• MN
  • EN
  • CN
  • RU
  • Бизнесийн гарцаа өргөжүүлэхэд дэмжлэг хүслээ
    11/08/2017

    МҮХАҮТ нь шинээр элссэн гишүүн аж ахуйн нэгжүүдээ нэг жилийн ойн дээр нь эргэж тойрч, өнгөрсөн жилийн хугацаанд гарсан өөрчлөлт, цаашид анхаарах санал  хүсэлт, зайлшүгүй шийдвэрлэх асуудал бэрхшээлийг нь сонсч, гарц боломжийг хамтдаа эрэлхийлж шийддэг уламжлалтай.

    Үүний дагуу танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгшээр ахлуулсан мэргэжилтнүүд авто болон төмөр замын барилгын ЭСТО ХХК, бяслаг үйлдвэрлэгч  MACU компани болон аудитын үйлчилгээ үзүүлдэг HLB Mongolian audit компаниудаар зочилж, санал солилцлоо.

    ЭСТО ХХК нь 2006 онд байгуулагдсан, 158 машин механизмтай, орон нутгийн болоод улсын чанартай 40 гаруй бүтээн байгуулалт хийсэн. Авто болон төмөр зам, барилга, эрчим хүчний чиглэлээр ажилладаг. Сүүлийн нэг жил эрчимжүүлсэн МАА эрхэлж, мах бэлтгэл, хүнс үйлдвэрлэлийн салбар руу бизнесээ өргөжүүлсэн байна.

    Тус компанийн эржимжүүлсэн аж ахуй нь Дорнод аймагт байрладаг бөгөөд монгол үхрийн махыг экспортын шаардлага хангахуйц байдлаар бэлтгэж буй аж. Мөн бэлтгэсэн махаараа Солонгосоос SSong burger-ыг франчайзаар оруулж ирж үйлдвэрлэж байгаа бөгөөд удахгүй нэрийн ресторанаа нээхээр ажиллаж буйгаа компанийн Төсөл хариуцсан захирал Ч.Нямхүү танилцууллаа.

    Үйл ажиллагаагаа ийн солонгоруулж шинэ бизнест хүч үзэж байгаа учир танхимын зүгээс гарал үүслийг баталгаажуулж, эскпортод гаргахад дэмжлэг хэрэгтэйг тэрбээр уулзалтын үеэр уламжилсан юм.

    Удаах шинэ гишүүн бол MACU бяслаг үйлдвэрлэлийн компани. Монгол малын сүүг европ технологиор боловсруулж 20 гаруй төрлийн бяслаг үйлдвэрлээд 2 жил болж бна.

    "Бидний чанар, амт, тэжээллэг чанарт эргэлзэх хэрэггүй. Гадагшаа л хаалгаа нээмээр байна. Ялангуяа хөрш 2 оронд. Монголын зах зээл жижиг болохоор экспортод хөлөө олох нь бидний зорилго. Энэ тал дээр танхим туслаарай" хэмээн гүйцэтгэх захирал Майкал Морров хүслээ.

    Тус компани Биокомбинатад 50 мянган долларын өртгөөр шинэ үйлдвэр барьж байна. Мөн Батсүмбэрт хөргүүрийн шаардлага хангасан томоохон агуулах барих ажлаа эхэлсэн байна. Түүхий эдээ даган орон нутагт үйлдвэрлэлээ салбарлахаар зорьж 4 аймагт судалгаа хийж буй аж.

    МҮХАҮТ-д гишүүнээр элссэнээрээ тус компани нь чанарын баталгааг хангасан батламж хүртэж, бүтээгдэхүүнээ богино хугацаанд олон нийтэд таниулах, сурталчлах тал дээр ихээхэн ахиц гарсанд талархаж буйгаа онцолсон юм.

    Энэ удаагийн шинэ гишүүдээ сонсох уулзалтын сүүлийн аж ахуйн нэгж HLB Mongolian audit ХХК. Эднийх олон улсын HBL international аудитын компаниас албан ёсны гишүүнчлэл авсан анхны монгол компани юм.

    Үйл ажиллагаагаа өргөжүүлэх, аж ахуй нэгж, үйлчлүүлэгчидтэй холбож өгөх, сурталчлах тал дээр танхимаас дэмжлэг хүслээ.

    Монголд аудитын 140 гаруй байгууллага байдаг бөгөөд олон улсын аудитын эрхтэй 6 компани л байдаг юм байна. Эднийх аудитаас гадна санхүүгийн тайлан гаргах, татварын зөвлөгөө, хөрөнгийн үнэлгээ зэрэг үйл ажиллагаа явуулдаг аж.

    Latest 150
    Latest 150