(+976) 7727-7070
info@mongolchamber.mn
08:30 - 17:30
Ажлын цаг

Т.Дүүрэн: Тендерийн санхүүжилт хоцорсноос бизнес эрхлэгчид дампуурах, амиа хорлох эрсдэлтэй тулгардаг

2022/11/10 0

Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар төслөө өргөн барьсан байна. Бид үүнээс тендерийн тухай хуульд ямар нэмэлт өөрчлөлтүүд оруулах болон бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлын талаар тодрууллаа.  

Худалдаа аж үйлдвэрлэлийн танхимын дарга Т.Дүүрэн “Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах хуулийн шинэчилсэн найруулгын асуудлаар 2021 оноос хойш нийт гурван удаагийн хэлэлцүүлэг хувийн хэвшлийнхний дунд эхлүүлсэн. Өнгөрсөн гурван хэлэлцүүлгийн хугацаанд төрийн байгууллагад хувийн хэвшлийнхнээс төрөл бүрийн саналууд ирсэн. Энэ саналуудыг нэгтгээд хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн барьсан.

Мөн өдөр тутамдаа тулгардаг асуудлуудыг компаниуд өөрийн биеэр ирж, холбогдох албан тушаалтнуудад танилцуулсан.

Өгсөн саналуудаас хамгийн гол гурван саналыг авч үзвэл:

  1. Тендерийн баталгааны хувь өндөр байна. Түүнийг бууруулах боломжтой. Гэхдээ үүнийг бууруулах тал дээр төрийн бус компаниуд болон төрийн өмчийн байгууллагууд хойрго ханддаг.
  2. Хамгийн том саналуудын нэг бол санхүүжилтыг хугацаанд нь олгодоггүй. Бараа, үйлчилгээ нийлүүлснийхээ дараа санхүүжилт өгнө гэдэг. Гэтэл энэ хугацаанд бизнес эрхлэгчдийн зээлийн хүү нь яваад байдаг. Ашиг харах бус бүр алдагдал хүлээдэг. Тиймээс дараа дараагийн тендерийн ажилд орох сонирхол буурдаг.
  3. Монгол шиг хөгжиж байгаа зах зээлд инфляц, зээлийн хүү өндөртэй газар тендерийн гэрээний үнийн тохируулга хийх асуудал байна. Манай улсад тэр механизм тодорхой байдаггүй. Тиймээс үнийг өсгөж чаддаггүй. Төрийн албан хаагч дангаараа шийдээд үнэ өсгөж чадахгүй учраас бичиг баримтуудыг шаарддаг, аль нэг байгууллага руу шиддэг. Нөгөөх нь ч дангаараа шийдвэр гаргаж чадахгүй. Ингэхээр тендерт оролцсон компани явж гарын үсэг цуглуулах хэрэгтэй болдог.

Манай байгууллагын зүгээс гарын үсэг зурах процесст 2004 оноос хойш “Хүнд суртлын индекс” гэсэн судалгаа хийсэн. Судалгаагаар бичиг баримт, гарын үсэг цуглуулах процесст нэг бичиг баримтад нэг байгууллага дунджаар 13 хоног зарцуулж байна. Ингэхдээ албан бусаар 350 мянган төгрөг, албан ёсоор 250 мянган төгрөгийн зардал гаргаж, ажил хөөцөлдөж байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын хамгийн гол баялаг хүнээ бид 13 хоног нэг даргын үүдэнд суулгаад, халааснаас нь 250 мянган төгрөгийн хоол, бэлэг сэлт зэргийн зардал гаргуулж байгаа нь тухайн компани дараагийн тендерт оролцохоос халшрах нөхцөлийг бүрдүүлж байдаг. Ингэснээс томоохон төслүүдэд оролцох компани олдохгүй байх, гүйцэтгэл удаашрах, үр дүн буурах зэрэг эрсдэлтэй.

