жуулчлал, барилга зэрэг салбарт эерэг хүлээлт байх шиг байна.
-Барилгын салбар сайжирч байгаа дүр зураг алга байна. Тээврээс шалтгаалсан үнийн өсөлт  харьцангуй хэвийн болж ирж байгаа. Худалдаа, үйлчилгээний салбарын статистикийг харвал нэлээд өсөлттэй байгаа. Гэхдээ үнийн дүнгийн өсөлт эцсийн дүндээ  бүтээгдэхүүний инфляцтай давхар холбогдоно шүү дээ. Өнгөрсөн оны агаарын тээврийн либералчлалаас үүдэлтэйгээр аялал жуулчлалын салбар өсөж байгаа. Бусад олон салбарт шууд үр нөлөөгөө үзүүлдэг тус салбарт энэ онд хүлээлт нэлээд өндөр байна. Гагцхүү салбарынхан бэлэн үү гэдгээ бодох ёстой байх. 

Компани, аж ахуйн нэгжүүдийг бүхэлд нь аваад үзвэл сэргэж байгаа салбарууд нь нэлээд эрчимтэй өсөлттэй байгаа бол зарим салбар хөдөлгөөнгүй байна. Бодит сектор, хаалгаа хаасан компаниудын үйл ажиллагаа нь буцаад сэргэж эхэлсэн үү гэдэг одоо л харагдана. Тав, зургадугаар сар бол бизнесийн идэвхжлийн цикль эхэлдэг гол үе.

Хөдөө аж ахуй, хүнсний салбарт Ерөнхийлөгчийн санаачилга нэлээд ажил болоод явж байгаа. Гэхдээ өнөөдрийг хүртэл 20 орчим тэрбум төгрөгийн л дэмжлэг гарсан гэдэг тийм ч хангалттай биш, нэг банкны л гаргах хэмжээний мөнгө шүү дээ.

-Нэг компани л 2-3 тэрбум төгрөгийн зээл авна гээд бодохоор цөөхөн аж ахуйн нэгж хамрагдсан гэж харагдаж байна. Зээл үнэхээр эзнээ олох юм уу?
-Энд бас нэг ойлгомжгүй зүйл байгаа. Салбарын бодлогын дэмжлэг гэдэг бол яг тухайлсан салбарыг бүхэлд нь заахаас биш энэ компанийг дэмжиж болно, энийг дэмжиж болохгүй гэдэг цензур тавьж огтоос болохгүй. Үүнд компаниуд маш их ээр дургүйцэж, олон компани гомдол гаргасан.

Үндсэн зорилго, агуулгыг нь бол бүгд дэмжиж байгаа. 3-5%-ийн хүүтэй зээл, 13 орчим хувийг Засгийн газрын татаасаар олгоно гэхээр банкандаа ч, аж ахуйн нэгждээ ч маш сайн зээл. Гэтэл хэн нэг субъектив этгээд цензурдээд, шалгаруулна гээд эхлэхээр төслийн зорилго биелэхгүй. Аль салбарт ямар хэмжээнд өгөх, аль хэсгийн зээлийг батлан даалтаар, аль хэсгийг нь банк олгох гэдэг үндсэн бодлогоо л тодорхойлохоос биш нөлөөлж болохгүй. Тэгэх юм бол ЖДҮ, Хөгжлийн банкнаас ямар ч ялгаагүй болж хувирна. Дахиад л нэг өдөр Улаанбаатар чуулгадаа шүүх хурал хийх юм уу?

-Хөрөнгө оруулалтын тухай хууль танилцуулагдаад явж байна. Өмнөх өргөн барьсан төслөөсөө хэр ялгаатай болсон гэж та бодож байна вэ?
-Өмнөх Хөрөнгө оруулалтын тухай хуулийг муу хууль гэж хэлэхгүй. Гол нь батлагдсан хууль хэрэгжихгүйд л гаднын хөрөнгө оруулагчид гомдолтой байдаг шүү дээ. Жишээлбэл, үйл ажиллагаа явуулах зорилгоор газар олгоно гэдэг ч хэзээ ч олгож байгаагүй. Аль нэг салбарын хөрөнгө оруулалтыг гаалийн татвараас чөлөөлнө гэдэг. Гэтэл Татварынхаа хуулиар тэрийг нь үгүйсгэчихдэг. Үүнтэй холбоотой хэд хэдэн томоохон компанийн маргаан байдаг. Гаднын хөрөнгө оруулалтыг татах ёстой, зөв. Гэхдээ дотоодын хөрөнгө оруулагчдыг торгож байгаа юм шиг илүү өндөр нөхцөл тавьж болохгүй.

