• MN
  • EN
  • CN
  • RU
  • Б.ЛХАГВАЖАВ:ӨВӨР МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛ-ТОМ ГАРЦ, ТОМ БОЛОМЖ
    09/27/2017

    Монгол-Хятадын экспог зохион байгуулахад Монгол Улсын зүгээс Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим онцлох үүрэгтэйгээр оролцдог. Энэ удаагийн экспод ч мөн МҮХАҮТ үзэсгэлэнд оролцогч аж ахуйн нэгжүүдийн бүртгэл, зохион байгуулалт, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, үзэсгэлэнгийн талбай, арга хэмжээ зэргийг хариуцан өргөн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Экспогийн үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Б.Лхагважавтай цөөн хором ярилцлаа.  

    - МҮХАҮТ Монголын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг нэгтгэсэн гол байгууллагын хувьд Монгол-Хятадын хоёрдугаар экспод чухал үүрэгтэй оролцож, онцгой ач холбогдол өгч байгаа. Энэ удаагийн экспогийн гол зорилго болон гарах үр дүнг одоогоор хэрхэн томьёолж байгаа вэ?

    -Өмнө 2015 онд Монгол-Хятадын анхдугаар экспо амжилттай болсныг Та бүхэн мэдэж байгаа. Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хувьд ч энэхүү экспод өндөр ач холбогдол өгч, зохион байгуулсан оролцсон. Хоёр дахь удаагийн экспогийн хувьд анхдугаар экспогийн хүрээнд хийгдсэн, ярилцсан төлөвлөсөн үйл ажиллагаануудыг амжилттай үргэлжлүүлэх, цаашид шинэ төвшинд гаргах юм. Экспогийн үр дүнд улс төр, хамтын ажиллагааны хүрээнд халуун дулаан уур амьсгал, харилцан ойлголцол бий болж, зорилтууд тавигдсан. Энэ зорилтууд маань амжилттай хэрэгжиж үргэлжилж байна. Энэ бүх зорилтуудыг амжилттай гүйцэтгэж, үр дүнд хүргэхэд манай бизнес, худалдаа үйлчилгээний салбарын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Энэ бүх ажлуудыг амжилттай хэрэгжүүлэх гол гүүр нь энэхүү экспо юм гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй.

    Мөн энэ удаагийн экспогийн маш том чухал асуудал, тавигдаж буй зорилт бол Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорын асуудал байгаа. Энэ хүрээнд нь ч олон ажил зохиогдож, яриа, хэлэлцээрүүд явагдаж байна.

    - Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор байгуулах нь бүс нутгийн, цаашилбал дэлхийн эдийн засгийн хэмжээний том хөтөлбөр, төсөл. Одоо ажлууд ямар шатанд явагдаж байна вэ?

    - Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорын хүрээнд 32 төслийн гуравт нь сая Москвад гарын үсэг зурсан. Энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд гардан оролцож, хөрөнгө оруулах, санхүүжилт хийх, гүйцэтгэх компаниудыг Монгол-Хятад-Оросын компаниудаас түлхүү оролцуулан сонгон шалгаруулах талаар яригдаж байгаа.

    Энэ утгаараа энэ бүх ажил хэрэгт манай бизнесийн салбарынхан гол хүч, ноён нуруу нь болж байгаа гэж хэлж болно. Энэ удаагийн экспогоор гэхэд экспод оролцож байгаа 370 гаруй компани, аж ахуйн нэгж 20 гаруй гэрээ хэлэлцээр байгуулна.  Өнөөдрийн Монголын улстөрийн нөхцөл байдал энэ том ажлуудыг тасралтгүй, амжилттай явуулахад хүндрэл гарах вий гэсэн болгоомжлол үүсгэж болзошгүй гэж хэлж болохоор нөхцөл байдал үүсээд байгаа ч гэсэн бүс нутгийн хэмжээний том төсөл гэдэг утгаараа энэ ажил эрчтэй үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Монгол Улс Зүүн хойд Ази, Азийн бүсийн хөгжлийн гол зааг дээр байгаа. Монголыг дайрч гарч байгаа энэ дэд бүтэц, эрчим хүч, цахилгаан станц гээд гэх мэт том ажлуудыг амжилттай хийснээр эдийн засгийн эргэлт тасралтгүй явагдах хөгжлийн гол гарц болох ёстой.

    Хөгжлийн гарцыг Монголчууд гацааж болохгүй. Энэ дэд бүтцийн ажлыг маш хурдан хийснээр Зүүн Азийн бүсийн хөгжлийн интегратчиллын гол нь цэг нь Монгол болоход их дөхөм болно гэдэгт итгэлтэй байгаа.

    - Өмнөх экспогийн үеэр нэлээд их хэмжээний бараа эргэлт хийгдсэн, оролцогчид ч сэтгэл хангалуун байсан. Энэ жилийн хувьд ч гэсэн экспо-д оролцогсдын хувьд бараа эргэлт илүү их нэмэгдэнэ гэсэн хүлээлт байгаа байх?

    -Тийм ээ. Өмнөх экспо амжилттай болж, Монголын компани аж ахуйн нэгжүүд бас амжилттай ажилласан гэж хүмүүс ам сайтай байгаа. Энэ жилийнхт хил гаалиар зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нэвтрэхэд багагүй бэрхшээл тулгарсан ч бид холбогдох байгууллагуудтай хамтран бүх хүчээ дайчлан зохицуулж байна. Гэхдээ бидний хувьд экспо болж байгаа энэ өдрүүдэд худалдаа хийхээс гадна, магадгүй түүнээс илүүтэй амжилттай бий болгосон энэ том экспогийн тавцан дээр дараагийн бизнесийн гараагаа эхлүүлэх, хамтран ажиллах түншээ олох, урт хугацааны хамтын ажиллагаа тогтоох, харилцан туршлага солилцох зэргээр манай оролцогчидалсыг харсан, урт хугацааны агуулга талаасаа бас хандаж оролцож байгаа нь их таатай байгаа.

    Хэдийгээр Монголд зарим талаар эдийн засгийн хувьд хүндрэлтэй байгаа ч гэсэн хямралын энэ үед хөгжил, хамтын ажиллагааны дараагийн гарцаа бий болгох нь чухал. Энэ ч үүднээс манай бизнесмэнүүд экспод их ач холбогдол өгөх оролцож байна. Саяхан гэхэд БНХАУ-ын Жилинд болж байгаа арга хэмжээнд 50 бизнесмэн, Манжуурт болсон арга хэмжээнд 500 гаруй аж ахуйн нэгж оролцлоо. Мөн саяхан Эрээнд болсон арга хэмжээнд  бид амжилттай оролцсон. Энэ бол хямралыг давах дараагийн гарцаа нээж байгаа том алхмууд. Тэр тусмаа манай улстай 4300 гаруй км хиллэдэг Өвөр Монголын Өөртөө засах орны том зах зээлийг нээж, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэн бол маш том гарц, ололт юм. Тийм ч учраас бидний хамтын ажиллагаа цаашдаа улам өргөжиж, экспо үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна.

    - Баярлалаа, та бүхэнд амжилт  хүсье. 

    Э.Адъяасүрэн  (Хөх хот. 2017.09.27) 

     

    Latest 150
    Latest 150