• MN
  • EN
  • CN
  • RU
  • М.Оюунчимэг: Үндэстэн дамнасан лизингийн үйлчилгээ үзүүлэх гарц нээгдэнэ
    12/15/2017

    МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг саяхан Бээжин хотноо болсон Торгоны замын Олон Улсын Худалдааны Танхим (SRCIC) байгууллагын Гүйцэтгэх захирлуудын 7-р хуралд оролцоод ирсэн юм. Уг арга хэмжээний үеэр яригдсан асуудал, гаргасан шийдвэрүүдийн талаар  тодрууллаа.

    Торгоны замын Олон Улсын Худалдааны Танхим хэзээ байгуулагдсан, юу хийдэг байгууллага вэ? Олон Улсын Худалдааны Танхимаас юугаараа ялгаатай үйл ажиллагаа явуулдаг юм бол?

    Торгоны замын Олон улсын Худалдааны Танхим (SRCIC) нь 2 жилийн өмнө Хонгконгт байгуулагдсан, дэлхийн худалдааны түүхэн замналыг шингээсэн торгоны замын дагуух улс орнуудын эдийн засаг-худалдааны хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой байгууллага юм. нийгэм-эдийн засгийг хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор анх 22 гишүүн оронтойгоор үүсгэн байгуулагдсан. Манай МҮХАҮТ үүсгэн байгуулагчийнх нь нэг юм.Гишүүн улсуудынхаа бизнес эрхлэгчдэд хүрч ажиллах, бүс нутаг, олон улс хооронд худалдаа бизнес эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд бодлогын зөвлөмж, аргачлал, дэд бүтцээр дэмжиж ажилладаг байгууллага юм.

    Өнгөрсөн 2 жилийн үр дүнгээ саяын хурлаар мэдээж дүгнэж ярилцсан байх. Тодорхой хийсэн ажил, ахицаас дурдахгүй юу?

    Анх 22 улсын ХАҮТ-ыг нэгтгэн байгуулж байсан бол эдүгээ дэлхийн 91 орны төлөөлөл нэгдээд байна. Энэ бол том амжилт. Түүнчлэн өнгөрөгч хугацаанд тухайлсан сэдвээр 8 удаагийн хурал семинарыг БНХАУ-д зохиосон байна. 32 оронд “Нэг бүс-нэг зам” санаачилгыг сурталчилж тухайн орондоо Хятадын бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагч нарыг оролцуулсан бизнес форум, үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулсан байна. Мөн 18 орны төрийн тэргүүн нартай уулзаж, “Торгоны зам” олон улсын танхимынхаа үйл ажиллагааг танилцуулж, хамтран ажиллах гарц, боломжуудыг ярилцсан байна. Ерөнхийдөө энэ хугацаанд 60 гаруй оронтой “Нэг бүс-нэг зам” санаачилгыг хэрэгжүүлэх худалдаа, хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан байна. Үндсэн 6 чиглэлд яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны гарц шийдэл эрэлхийлэх платформ ажиллаж байна. Одоо Хонгконгоос гадна Бээжин, Шанхай, Тяньжин, Сианьд төлөөлөгчийн газрууд  байгуулагдсан, бизнес эрхлэгчдийг гадагшаа хөрөнгө оруулах, олон улсын үзэсгэлэн худалдааг хамтарч зохион байгуулах зэрэгт дэд бүтцийн хувьд илүү ойр ажиллах боломжтой болсон гэсэн үг.

    Энэ удаагийн хурлын онцлог юу байсан бэ? Ярилцаж шийдэлд хүрсэн тодорхой санал санаачилга бий юу?

    Ирэх 2018 оноос Үндэстэн дамнасан санхүүгийн дэмжлэг болон лизингийн үйлчилгээ үзүүлэх санг байгуулъя гэдэг дээр энэ удаагийн хурлаар нэлээд тогтож ярилцаж, санал нэгдлээ. БНХАУ тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлд тодорхой хэмжээний санхүүжилтыг зарцуулж, энэ чиглэлд хөрөнгө оруулах сонирхол их байгаа. Тиймээс энэ санг санаачилж бусад улс орнуудыг хамтран ажиллахыг уриалсан. Мөн Торгоны зам ОУХТ-аас Худалдаа, соёл, аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг эхлүүлж, гишүүн орнуудаа идэвхтэй оролцох, өөрсдийн улс оронд салбарлуулах асуудлыг дэвшүүлсэн.