Тухайлбал, НӨАТ-ыг орж ирэхэд нь авах биш, яваандаа шингээх байдлаар авах ёстой гэдэг ч юм уу. Дэлхийн 200 гаруй улс бүгд хөрөнгө оруулалт татахын тулд өрсөлддөг. Яг тэр босгыг үнэхээр давдаг юм уу. Казахстан жишээлбэл "Дөрвөн 0" бодлого буюу газрын татваргүй, үл хөдлөхийн татваргүй, нэмүү өртгийн татваргүй, ашгийн татвар тодорхой хугацаанд байхгүй гэдэг бодлого явуулдаг. Тэгвэл манай Хөрөнгө оруулалтын тухай хуульд тавьж байгаа нөхцөлүүд эдгээрээс өндөр бол яагаад биднийг сонгох ёстой юм. Гаднын мөнгө гэдэг өөрөө маш их нэмүү өртөг болоод үр өгөөжийг бий болгодог. Үнэхээр анхааралд өртөхүйцээр гаднын хөрөнгө оруулалтыг татах хөдөлгөөн хийх ёстой байх.

 -Танхимын зүгээс хуульд саналаа өгсөн үү? 
-14 хоногийн өмнө Эдийн засаг, хөгжлийн яамнаас танилцуулга хийсэн байгаа. Бид хамтраад тавдугаар сарын 29-нд гадаадын хөрөнгө оруулалтаар нэлээд том хэлэлцүүлэг хийх гэж байна. Хуульд байсан 100,000 ам.долларын босгыг жишээлбэл авч хаяж байгаа нь зөв. Гаднын гурван хүн хөрөнгө оруулах гэтэл гурвуулаа 100 мянган доллар байршуулах хэрэгтэй болчихдог, их төвөгтэй байсан. Хөрөнгө оруулна гэдэг ямар ч тохиолдолд буцаад ашиг олохын төлөө л мөнгөө өгч байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Оруулсан хөрөнгө нь буцаад ашиг болж, хөрөнгө оруулагч ашгаа ямар нэгэн байдлаар буцааж татах, эсвэл өөр газар оруулах шаардлагатай. Үүнтэй холбоотой татварын босго нь бага байж байж энэ боломжийг олгоно.

Тухайлбал, манайд гаднаас хөрөнгө оруулчхаад ногдол ашгаа аваад гарах гэхээр 20%-ийн татвар төлөх болчихдог. Энэ мэт асуудал дээр бусад ойролцоо улсуудтай ядаж ижил түвшинд очиж, өрсөлдөхүйц байх ёстой. Ялангуяа татвар, газар, үл хөдлөх хөрөнгийн зэрэг маш олон хуультай холбож, мөрдөхүйц, хэрэгжихүйц болгож, уялдаа холбоог нь сайжруулах ёстой. 

Хамгийн гол нь яг гадаадын хөрөнгө оруулагчийг дэмждэг, хамгаалдаг институтээ нэн яаралтай байгуулах нь чухал. Үнэхээр амлалтаа өгч байгаа бол Засгийн газар өөрөө хамгаалах ёстой. Засгийн газрын гаргасан шийдвэрийг аймаг, орон нутаг бүгд дагаж мөрдөнө л гэсэн. Өнөөдөр яг тэгж байгаа нь хаана байна вэ. Нийслэлээс газар олгодог. Түүнийг нь УИХ-ын гишүүд нь эсэргүүцээд яваад байх юм. Нэгэнт л төр захиргааны шийдвэр гаргасан бол тэрийг хамгаалдаг, дагаж мөрддөг байх ёстой шүү дээ.

