• MN
  • EN
  • CN
  • RU
  • Татвар төлөх хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлогыг төр хэрэгжүүлдэг байх шаардлагатай
    12/12/2017

    “Монгол улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол” сэдэвт судалгааны ажлын тайланг өнөөдөр танилцууллаа. Тус судалгааг Профессор Н.Тунгалаг удирдан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, МУИС-ийн Бизнесийн их сургуулийн эрдэмтэн багш нарын хамт Монгол улсын татварын системд дорвитой шинэчлэл хийх үндэс суурийг тавих, татварын  эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг судалгаа шинжилгээний дэвшилтэт арга, загваруудыг ашиглан дүгнэлт гарган, цаашид сайжруулах арга замыг тодорхойлох зорилготойгоор хийжээ.

    МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав:  Энэхүү судалгааны ажлын гол онцлог нь хөрөнгийн бирж дээр ашигладаг багцын онолыг манай докторууд төсөв дээр ашигласанд байгаа юм. Бид сүүлийн 8 жил зөв хөрөнгө оруулалтыг хийж чадаагүйн улмаас хөрөнгө оруулалт царцсан, дутсан. Хэрэв тухайн үед энэ онолыг ашигласан бол эрсдэлээс гарах боломж бидэнд байсан. Одоогоор татварын 3 хуулийг өөрчлөх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Тиймээс бид УИХ-д санал тавьж, энэ ажилд бид багцын онолын загвараараа ажиллах төлөвлөгөөтэй байна гэлээ.

    Бид “Монгол улсын татварын тогтолцооны шинэчлэл, татварын оновчлол” сэдэвт энэхүү судалгааг орлого, зарлагын бүтцийг оновчлох аргазүйг боловсруулах, турших, тооцоолол хийн  үр дүнг гаргах тал руу түлхүү чиглүүлэн хийсэн. Энэ нь саяхан хийгдсэн “Монголын бизнесийн орчны судалгаа”- аар судалгаанд оролцсон татвар төлөгч компаниудын 57,5 хувь нь татварын орчин тааламжгүй гэж үзсэн. Мөн 28 хувь нь Засгийн газраас нэн тэргүүнд авч хэрэгжүүлбэл зохих бодлого, арга хэмжээний нэг нь татварын  дарамтыг багасгах, оновчтой бодлогоор хөнгөлөлт үзүүлэх гэж хариулсан зэргээр энэ төрлийн судалгаа хэрэгцээтэй болох нь нотлогдож байгаа юм. Энэхүү судалгааны үр дүнд татварын системийг төгөлдөржүүлэх, татварын гол үүрэг болох санхүүгийн үүрэг, төсвийн орлого, зарлагыг оновчлох арга, аргачлал, зөвлөмж, гүйцэтгэх зааварчилгааг энэхүү судалгаагаар  гарсан гэдгийг судалгааны багийн ахлагч Профессор Н.Тунгалаг тайлбарлалаа.  Мөн дэлхийн улс орнуудад татвар ногдуулж, хураах “Татвараа өөрөө тодорхойлон төлөх”, “Татварын алба тодорхойлж төлүүлэх” гэсэн 2 систем хэрэглэж байгаа. Монгол улсад 1992 онд татварын хууль батлагдаж, хэрэгжиж эхэлснээс хойш татвараа өөрөө тодорхойлж төлөх тогтолцоог хэрэгжүүлсээр өнөөдрийг хүрлээ. Тайлангаар татвараа өөрөө тодорхойлон төлөх тогтолцоо нь нэг талаас татвар төлөх ардчилсан үзэл санаанд нийцдэг бөгөөд нөгөө талаас татвар хураалтын төрийн зардлыг багасгах шаардлагад нийцдэг учраас зах зээл хөгжсэн болон хөгжиж байгаа орнуудад өргөн хэрэглэгддэг нийтлэг арга болж байна.

    Татвараа өөрөө тодорхойлон төлөх аргыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд нэг талаас иргэдийн татварын талаарх мэдлэг боловсрол өндөр байх, сайн дураар татварын хууль тогтоомжийг сахих, татварын тайлангаа үнэн зөв гаргаж байх явдал чухал боловч нөгөө талаас татвар төлөгчдийн татвар төлөх хандлагыг нэмэгдүүлэхэд чиглэсэн татварын бодлогыг төр хэрэгжүүлдэг байх шаардлагатайг тэрээр хэллээ. 

    Цаашид судлаачидын санал болгож буй хосолсон загварыг төсвийн орлого, зарлагын бүтэц, татварын оновчлолд ашиглах зорилгоор тооцооллын програм хангамжийг ашиглах зааврын хамт хүргүүлж байгаа юм. Мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтын өгөөжийг хамгийн их байлгах оновчтой бүтцийг тодорхойлон бодлого боловсруулахад бидний дэвшүүлсэн багцын онолын загварыг хэрэглэх, өнөөгийн бүрэлдээд байгаа НӨАТ-ын системийг илүү үр ашигтай болгохын тулд бусад холбогдох татварын хуулиудыг шинэчлэх шаардлагатай байгааг төслийн багаас санал болгож байгаа юм.

    Latest 150
    Latest 150