Мөн тендерийн ил тод байдлын талаар олон хүн ярьдаг. Ил тод бус байдал гэдэгт:

  1. Тухайн тендерийн хороо байгууллагын үзэмжээр шийдэх асуудал байдаг.
  2. Тухайн нийлүүлэгчдээ зориулж бэлдсэн төсөл байдаг. Энэ нь эргээд тендерт материалаа бэлдэж байгаа хүмүүсийн үзэмжээр шийдэж байгаа асуудал болно. Тендерт яриа байдаг талаар ярилцдаг.  Бүгд л тийм зүйл байхгүй гэдэг. Гэтэл үнэн хэрэгтээ бүгд тендерт яриа  байдгийг мэддэг. Үүнийг ойлгомжтой байлгахын тулд ил тод байдлыг сайжруулж, хүний үзэмжээс аль болох холдуулж, цахимжуулалтыг сайжруулж өгөхийг тусгасан.

Хүнд суртлын индексээр хамгийн өндөр оноо авсан зүйл ньe-mongolia аппликейшн байна. Цахимжуулалт ил тод байдалд маш их нөлөөлдөг юм байна. Үүнд бизнес эрхлэгчид болон нийгэм бүхэлдээ эерэг хандаж, алга ташиж хүлээж авч байна. Тэгвэл цаашдаа бүх бичиг баримт, шалгаруулалтыг цахимжуулах талд анхаарах шаардлагатай байна.

Төрийн байгууллагууд өөрт нь байгаа бичиг баримтуудыг цаасаар авч ирээд, баталгаажуулахыг шаарддагийг халах хэрэгтэй. Энэ бүхэн нь үзэмжээр хасах үндэслэлийг бий болгож байгаа учраас бичиг баримтын давхардлыг болиулмаар байна.

Одоо зөвхөн тендерийн хороо, тэнд оролцож байгаа хүмүүст хариуцлага тооцох, тэдний ур чадварыг сайжруулах гэдэгт анхаарал хандуулдаг. Гэтэл цаана нь тендерийн гол сөрөг зүйл нь төлбөр тооцоо хугацаандаа хийхгүй байх асуудал байдаг. Үүнээс үүсэх хорт зүйлс их. Жишээлбэл, төлбөр тооцоо хоцорсноос шалтгаалан компани дампуурах, өр зээлд баригдах, түүнээс улбаалан сэтгэл санаагаар унах, цаашлаад амиа хорлох хүртэл эрсдэлтэй. Тендерийн хуульд энэ тухай ярьдаггүй. Төлбөр тооцоог хугацаанд нь төлөх асуудлыг илүү хариуцлагажуулах нь эдгээр эрсдлээс гарах нэг шийдэл гэдгийг бизнес эрхлэгчид илэрхийлсэн” гэв.

Бид бизнес эрхлэгчдийн төлөөллөөс ямар асуудал тулгардаг, энэ хуульд зайлшгүй оруулах ямар заалтууд байгаа талаар тодрууллаа. 

“Тулгуур стандарт” ХХК-ийн захирал Д.Ариунжаргал: Манай компани Тавантолгой түлш ХХК-д бараа худалдан авах тендерт шалгараад, бараагаа нийлүүлэх үйл явцад нэг зүйл мэдэрсэн. Тендерийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа хариуцлагын тухай тодорхой зааж өгөөч. Одоо байгаа хуульд бараа нийлүүлэгч буюу бизнес эрхлэгчдэд хатуу дүрэм, бараагаа хугацаандаа өгөхгүй бол алданга тооцно зэрэг маш олон заалт байдаг ч буцаагаад ажил үүргээ хийж дуусгасны дараа санхүүжилтээ авах үйлдэлд төр талдаа ямар ч хариуцлагын механизм байдаггүй. Бизнесийнхэн өөрийнхөө хөрөнгө мөнгөөр бараа, үйлчилгээг нийлүүлээд тендерийнхээ үүргийг гүйцэтгэдэг. Буцаагаад нөгөө талаас ямар ч хариуцлагын механизм, үүрэг байдаггүй. Хэн хариуцах нь мэдэгддэггүй. Би хэнтэй хариуцлага тооцохоо мэддэггүй. Тиймээс энэ талаар нэмэлт хуульд заавал зааж өгөхийг хүсэж байна.

Бизнесийнхэн энэ алдагдсан хугацаанд банкны зээлийн хүү төлөх зэрэг алданга ихтэй. Гэрээнд төрийн талаас алданга тэг гэсэн байдаг. Энэ заалтыг заавал оруулж өгөөч. Хариуцлагын механизмаа маш сайн тодорхой болгож өгөөч. Хоёр тал ижилхэн тавь, тавь баймаар байна.