-ТОП-100 аж ахуйн нэгжийг МҮХАҮТ-аас шалгаруулдаг. Энэ жилийн шалгаруулалт өмнөх жилүүдийнхээс нэлээд онцлогтой гэж байсан. Ямар өөрчлөлт орж байгаа вэ?
-ТОП-100 аж ахуйн нэгжийг бид 22 дахь жилдээ Монгол Улсын Засгийн газартай хамтран зохион байгуулж байна. Өмнө нь бид төр, хувийн хэвшил гээд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг бүхэлд нь эрэмбэлдэг байсан. Ингэхдээ тоог л хооронд нь харьцуулдаг буюу борлуулалт, хөрөнгийн хэмжээ, татвар, ашиг, нийт НДШ-ийн төлөлт гэдэг үзүүлэлтүүдийг гаргаж ирдэг байсан. Өөр субъектив ойлголт байхгүй. Гэтэл нийгмийн сэтгэл зүй өөр болсон. Тухайлбал, архи, тамхийг дэмжихийн эсрэг байдаг. Тэр утгаараа Онцгой албан татвар төлдөг архи, тамхи зэрэг бүтээгдэхүүний татварыг магадгүй 50 хувиар нь үнэлэх ч гэдэг юм уу, өөрчлөлт хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, тухайн компанийн эдийн засгийн үзүүлэлтүүдийг авч үздэг болж байгаа гэсэн үг. 

Форбес тухайлбал жил болгон шилдэг 500 компани нэрлэдэг. Тэнд ихэвчлэн дэлхийн хэмжээний үндэстэн дамнасан, дандаа нээлттэй компани байдаг. Тэр утгаараа хувьцааных нь үнэ цэнийг үнэлээд гол баримжаагаа буулгачихдаг. Гэтэл манайд эсрэгээрээ ихэнх нь хаалттай компаниуд багтдаг. Өмнөх оны статистикийг харахад ТОП-100 аж ахуйн нэгж  дотор 20 орчим нь төрийн компани, 10 орчим нь хувьцаат, бусад нь хаалттай компани байдаг. Тэгэхээр цаашдаа энийг бид илүү нээлттэй болгох ёстой юм байна. Хөрөнгийн зах зээл өөрөө гаднын хөрөнгө оруулалт татах хамгийн эрүүл хөрс. 

Түүнчлэн ТӨК-иудыг, ялангуяа 51-ээс дээш хувийг нь төр эзэмшдэг компаниудыг бид хувийн хэвшилтэй өрсөлдүүлж байр эзлүүлнэ гэдэг өөрөө ямар ч боломжгүй юм байна. Цаашдаа төрийн өмч гэдгийг дэмжихгүй, илүүтэй хувийн хэвшлийг, хувийн өмчийг дэмжих ёстой юм. Энэ утгаараа Засгийн газартай бид ярилцаад ТӨК-иудыг бүгдийг нь хасаж, шалгаруулалтад оруулахгүй, эрэмбэлэхгүй болж байгаа нь энэ удаагийн гол онцлог.

Нээлттэй хувьцаат болсон маш олон компанийн амжилт нь ахисан. Засаглал нь сайжрахын хэрээр хэрэглэгчид, зах зээл нь итгэж байна
МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин

 -ТӨК-иудыг огт шалгаруулахгүй болж байгаа юм байна, тийм үү?
-Тэднийг тусад нь эрэмбэлнэ. 

Компаниудын 2022 оны амжилтыг харахад нээлттэй хувьцаат болсон компаниуд маш амжилттай, байр ахисан дүр зураг харгадаж байна. Банкууд нээлттэй болж байгаагаас тэдний үнэлэмж зах зээлд маш сайн өсөж байна. Тиймээс цаашид бид үүнийг илүү дэмжих ёстой юм байна.

