• MN
  • EN
  • CN
  • RU
  • МОНГОЛ-ХЯТАДЫН ХОЁР ДАХЬ УДААГИЙН ЭКСПО НЭЭЛТЭЭ ХИЙВ
    09/27/2017

    Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридорыг байгуулж, дэлхийд чиглэсэн хамтаар хожих хамтын ажиллагааг хөгжүүлье” сэдвийн дор ӨМӨЗО-ны Хөх хотод нээлтээ хийлээ.  Монгол Улсын ХХААХҮЯ, БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон, МҮХАҮТ,  БНХАУ-ын Олон улсын Худалдааг дэмжих хороо хамтран “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо-2017” арга хэмжээг зохион байгуулж байна.

    “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо-2017” нь худалдаа, хөрөнгө оруулалтын хэлэлцүүлгүүд, хурал, форум, үзэсгэлэн, Монгол-Хятадын олон улсын  соёлын долоо хоног гэсэн үндсэн дөрвөн арга хэмжээ, 23 хэсэг үйл ажиллагаанаас бүрдэж байгаа юм. Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын орчин болон томоохон төслүүд танилцуулах хурлын хүрээнд хоёр орны хөрөнгө оруулалтын орчныг танилцуулах, төслүүдэд гарын үсэг зурах ба төсөл хөтөлбөр хэлэлцэх уулзалт болж байна. Харин “Монгол-Хятадын экспо”-г зохион байгуулснаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад оролцох алхмыг улам бүр эрчимжүүлж, дэлхийн улс орнуудтай харилцаа хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлэх, үндэсний бараа, бүтээгдэхүүнийг бусад оронд сурталчлан таниулж, борлуулах, БНХАУ-ын зах зээлд нэвтрэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг авах болно.  

    Энэ удаагийн экспод Монгол Улсаас хөдөө аж ахуйн түүхий эд, эм эмийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, оёмол, сүлжмэл, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын 420 гаруй ААН оролцож байна. Мөн 30 гаруй орон урилгаар, ОХУ зочин орноор оролцож байгаа юм. “Нэг бүс, нэг зам” санаачилгад нэгдсэн 20 гаруй улс, Номхон далай, Зүүн Өмнөд Азийн 10 орчим улс урилгаар оролцож байна.

    Энэ удаагийн экспо  нь  БНХАУ, Монголын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг нягтруулна гэж зохион байгуулагчид онцолж байна. Зөвхөн бараа бүтээгдэхүүн борлуулахаас илүүтэй хоёр улсын бизнесийн түншлэлийг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийн нүүр тулсан уулзалтуудыг зохион байгуулж, бодит төсөл хөтөлбөр эхлүүлэх боломжоор хангаж байгаа юм.

    Latest 150
    Latest 150