• MN
  • EN
  • CN
  • RU
  • “ТОП-100” аж ахуйн нэгжийг эрэмбэлэхдээ “Тогтвортой хөгжлийн тайлан”-г нь харгалзана
    12/08/2017

    Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Швейцарийн хөгжлийн агентлаг, МҮХАҮТ, Монголын ногоон бизнесийн зөвлөл хамтран “Бизнесийн ногоон гарц” Үндэсний чуулганыг  12 сарын 8-нд зохион байгуулж, бизнесийн үйл ажиллагаандаа байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэхээр зорьж байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болсон 200 гаруй оролцогч  оролцлоо.

    Дэлхий даяар тогтвортой хөгжлийг хангаж ядуурлыг бууруулах гол арга хэрэгсэл бол ногоон эдийн засаг гэх хандлага улам бүр нэмэгдэж, компаниуд  тухайн жилд олсон борлуулалтын орлогоороо бус харин байгаль орчинд хэр ээлтэй техник технологи нэвтрүүлж, хүлэмжийн хий бага ялгаруулж байна вэ гэдгээрээ өрсөлдөх болжээ.

    Монгол Улсын тухайд 2014 онд УИХ-аар Ногоон хөгжлийн бодлогыг баталж  2016 онд “Монгол Улсын тогтовортой хөгжлийн үзэл баримтлал-2030” баримт бичгийг баталсан. Уг баримт бичгүүдийг хэрэгжүүлснээр  2030 онд нэг хүнд ногдох үндэсний нийт орлого 17500 ам.долларт хүрч,  эдийн засгийн жилийн дундаж өсөлт  6.6 хувиас доошгүй байж, ядуурлын бүх төрлийг эцэс болгоно хэмээн зорилтоо тодорхойлсон байдаг.

    Мөн Засгийн газраас Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж  2015 оноос Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” төсөл манай улсад хэрэгжиж байна.  Энэ төслийн хүрээнд МҮХАҮТ -ын орон нутаг дахь  салбар танхимуудтай хамтран  600 гаруй бизнес эрхлэгчид тогтвортой хөгжлийн боловсрол олгох, ногоон бизнесийн талаар сургалт явуулж, чадавхжуулах ажил хийсэн юм.

    “Энэ хөтөлбөрөө бид цааш нь өргөжүүлж 21 аймгийн бизнес эрхлэгчдийг хамруулах, мөн МҮХАҮТ-ын  “Entrepreneur challenge” хөтөлбөрийн агуулга дээр  ногоон бизнесийн  чиглэлийг нэмж оруулах, мөн манай танхимаас шалгаруулдаг “Топ-100” аж ахуйн нэгжийн жагсаалтыг гаргахдаа ирэх жилээс Тогтвортой байдлын тайланг гаргасан эсэхийг харгалздаг болгохоор ярилцаж байна. Өнөөдрийн байдлаар байгаль орчны “ISO-14000” стандартыг авсан 10 гаруй компани байна. Энэ стандартыг бүгд хангаж чадахгүй юм гэхэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тогтвортой байдлын тайланг гаргадаг дадал бий болгох тал дээр эхний алхамыг хийнэ. Үүнийг хэрэгжүүлэхэд төр хувийн хэвшлийн түншлэл чухал”  гэж МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа ярилаа.

    Чуулганы үеэр ногоон бизнесийг дэмжих чиглэлээр төр хувийн хэвшлээс үзүүлж байгаа дэмжлэг, хэрэгжиж байгаа төсөл, бизнесийн зээлийн хөтөлбөрүүдийг танилцуулж,  байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлж байгаа томоохон компаниудын туршлагаас танилцууллаа. Мөн “Ногоон бизнес бодит боломж” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцлаа.

    Х.Солонго

    Latest 150
    Latest 150