Ер нь гаднын хөрөнгө оруулагч орж ирээд хаалттай компанид хөрөнгө оруулах, биржээр дамжин нээлттэй компанид хөрөнгө оруулах хоёрын хооронд асар их зөрүү байгаа шүү дээ. Аль болох л ТОП-100 аж ахуйн нэгжүүдийг ХХК-аас ХК болгон шилжүүлэх нь Монголын эдийн засагт чухал үр дүнтэй гэж ойлгож байгаа. Нээлттэй болсон маш олон компанийн амжилт нь ахисан. Засаглал нь сайжрахын хэрээр хэрэглэгчид, зах зээл нь итгэж байна. Иймээс бид СЗХ-той хамтраад ТОП-100 аж ахуйн нэгжид зориулсан хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр болж байгаа. 

Эндээс л хөрөнгийн зах зээлийн идэвхжил эхэлнэ. Энэ онд ядаж 20 хувь нь нээлттэй компани болчихвол цаашдаа бусад компани нь суралцана. Хөрөнгийн зах зээлд аль болох хамтарч ажиллах нь итгэлцлийг бий болгодог чухал алхам юм байна гэдгийг хэрэглэгч нь ч, компани ч ойлгоно.

-Уул уурхайн болон уул уурхайн бус экспорт гэдэг дээр мөн ялгаатай байдлыг шалгаруулалтаар бий болгоно гэж байсан. Энэ тухай тайлбарлахгүй юу? 
-Тийм ээ. Уул уурхайн компани гэдэг бүтээгдэхүүнийхээ борлуулалтаар уул уурхайн бус салбартай өрсөлдөх ямар ч боломж байдаггүй. Энэ утгаараа энэ жилээс бид Засгийн газрын түвшинд ярилцаад уул уурхайн шилдэг 10 компани, уул уурхайн бус шилдэг 10 компани гэж эрэмбэлж байгаа. Мөн онцгой амжилт гаргасан таван компанийг бас тухайлан онцолж шалгаруулахаар болсон. 

Бид шалгаруулалтаар аль болох эдгээр компанийн имиж, нэр хүнд, зах зээлийн үнэлэмжид нөлөөлдөг байх ёстой. Гаднын компаниудын зөв, буруу үйлдэл, ёс зүй үнэ цэнд нь яаж богино хугацаанд нөлөөлдөг билээ, бид тийм л зарчмаар явах ёстой. 

Тэгэхээр энэ мэтчилэн онцолж алдаршуулах нь өөрөө маш чухал. 

-Онцгой амжилт гаргасан гэхээр жишээ нь ямар амжилтыг хэлж байна вэ?
-Жишээлбэл, “Ханбогд кашимир” компани байна. Тус компани өнөөдөр Burberry, Hermes, Prada гэх мэт дэлхийн гол том компаниудын түүхий эдийг бэлтгэн нийлүүлэх гэрээ хийгээд нийт борлуулалтынх нь 90 гаруй хувь экспорт байна. Энэ бол нэг компанийн амжилт мэт боловч цаана нь малчдын ноолуур, бэлтгэн нийлүүлэгчид, дундын зуучлагч гээд маш олон хүний оролцоо бий. Хамгийн гол нь дэлхийн ТОП компаниудтай түнш болж, тэдгээр компани бүтээгдэхүүнээ борлуулж эхлэхэд Монголын эко, цэвэр бүтээгдэхүүнийг ашиглаж эхэллээ гэдэг байдлаар сурталчилгаагаа хийнэ шүү дээ. Энэ нь буцаад ноолуурын болон бусад салбарт маш том нөлөө эерэг үзүүлнэ, ач холбогдол нь асар өндөр.

-Танхимын тухай хууль юу болж байгаа вэ. Засгийн газар өөрөө оруулахаар болсон уу?
-Бид маш олон түвшинд Танхимын хуулийн ач холбогдлыг ярьж байгаа. Өнөөдөр Монголын нийгэмд эдийн засгийн салбаруудыг зөв хөгжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын асуудлыг зөв голдиролд нь оруулах, Монгол хүний чадамжийг дээшлүүлэх, аж ахуйн нэгжүүдийг бас гадаад зах зээлд гаргах гээд олон зүйлийг бид ярьж байна. Энэ болгоны уялдаа зангилаа нь үндсэндээ Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай хууль юм. Дэлхийн бүх л улс оронд ийм байдаг. Бид яг энэ жишгээр л хөгжих ёстой. Энэ утгаараа хууль өргөн баригдаад нэлээд удаж байна.