“Энх соёмбо” ХХК-ийн захирал Д.Баасанжав "Анх тендерийн ажил аваад, тооцоолол хийж байх үед түлш нэг литр нь 2000 төгрөг байсан бол ажлын явцад 4000 төгрөг болчихсон. Яамнаас ажлаа гэрээний үнийн дүнгээрээ дуусга гэж шаарддаг. Үнийн дүнг инфляцитай уялдуулж, тохируулга хийдэг зохицуулалт бизнес эрхлэгчдэд хэрэгтэй байна. Төрийн өмчит компани өндөр дүнтэй худалдан авалт шууд хийж ковидын үед  байгаа нь хэр зохистой вэ. Хуульд ямар тохиолдолд яаралтай, түргэвчилсэн худалдан авалтууд хийхийг тодорхой тусгахыг хүсэж байна. Эдгээр асуудлыг шийдсэнээр илүү ил тод, нээлттэй, авлигаас ангид байна гэж бодож байна” гэсэн юм.

Эх сурвалж: www.urug.mn

Сүүлд нэмэгдсэн мэдээ
"WOMEN IN TECH” ТЕХНОЛОГИ ШИНЖЛЭХ УХААНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД НҮТББ МҮХАҮТ-ын ПЛАТИНУМ гишүүнээр элслээ
2022/11/28
МҮХАҮТ-ын дэргэдэх Хууль зүйн бодлогын зөвлөлийн хурал боллоо
2022/11/28
С.Баясгалан: Хариуцлагатай бизнес нь шинэ зууны бизнесийн үндсэн чиг хандлага боллоо
2022/11/25
"ENTREPRENEUR - 2022" шалгаруулалтад материал авч эхэллээ
2022/11/23
"Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоо" салбар хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан оролцлоо
2022/11/22
Бүгд Найрамдах Турк Улсын Танхим, Биржүүдийн Холбооны Арьс ширний салбар танхимын дарга Эрсин Кашка Монгол Улсад зочилж байна
2022/11/22
Монголын уул уурхайн ассоциацийн гишүүн байгууллагуудад Арбитрын сургалт орлоо
2022/11/22
МҮХАҮТ-ын Сэтгэл ханамжийн судалгаанд оролцохыг урьж байна
2022/11/21
“Өвлийн аялал жуулчлал-Асуудал, Шийдэл” хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2022/11/18
C.Баясгалан: Бизнест ашиг орлогыг голчилдог уламжлалт байдал өөрчлөгдөж, тогтвортой хөгжил, байгаль орчин, хүний эрхийн асуудал салшгүй хэсэг нь болж байна
2022/11/18
МҮХАҮТ-ын Орхон дахь салбар Танхимын их хурал болж, даргаар М.Ганбат улиран сонгогдлоо
2022/11/18
“Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтын журам”, “Хариуцлагатай үйлчилгээний жишиг төлбөрийн хэмжээ”-ний төсөлд саналаа ирүүлнэ үү
2022/11/17
Залуусын бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, чадавхжуулах “ЦойлогсоZ” төслийн “Z Networking Conference 2022” арга хэмжээ ХОЁР дахь жилдээ
2022/11/15
“Газрын тосны бүтээгдэхүүний бирж”-ийн төслийн танилцуулга уулзалт боллоо
2022/11/15
Хөвсгөл аймаг дахь салбар Танхимын бүх гишүүдийн хурал өнөөдөр боллоо
2022/11/15
Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри болон сенатын гишүүд “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв”-д зочиллоо
2022/11/14
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЗНЕС ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ "БИЗНЕС ИНКУБАТОР"-ийн 12 дахь хөтөлбөрийн сургалтууд эхэллээ
2022/11/14
Тогтвортой Сарлагийн Арьс (Sustainable Yak Leather) төслийн оролцогч талуудад сургалт зохион байгуулж байна
2022/11/14
Бизнес итгэлийн индекс-2021 судалгааны тайлан
2022/11/11
Хүнд суртлын индекс-2021 судалгааны тайлан
2022/11/11