    МҮХАҮТ энэхүү байгууллагад нэлээн өндөр байр суурь эзэлдэг юм байна. Мөн Та энэ удаагийн уулзалтын салбар хуралдааныг чиглүүлсэн гэсэн. Энэ талаараа ярина уу?

    Гүйцэтгэх захирлуудын 7-р хурлын хүрээнд гурван бүрэлдэхүүн хэсгээр хэлэлцүүлэг явагдсаны Бизнесийг дэмждэг гол байгууллага болох танхимуудын “Нэг бүс-нэг зам” олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх ач холбогдол” хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр миний бие ажилласан. Танхимууд “Нэг бүс-нэг зам” санаачилгын дор хамтын ажиллагаагаа яаж өргөжүүлэх вэ, бусад улс оронтой хамтын ажиллагаагаа яаж эрчимжүүлэх вэ гэдэг дээр төвлөрч ярилцсан.Арабын Нэгдсэн Эмирт Улс, Румын, Итали, Польш, Хятад, Португали зэрэг 6 орны танхим, бизнес эрхлэгчдийн холбооны төлөөлөл оролцож мэдээллээ солилцож,худалдаа хөрөнгө оруулалтын гэрээнүүд дээр тулгуурлан бизнес явуулах, иннонвацийг хөхиүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг хангах, сайн туршлагуудаа хуваалцах чиглэлээр санал санаачилга, яриа хэлэлцээ өрнүүллээ. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орнууд тус байгууллагын зөвлөмжийг яаж хэрэгжүүлэх вэ, тээвэр ложистикийн асуудлыг хэрхэн хөнгөвчлөх вэ, бүх мэдээлэл, үзэсгэлэн, арга хэмжээгээ онлайнаар явуулах и-платформыг яаж хөгжүүлэх гэх мэт бодитой асуудлуудыг ярилцлаа. нь НҮБ-д ажиглагч гишүүний статустай байгууллага. Үүндээ тулгуурлаад НҮБ-ын төсөл хөтөлбөрүүдтэй үйл ажиллагаагаа уялдуулах, Глобал-компактыг хэрэгжүүлэх, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай соёл, аж үйлдвэр, бизнес, байгаль хамгааллын чиглэлээр ажиллах гарцуудыг хэлэлцсэн.

    Тяньжин дахь ХАҮТ-тай Санамж бичиг байгуулсан гэсэн. Санамж бичгийн хүрээнд юу хийх вэ?

    Дээрх хуралд оролцох явцдаа Олон улсын худалдааг дэмжих хүрээний Тяньжин дахь салбарын удирдлагатай уулзаж, Хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тяньжин бол манай улсын эдийн засаг, бизнесийн салбарт голлох байр суурь эзэлдэг, далайд гарах үүд хаалга болдог чухал боомтуудын нэг. Тяньжины ХАҮТ нь тус боомт дахь худалдаа, эдийн засгийн чөлөөт бүсийг хариуцдаг төдийгүй хамтын ажиллагаатай орнуудын бизнес эрхлэгчдийг дэмжих, үзэсгэлэн худалдаа, хамтарсан бизнесийн үйл ажиллагаануудыг зохиодог. Ирэх 2018 оны 4 дүгээр сард Хүнсний олон улсын экспо зохиох гэж байгаа. Үүнд оролцох монгол бизнес эрхлэгчдийг боломжтой бүх хэлбэрээр дэмжих, худалдаа, тээвэр ложистикийн асуудлыг хамтарч шийдэхэд энэхүү Санамж бичиг маань чиглэж байгаа юм. Мөн Монголд хөрөнгө оруулалт татахын тулд бизнес форум зохион байгуулах, Монголын бизнес эрхлэгчдийг сургалтад хамруулах, харилцан бизнесүүдийг сурталчлах, холбох гээд тодорхой хэдэн чиглэлүүдийг тусгасан байгаа.

    Latest 150
    Latest 150