Хамгийн сүүлд Засгийн газраар дэмжигдсэн байгаа. Ер нь Ерөнхий сайд, УИХ-ын даргатай ярьж байгаад энэ хуулийг Засгийн газраар санаачлуулаад өргөн барих нь зүйтэй юм байна. Үүний ард уялдаж гарах маш олон хууль бас бий. Энэ хууль батлагдах юм бол Монголын бизнесийн орчин маш зөв системтэй болно. Эдийн засгаа хүчтэй болгох, хувийн хэвшлүүдээ системтэй болгох гээд маш олон зүйлийн суурь нь энэ хууль юм гэдгийг онцолж хэлмээр байна. Хууль хэрэв батлагдвал бид газар нутгийн болон эдийн засгийн салбараараа танхимуудаа байгуулна. Эдгээр танхим зөв цэгцтэй бодлогоо ярьдаг болно. Судалгаа шинжилгээ, салбарынхаа хөгжлийг ярьдаг болно. Энэ өөрөө төр засгийн ачааг ч их үүрнэ. Хүчтэй цомхон төр гэдэг концепцыг хэрэгжүүлэхэд ч гэсэн энэ хууль их том түлхэц болох юм. Бүхэлдээ энэ улс орны цэвэр эдийн засгийн хөгжлийн суурь гэж харах ёстой.

-Сүүлийн үед либерал талын хүмүүс нэлээд ярьж байх шиг байна, эдийн засаг дахь төрийн оролцоо маш их байна гэж. 100 төгрөгний 50 нь төрийн худалдан авалт борлуулалт байна. Төр өөрөө ажил олгоод явж байдаг. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Богино хугацаанд шийдвэр хурдан гаргахад ч юмуу ТӨК байгаа нь, төр бизнес хийх нь магадгүй зөв юм шиг харагдаж байгаа юм. Урт хугацаандаа хэзээ ч тийм байдаггүй. Энийг маш олон жишээнээс бид харж болно. Их Британийн Ерөнхий сайд байсан Маргарет Тетчерийн маш олон эшлэлүүд байдаг. Хамгийн сүүлд гэвэл Гүржийн маш том реформын кэйсүүд байдаг. Ер нь төр өмчтэй байна гэдэг яваандаа эдийн засгаа боомилдог, тэлэлтийг нь удаашруулдаг, өрсөлдөөнийг хумьдаг. Тиймээс хувьчлах ёстой. Гүрж өмчөө хувьчилснаас хойш өмчилсөн компаниудынх нь борлуулалт 10 дахин тэлсэн байдаг. Энэ нь цаанаа хөрөнгө оруулалт, технологи, мэдлэг, экспортыг өдөөж байгаа хэрэг. Хамгийн гол нь бүтээмж. Бүтээмжийг бид ярихгүйгээр эдийн засгийн хөгжил тэлэлтийг ярих ямар ч боломжгүй. Тэгэхээр бид төрийн өмчийг хувьчлах ёстой гэж үздэг.

Нөгөө талаар, өнөөдөр манай төсвийн зөвхөн зардал л гэхэд ДНБ-ий 40 гаруй хувь болчхоод байна. 20 их наяд төгрөгийг Засгийн газар жилдээ удирдаж байна. Нэмээд төрийн өмчит 105 компани, орон нутгийн өмчит тэрнээс олон компани бий.

Төрийн өмч байгаа цагт авлига хэзээ ч буурахгүй. Авлигын индекс байнга өсөж байна. Өнөөдрийн Хөгжлийн банк шиг, нүүрстэй холбоотой асуудал байнга л сөхөгдөж, яригдана. Төдий хэмжээгээр олон хүн хэрэгт холбогдоно. Энэ нь өөрөө том зургаараа улс оронд маш хортой. Авлигын индекс өндөртэй улсад гаднын эрүүл хөрөнгө оруулалт хэзээ ч орж ирэхгүй. Авлигын асуудал улам л хүрээгээ тэлж, гүнзгийрч, систем нь төгс боловсронгуй л болно. Энэ том зургаа дандаа харж ярих ёстой.

Энэ хоёр том гүрний дунд оршиж байгаа бид эдийн засгийн хувьд хараат бус байхын тулд үнэхээр сонгодог либерализм, хувийн хэвшлийг шүтсэн төрийн зөв удирдлагыг ярих ёстой болохоос биш төр аж ахуйн үйл ажиллагаа явуулна гэж хэзээ ч байж болохгүй.

 -Нарийн мэргэжлийн өндөр чадвартай хүмүүс, ажиллах хүч олдохгүй байна гэж аж ахуйн нэгжүүд ихээр ярьж байгаа. Тэгэхээр ажиллах хүчин дээр аж ахуйн нэгжүүд ямар бодлого барьж байна вэ? Яаж тогтоон барих вэ?
-Дэлхий даяар цар тахлын дараа мэргэжилтэй боловсон хүчний дутагдалд орсон. Европ тэр чигтээ, Австрали, Япон, Солонгос гээд ялгаагүй. Залуус мэдээж бүтэн сарын цалингаа эдгээр улсад очоод нэг өдөр хөдөлмөрлөөд олж болж байна. Хэн ч гэсэн ая тухтай сайхан амьдрахыг л зорино. Тэр нөхцөлийг нь Монголдоо бүрдүүлэхгүй бол энэ процесс тасралтгүй л явна шүү дээ.Жишээ нь Австралид энэ оны эхний улиралд 3400 орчим залуус гарсан байна. Энэ бол манай НДШ төлж байгаа хүмүүсийн 2 хувь орчим нь шүү дээ. Эцсийн дүндээ улс орон эдийн засгаа маш богино хугацаанд асар хурдтай өсгөж, бүтээмжийг нэмэгдүүлэхгүйгээр энэ процессыг зогсоож чадахгүй. 

Бид орон нутаг л гээд байдаг. Орон нутагт ямар ч нийгмийн хөгжил алга. Яаж залуусыг тэнд амьдар гээд байгаа юм. Ажлын байр, ая тухтай нөхцөл, боловсрол, эмнэлэг гээд суурь зүйлс хангалттай сайн байхгүй бол бүтэхгүй. Энийг төр өөрөө хэзээ ч хийж гүйцэлдүүлэхгүй. Тэгэхээр аль болох хувийн хэвшлийг дэмжих замаар хийх боломжтой. Нэгэнт л гадаадад хүний нөөцийн хэрэгцээ асар их байгаа бол энэ байдал засагдахгүй. 

Өнөөдрийг хүртэл боловсон хүчин бэлтгэж байгаа систем, МСҮТ болон их, дээд сургуулиуд, хэрэглэгч буюу ажил олгогч нар хоорондоо ер нь уулзалдаж, бодлогын хувьд ярьж байсан түүх байхгүй. Ер нь зах зээл өөрөө ямар ажил мэргэжил эрэлттэй болж ирж байна тэрний дагуу л их, дээд сургуулиуд МСҮТ-д бэлдэх ёстой шүү дээ. Түүнээс биш өөрсдөө хоорондоо уулзахгүй байж яаж боловсон хүчин бэлтгээд байгаа нь ойлгомжгүй.

Нөгөө талаар ажлын байр, бизнесийн орчин сайжирч, эдийн засаг тэлж томорч байж энэ хүмүүс дотроо үлдэнэ үү гэхээс биш мэдлэгтэй чадвартай боловсон хүчин бэлтгээд энэ янзаараа гадагшаа л илүү урсана шүү дээ. Одоо бол мэргэжил зааж, цалин зааж, шууд визийн нөхцөлийг хөнгөлж байна. Өнөөдөр сувилагч хийгээд хэдэн төгрөг авах уу, Америкт 20-30 мянган долларын цалин авах боломж байна шүү дээ. Тэгэхээр хэн ч гэсэн ая тухтай л амьдрахыг л хүснэ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: itoim.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ
Зөвлөх үйлчилгээний цаг авах
Зөвлөх үйлчилгээний цаг авах
2024/12/09
Оны шилдэг бизнес эрхлэгчийг шалгаруулж, алдаршуулах “ЭНТРЕПРЕНЁР” шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирэхийг урьж байна
Оны шилдэг бизнес эрхлэгчийг шалгаруулж, алдаршуулах “ЭНТРЕПРЕНЁР” шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирэхийг урьж байна
2024/12/09
“WOMEN OWNED” тэмдэгтэй бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг
“WOMEN OWNED” тэмдэгтэй бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг "И март" сүлжээ дэлгүүрүүд ОНЦОЛНО
2024/12/09
Хэнтий аймгийн салбар танхимын 20 жилийн ойн баярын хурал боллоо
Хэнтий аймгийн салбар танхимын 20 жилийн ойн баярын хурал боллоо
2024/12/08
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од танхимын ажилчидтай уулзлаа
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од танхимын ажилчидтай уулзлаа
2024/12/06
МҮХАҮТ,
МҮХАҮТ, "Голомт" банк хамтран эмэгтэй бизнес эрхлэгчдээ нэгтгэж, түншлүүлэх "SHE LEADS" арга хэмжээ зохион байгууллаа
2024/12/06
"Монгол Туркийн бизнес форум"-аар хөрөнгө оруулалт татах хүсэлтэй ААН-үүдийг бүртгэж байна
2024/12/05
МҮХАҮТ “Шинжлэх ухааны паркийн захиргаа”-тай хамтарч ажиллана
МҮХАҮТ “Шинжлэх ухааны паркийн захиргаа”-тай хамтарч ажиллана
2024/12/05
Монгол Улсад суугаа Элчин сайдуудаас МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одод баяр хүргэж, амжилт хүссэн мэндчилгээ илгээжээ
Монгол Улсад суугаа Элчин сайдуудаас МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одод баяр хүргэж, амжилт хүссэн мэндчилгээ илгээжээ
2024/12/05
“She leads”: Эмэгтэй бизнес эрхлэгчид хамтын ажиллагаа өрнүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилна
“She leads”: Эмэгтэй бизнес эрхлэгчид хамтын ажиллагаа өрнүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчилна
2024/12/04
БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атеш МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг хүлээн авч уулзлаа
БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Зафер Атеш МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг хүлээн авч уулзлаа
2024/12/04
"MOCK TRIAL 2024" Арбитрын мэтгэлцээний тэмцээнд "Отгонтэнгэр" их сургуулийн оюутнууд түрүүллээ
2024/12/04
Монголоос Япон руу экспортлох бараа бүтээгдэхүүнд олгох гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгоно
Монголоос Япон руу экспортлох бараа бүтээгдэхүүнд олгох гарал үүслийн гэрчилгээг цахимаар олгоно
2024/12/03
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг хүлээн авч, уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг хүлээн авч, уулзлаа
2024/12/02
Шадар сайд С.Амарсайхан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг хүлээн авч уулзлаа
Шадар сайд С.Амарсайхан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одыг хүлээн авч уулзлаа
2024/12/02
Сүү, сүүн бүтээгдэхүүний стандартчиллын дэд хороо (ТХ 18/03)-ны хурлаар дараах стандартуудын төслийг хэлэлцэхээр бэлтгэж байна
Сүү, сүүн бүтээгдэхүүний стандартчиллын дэд хороо (ТХ 18/03)-ны хурлаар дараах стандартуудын төслийг хэлэлцэхээр бэлтгэж байна
2024/12/02
Стандарт хэмжил зүйн газраас, стандартчиллын 2025-2026 оны ажлын төлөвлөгөөнд тусгуулах шаардлагатай стандартын санал авч байна
Стандарт хэмжил зүйн газраас, стандартчиллын 2025-2026 оны ажлын төлөвлөгөөнд тусгуулах шаардлагатай стандартын санал авч байна
2024/12/02
ТАНИЛЦ: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хэдэн хүний санал авав
ТАНИЛЦ: МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид хэдэн хүний санал авав
2024/12/02
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одод тамгыг нь гардуулж өглөө
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Одод тамгыг нь гардуулж өглөө
2024/11/29
Бизнес академийн захирал Д.Асралт
Бизнес академийн захирал Д.Асралт "Албан бус эдийн засаг, албан бус хөдөлмөр эрхлэлт" сэдэвт форумд оролцож байна
2024/11/29